Ерөнхийлөгч Х.Баттулга гурав хоногийн өмнө УИХ-ын даргад ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай албан бичиг илгээсэн. Гол агуулга нь УИХ-ын 26 гишүүний гарын үсэгтэй “төрийн албыг арилжаалсан “60 тэрбумын хэрэг”-ийг замхран дарагдуулсан Х.Энхжаргал ажиллаж чадахгүй байгаа тул цаашид уг албан тушаалыг хаших боломжгүй гэж үзэн УИХ-ын 2016 оны долдугаар сарын 08-ны өдрийн 07 дугаар тогтоолыг хүчингүй болгох асуудлаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлага” бүхий албан бичгийг 2018 оны долдугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаас болсон гэнэ. Ингээд “Авлигатай тэмцэх газрын удирдлагуудыг солин, үйл ажиллагааг нь эрчимжүүлж, үр дүнтэй шударга ажиллуулах шаардлага тавьж байгааг УИХ-д уламжлан, бүрэн эрхийнх нь хугацаа дуусгавар болсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг сольж, орных нь хүнийг томилох саналаа хуулийн дагуу хүргүүлсэн боловч хууль зөрчин хаацайлсаар өнөөг хүрч байна” хэмээгээд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах хойшлуулшгүй шаардлага байна гэж үзэн өөрийн саналыг үүгээр хүргүүлж байгаагаа дурджээ.
Ерөнхийлөгчийн хүргүүлж байсан орных нь хүнийг томилох санал гэдэг нь 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны орой “олон нийтийн” санал асуулгаар тодорсон ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир тэргүүлж, ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайхан нар. Өөрөөр хэлбэл, Д.Даваа-Очир АТГ-ын дарга, Ж.Батсайхан АТГ-ын дэд дарга болох учиртай байж. Сүүлийн томилгоонуудаас харахад АТГ-ын дэд дарга АТГ-ын даргаас илүү маневртай тоглолт хийж олны анхаарлыг татдаг болсон. Б.Хурц Н.Ганболд даргаас илүү “тод” байсан байх аа.
Х.Энхжаргалыг “шахаад” байгаа шалтгаан нь ШХАБ-д элсүүлэх ажлыг түргэвчлүүлж өгөхгүй байгаа М.Энхболд. Түүнд “60 тэрбумын хэрэг”-ээр хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа нь Х.Энхжаргалын “муу ажиллаж” байгаа гол үзүүлэлт. АТГ-ын дэд даргаар ажиллаж буй Ц.Нямдоржийн оронд Э.Бат-Үүл даргын үед Нийслэлийн газрын албаны даргаар ажиллаж байсан Ж.Батсайханыг авчраад томилчихвол үнэ цэнэтэй шалтгаан олоод ирэх юм биш байгаа, үгүйдээ л гэхэд АТГ-т хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалын гэмт хэргийн талаар олон нийтэд мэдээлэл хийсээр сурчихсан яг тохирох кадр гэж тэд үзсэн бололтой. Ингээд олон нийтийн санал асуулгыг үндэслэл болгохыг эрмэлзсэн.
Хятадын дарга Си Жиньпин өөрийн хүслээр эс шийдэгдэх зарим асуудлаар “олон нийтийн санал асуулга”-ыг ашигладаг. Гэсэн ч хүссэн хариу нь тэр бүр гардаггүй. Жишээ нь 2014 онд Хонконгод ардчилсан сонгууль явуулах эсэх талаар бүх нийтийн санал асуулгыг 10 хоногийн хугацаатай явуулсан. Гэтэл хүсээгүй хариу нь гарахад “Санал асуулгын үр дүнг зөвшөөрөхгүй” гэсэн. Гэвч тэрбум хүн амтай улс, гурван сая хүнтэй улсад санал асуулга явуулах нь тун харьцангуй учраас тактикийг нь импортлоход ч асуудалтай.
Нөгөөтэйгүүр АТГ-ын дарга, дэд даргад өрсөлдөгчдөөс шаардлага хангасан бөгөөд хамгийн өндөр санал авсан энэ хоёр хүнийг “тулган шаардах” гэж байгаа бол АТГ-ыг хараат байгууллага болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх, эсвэл татан буулгахаас аргагүй юм.
Ж.Батсайханы тухайд “хамт өрсөлдсөн” З.Энхболдтой “төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр болон ТӨХ гэдэг байгууллагын асуудлаар” цагдаагийн тусгай гуравдугаар тасагт мэргэн буудагч байхдаа хамтарч ажиллаж байсан гэдэг сонирхолтой цадигтай.
Харин Д.Даваа-Очир нь ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн, тэндээ доктор хамгаалснаас эхлээд ШШГЕГ-ын дэд дарга, Төрийн албаны зөвлөлд Орон тооны гишүүн, ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга гэхчлэн тун зөв харагдахуйц намтартай, салбарынхан нь удам судраар нь анддаггүй аж. Тэгэхээр “гуя дагуулж хүзүү” гэгчээр энэ хоёрыг “холбоод” томилчихвол амар л байгаа байх.
Гэвч томилох арга зам нь маш бартаатай. Эхлээд Х.Энхжаргалыг “зайлуулах” хэрэгтэй байдаг. Өнөөх нь хуулиараа бол эсвэл нас барах, эсвэл өргөдлөө өгөх ёстой. Хэнийг нь ч яаж ч барьцаалсан Н.Ганболд шиг шалтаг бичээд өргөдлөө өгөх эр биш бололтой.
Ингээд мөнөөх л АТГ-ын дэргэдэх ОНЗ-ийн Г.Баасангаараа эхлээд мэдээлэл хийлгэж Х.Энхжаргал, С.Баяр нарыг архи уусан, айлгаж дарамталсан гэж яриулав. Г.Баасанг нь гүтгэсэн гэх асуудлаар цагдаагийн байгууллагад хандчихаад байгаа юм билээ. Тэгмэгц Ерөнхийлөгч УИХ-ын даргад албан бичиг бичиж тэр оройноос нь эхлээд С.Баяр, Х.Энхжаргалын өрөө рүү орж яваа бичлэгийг сошиалаар тараалаа. Араас нь аваад орсон аяга хоолыг идсэн эсэх нь ч батлагдаагүй л дээ. Гэвч үүргээ биелүүлсэн биз, “ямар муухай дарга вэ, шалгуулж байгаа хүнийг дайлж цайллаа” гэцгээх хүн олдов. Ингээд 2014 онд өрнүүлсөн “60 тэрбумын тухай яриа” 2017 оны сонгуулиар “хэрэг болсон” шиг энэ оны тавдугаар сарын 3-ны Х.Энхжаргалын өрөө рүү орсон С.Баярын бичлэг эдүгээ М.Энхболдыг ээлжит бус чуулганыг зарлуулах, Х.Энхжаргалыг уг чуулганаар огцруулах “эрэг шураг” болж байна.
Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын 26 гишүүнтэй хүч хавсран АТГ-ын даргыг л солиулахын төлөө хуралдуулах ээлжит бус чуулганаас юу шийдэгдэх ёстой, тэр нь өөрт нь ямар ашигтай юм бол. Шалгачихсан хэргүүдийг шалгуулж цаг барах уу, эсвэл шалгасан ч хүссэн дүгнэлт нь гарахгүй болохоор “Хэе, баян Павел, чамд намайг согтоох архи байна уу” гэдэг шиг “М.Энхболдыг яллаад өгөх АТГ-ын дарга хэрэгтэй” байна уу.
Одоогоос сар орчмын өмнө буюу 2018 оны зургадугаар сарын 26-нд АТГ мэдээлэл хийхдээ “Ерөнхийлөгч Х.Баттулгад холбогдох хэргийг юу болж байгаа вэ? Өмнөд Солонгосын иргэдтэй холбоотой асуудлыг л шийдвэрлэсэн байсан” гэсэн асуултад тус байгууллыг Э.Идэрцог төлөөлж “Өмнөд Солонгосын иргэдтэй холбоотой асуудлыг тусгаарлаад прокуророор хянагдаад шүүхээр шийдвэрлэгдэж ял шийтгэл авч шийтгэгдсэн. Бусад нэр бүхий хүмүүсийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлээд явагдаж байгаа” гэсэн. “Зарим хүмүүсийг Интерполоор эрэн хайх ажиллагааг зогсоосон гэж мэдээ гарсан байсан. Тэгэхээр шалгагдаж байгаа гэж ойлгож болох уу” гэхэд “Шалгагдаж байгаа” гэсэн. Тэгэхээр хуучирсан “Шинэ төмөр зам” төслийнхний айдас арилаагүй байна. Шалгагдаж дуусаагүй байна. АТГ-ын дарга таалагдахгүй, өөрт нь татагдахгүй байна. Ийм л шалтгаанаар АТГ-ын даргатай тэмцэж үүнийгээ авлигатай тэмцэж байна гэж үзээд байгаа бололтой.
Ер нь дарангуйлагч маягийн Ерөнхийлөгч нар иймэрхүү дүр эсгэсэн маягаар авлигатай тэмцдэг байдал ажиглагддаг. Одоогоос таван жилийн өмнө БНХАУ-ын дарга Си Жинпин авлигатай хатуу тэмцэж байгаагаа зарласан. Тэрбээр Сангийн сайдаа, Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дэд даргаа авлигын хэрэгт холбогдуулан шалгуулав. Улстөрчдөө баахан цагдаж талцуулсан хэрнээ авлигын эсрэг дуугарч жагсаал хийсэн хүмүүсийг бас баривчлаад байсан. Энэ нь Си Жинпиний бодлого нүд хуурах төдий алхам гэж үзэх болсон. Нөгөөтэйгүүр албан тушаалтнуудаас орлогоо зөв мэдүүлэхийг шаардсан хүмүүсийг баривчилсан явдал нь Хятадын Засгийн газар авлигатай төдийлөн хатуу тэмцэхгүй байгаагийн илрэл болж харагдаж байна” хэмээн Хүний эрхийн талаарх судалгаа явуулдаг шинжээч Николас Бикуэлин “New York Times” сонинд өгсөн ярилцлагадаа дурдаж байсан. Үүний дараа Ши Жиньпин Засгийн газрын мэдэлд байдаг 8500 орчим автомашинд GPS суулгаж шатахууны хэрэглээг нь хянаж машин тус бүрт зарцуулах зардлаас долоо хоног бүр 805 ам.доллар хэмнэсэн гэсэн сурталчилгаа хийсэн ч, нэгэн мужийн намын удирдлагуудаа цагдаагаар тагнуулж биеэ үнэлэгчидтэй цэнгэж байгаа бичлэгт нь үндэслэн хариуцлага тооцсон ч авлигатай чин үнэнээсээ тэмцэнэ гэдэгт нь ард олон нь итгэж чадахгүй байв. Ямар сайндаа тэр үед “Авлигатай тэмцэх муухай. Ядаж л Хятадын тансаг хэрэглээний зах зээлд сөргөөр нөлөөлж эхэллээ” гэхчлэн хошигнож байв. Энэ талаар Хятадын бизнесийн сэтгүүл болох “CBN weekly”-ийн сэтгүүлч Анн Жан “Авлигатай тэмцэх нь тансаг хэрэглээг хязгаарлах нэг алхам болж тэр хэрээрээ зах зээл нь хумигдаж эхэллээ” гэж дүгнэсэн байдаг. Тэрбээр “сүүлийн зургаан жилд анх удаа тус улсын тансаг хэрэглээний бүтээгдэхүүний эрэлт суларлаа. “Gucci”, “Dior” зэрэг маш олон брэндийн борлуулалт буурч зөвхөн тансаг хэрэглээний бараа худалдаалдаг Бээжингийн “Шин Конг плэйс” худалдааны төвд Швейцарьт 81 мянган ам.доллараар зарагддаг “Cartier”-ийн цагны эрэлт хүртэл буурлаа гэж бичиж байв.
Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үндэстэн дамжсан корпорациудын авлига, хууль бус үйл ажиллагаатай тэмцэх ажилд АНУ-ын манлайлсан шалтгаан болох Гадаадын төрийн албан хаагчийг хахуульдахын эсрэг хуулийг эсэргүүцсэн. Энэ хуулиар АНУ-ын газрын тос, байгалийн хий болон уул, уурхай компаниудын гадаадын засгийн газарт төлсөн ашиглалтын зөвшөөрөл, татвар бусад төлбөрийг ил болгох байсныг эсэргүүцсэнээр газрын тосны томоохон компаниуд Ерөнхийлөгчөөр хамгаалуулж тайлангаа 2019 он хүртэл саатуулж, Ерөнхийлөгч нь “АНУ-ын хил, гаалийн дүрэм, журам олон, татвар хэт өндөр зэрэг нь бизнесийн үйл ажиллагаанд саад тотгор учруулж байна”, “Өрсөлдөх чадварыг буурууллаа, эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгоход сөргөөр нөлөөллөө” гэхчлэн хуулийг эсэргүүцэж байна. Энэ нь ил тод байдлын эсрэг төдийгүй авлигыг өөгшүүлсэн явдал гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм.
Төрийн тэргүүн хүн авлигатай тэмцэж болох тэр л аргаар Ерөнхийлөгч маань авлигатай тэмцэж байна. Гэхдээ өөрийнх нь Ерөнхийлөгч болоогүй байх үедээ холбогдож байсан зарим асуудлаас болоод авлигатай тэмцэх эсэхэд нь эргэлзэж, АТГ-ын даргатай тэмцэх тэмцлийг нь гайхшираад байгаа хэрэг. Нэгэнт Ерөнхийлөгч албан бичгээ илгээсэн болохоор хариу заавал ирж таарна. УИХ-ын ээлжит бус чуулган АТГ-ын даргын асуудлаас болж хуралдах уу. Эсвэл урьд нь санал болгож байсанчлан гарын үсэг зурсан 26 гишүүнээ хүндэтгэн Хууль зүйн байнгын хороог хуралдуулж нээлттэй сонсгол хийгээд асуудлыг шийдвэрлэх үү гэдэг нь УИХ-ын даргын бүрэн эрхийн асуудал болж үлдлээ. Харин АТГ-ын даргад хариуцлага тооцлоо гэхэд “өргөдөл өгүүлэх” л ганц боломж бий. Мөн орны хүнийг нь олон нийтийн санал асуулгын “баатрууд” эзлэх үү гэвэл арай л болоогүй биз ээ.