Д.Мурат гишүүн үерт автсан нутгийн иргэддээ туслах уу

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Д.Мурат гишүүн үерт автсан нутгийн иргэддээ туслах уу

Д.Мурат гишүүн  үерт автсан нутгийн иргэддээ туслах уу

Баян-Өлгий аймагт энэ сарын 14-16-ны өдрүүдэд орсон борооны улмаас Өлгий сумын нийт найман багийн 530 айл өрхийн 2500 гаруй иргэд, 1636 хүүхэд, 159 өндөр настан, 123 хөгжлийн бэрхшээлтэй иргэд гамшигт нэрвэгдсэн.

Мөн энэ үеэр гурван иргэн хүнд бэртэж, 220 гаруй өрхийн 1560 орчим иргэнийг аюулгүй газар буюу Ховд их сургууль, бусад сургуулийн дотуур байр, цэцэрлэг зэрэг найман байрлалд 670 орчим иргэнийг түр хоргодох байраар хангаж, 60 орчим өрхийн нүүлгэн шилжүүлж, 5,1 км үерийн далан босгож, хоол, хүнс ханган ажиллаж байгаа гэдгийг холбогдох албанынхан мэдээлсэн.

Түүнчлэн Онцгой комиссоос Баян-Өлгий аймгийн иргэдэд улсын нөөцөөс таван ханатай гэр 80, бохирын машин, ус зөөвөрлөх машин болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх автомашиныг гаргахаар шийдвэрлэсэн юм.

Энэхүү хүнд цагт баян-өлгийчүүд  нутгийн гишүүнээ туслах болов уу гэсэн битүүхэн хүлээлттэй байгаа аж.  Энэ талаар тодруулахаар УИХ-ын гишүүн Д.Муратын гар утас руу нь залгасан боловч холбогдох боломжгүй байлаа. Тэрбээр  өнгөрсөн өдрүүдэд төрөлх Дэлүүн сумынхаа ойн баярт оролцож байгаа тухайгаа өөрийн нүүр номын хуудаснаа нийтэлжээ.  Сумынхаа түүхт 80 жилийн ойн баярт зориулж УИХ-ын гишүүн Д. Мурат хувиасаа 40,000,000 (40 сая) төгрөгийн хандив өргөжээ. Үүний  31 сая төгрөгийг Дэлүүн сумын 80 жилийн ойн баярын хандивын дансанд шилжүүлсэн бол, 5 сая төгрөгийг ‘Дэлүүн-киелі ұйық’ түүхийн номыг, 4 сая төгрөгийг «Дэлүүннің 80 жылын 80 ақын жырлайды» нэртэй Дэлүүн сумаас гаралтай яруу найрагчдын шилдэг шүлгийн түүвэр номыг хэвлүүлэхээр тус тус хандивласан байна.

Тус аймгийн Нутгийн зөвлөлөөс үерт нэрвэгдсэн иргэдэд туслах хандивын аян эхлүүлээд байгаа аж.  
“Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэдэг ухаант ардынхаа үгийг санан Д.Мурат гишүүн нутгийн иргэддээ туслах эсэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох биз ээ.

Э.ЖОНОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж