Харааны бэрхшээлтэй иргэд кофе шопт ажилладаг боллоо

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Харааны бэрхшээлтэй иргэд кофе шопт ажилладаг боллоо

Харааны бэрхшээлтэй иргэд кофе шопт ажилладаг боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Сafe more” кофе шоп өнөөдөр /2018.7.20/ нээгдлээ. Уг шопод харааны 60-90 хувийн бэрхшээлтэй дөрвөн иргэд ажиллаж байгаа юм. Тэд нээлтэд ирсэн зочдыг дайлж, хамаг хурдаараа ажиллаж байв. Ажиллаж байгааг нь харсан хэн ч харааны бэрхшээлтэй иргэд гэдэгт нь эргэлзэхээр. Урт хугацаанд сургалтад хамрагдаж, дадлагажсаны хүчинд тэд ийм чадварлаг болжээ.  

Тэдний нэг нь О.Гансүрэн нээлтэд хүрэлцэн ирсэн зочдод үйлчлээд тун завгүй байхад нь түүнээс зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Өмнө нь олон улсын байгууллагад менежерээр ажиллаж байсан. бариста бэлтгэх сургалтад дөрвөн сар суугаад, энэ шопод ажиллаж байна. Шинэ ажил тун сонирхолтой байна. Энд удаан ажиллах төлөвлөгөөтэй байгаа” гэлээ.

Есдүгээр сард дахин нэг кофе шоп байгуулна

БНСУ-ын “Siloam” харааны бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэг, Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-гийн санхүүжилтээр уг кофе шопыг нээж байгаа юм. Нээлтийн үеэр “Siloam” харааны бэрхшээлтэй иргэдийн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Чой Донг Икээс төслийн хүрээнд харааны бэрхшээлтэй хэчнээн хүнийг ажлын байртай болгож байгаа болон цаашид ямар ажил хийх талаар тодруулсан юм.

Тэрбээр “Монгол Улсад урьд нь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан компьютерийн мэдлэг олгох сургалт зэрэг олон сургалт, төсөл хэрэгжүүлж байсан. Олон төсөл дундаас энэ удаагийнх хамгийн шинэлэг нь. “Сafe more” төсөл Монголд хоёр жил үргэлжилж байна. Үр дүнгээс нь шалтгаалан төслийг цааш үргэлжлүүлэх эсэхээ шийднэ. Төслийн хүрээнд гурван удаагийн сургалтаар 16 бариста бэлтгэсэн. Үүнээс ес нь ажлын байртай болсон байна. Цаашид энэ тоо улам нэмэгдэнэ гэж найдаж байна. Одоогоор зургаан оюутан баристагаар суралцаж байгаа. Сайхан мэдээ дуулгахад ирэх есдүгээр сард дахин нэг кофе шоп байгуулна. Мэргэжил олгох сургалтад хамрагдаад ажлын байртай болох магадлал 30 хувьтай байдаг бол энэ удаагийн сургалтад хамрагдсан иргэдийн 50-иас илүү хувь нь ажлын байртай болж байгаа” гэлээ.

ХБИ-ийн ажил эрхлэлтэд жилд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөдөг

Монгол улсад 16000 харааны бэрхшээлтэй иргэн байдаг. Тэд бүгд хөдөлмөр эрхлэхийг эрмэлздэг ч  харааны бэрхшээлтэй хөдөлмөрийн насны нийт иргэдийн 4.5 хувь нь л ажил эрхэлдэг аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангахын тулд ямар ажил хийж байгаа талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамираас тодрууллаа.

Тэрбээр “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг нэмэгдүүлж, ажил эрхлэлтийг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлдэг. Жил бүр дөрөв орчим тэрбум төгрөг төсөвлөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг дэмжих аж ахуйн нэгж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асраад гэртээ байгаа иргэдэд зориулан ажил өрнүүлдэг. Энэ хүрээнд 2017 онд 4.2 тэрбум төгрөг төсөвлсөн. Үүний дүнд 6000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөтөлбөр, төсөл, ажлын байранд хамруулсан байдаг. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. Үүний нэг нь “Сafe more” төсөл байлаа. Бид бодлогын төвшинд төслийг дэмжин өөрийн яаманд уг кофе шопыг байрлуулаад байна’ гэсэн юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж