БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн баасан гаригт Арабын нэгдсэн Эмират улсад айлчилжээ. Тэрбээр Арабын нэгдсэн Эмират улсын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Рашэд ал-Мактоум болон ханхүү Шейх Мохаммед бин Заейд Ал-Нахян нартай уулзсан байна.
Тэд стратегийн түншлэлээ сайжруулж бэхжүүлэхийн зэрэгцээ өөрсдийн олон улсад эзлэх байр суурь сонирхлын тухай хэлэлцсэн аж. Уулзалтаар улсын мэдэлд орших “Abu Dhabi National Co” компаниас хятадын талд 1.6 тэрбум ам.доллараар үнэлэгдэх хоёр газрын тосны эрэл хайгуулын гэрээг гардуулан өгчээ. Тус гэрээний дагуу Хятадын компани BGP Эмират улсын нутаг дэвсгэрт 53 мянган квадрат километрийн орчинд газрын тосны эрэл хайгуул хийх боломжтой болох юм байна.
Мөн Арабын Нэгдсэн Эмират улсын эзэмшил DP World компани Хятадын засгийн газартай хамтарч Дубай хотод шинэ худалдааны бүс байгуулах болсноо зарлажээ. Хятад улсаас хэрэгжүүлж буй “Нэг бүс, Нэг зам” нэртэй төсөл нь хуучны торгоны замыг шинэчилж дэлхийн олон улс орнуудыг авто зам, төмөр зам болон усан боомтуудаар холбож худалдаа наймааг нээлттэй, эдийн засагт урсгал оруулж ирэх амбицтай төлөвлөгөө аж. Үүний нэг хэсэг нь Дубай хотод худалдааны бүс байгуулахаас эхэлж байна.
Арабын нэгдсэн Эмират улсад айлчилсан Ши Жиньпин одоо Сенегал, Руанда болон Өмнөд Африк зэрэг улсуудад айлчлах төлөвлөөгөөтэй байгаа аж.
Г.БАТМАНДАХ
Эх сурвалж: Straits Times, AFP