Цэцэрлэгийн хүүхдийг бүртгэх цахим бүртгэлийг ирэх долоо хоног буюу долдугаар сарын 25-аас эхлүүлнэ. Цахим бүртгэл ирэх наймдугаар сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Энэ хугацаанд амжиж бүртгүүлэх ёстой. Мөн “Цахим бүртгэл” дууссаны дараа хэрвээ шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг наймдугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагт нэгэн зэрэг явуулах юм байна.
“Цахим элсэлт”-ийн дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчдын гар утсанд мессэжээр илгээнэ.
Харин шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн, бүртгэлээ баталгаажуулсан хүүхдүүдтэй гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа наймдугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулна. Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэлийг наймдугаар сарын 27-29-ний өдрүүдэд, ажлын цагаар тухайн цэцэрлэг дээр тус тус зохион байгуулагдахаар төлөвлөөд байна.