Моторт завьтай залуу 100 гаруй иргэнийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2018.07.20-нд нийтлэгдсэн

Моторт завьтай залуу 100 гаруй иргэнийг аварчээ

Моторт завьтай залуу 100 гаруй иргэнийг аварчээ

Японы баруун нутгуудад долдугаар сарын эхээр хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж, гамшгийн хэмжээнд хүрсэн.  Энэ үеэр моторт завь жолооддог залуу 100 гаруй хүнийг аварчээ.

29 настай Шойчи Найто барилгын ажилчин бөгөөд Окаяама мужид байрлах Мабичо тосгоны зэргэлдээх хот Сожад амьдардаг ажээ. Тэрбээр долдугаар сарын 7-ны өглөө өөрийн багын найз 25 настай Кейсүке Үеморигоос дуудлага хүлээн авсан байна.

“Миний ээж гэрийнхээ дээвэр дээр байна. Чи түүнийг аварч чадах уу?” гэсэнд Шойчи Найто “Одоо очлоо” хэмээн хариулсан аж.

Найто найзаасаа моторт завь авч үдээс хойш нь үер буусан Окаяама мужийн Мабичо тосгон руу туслахаар явжээ. Түүнийг очиход үерийн усны төвшин нэмэгдсээр  барилгуудын дээвэрт хүрсэн аж.

“Надад туслаач!”, “Бидэнд туслаач!”, “Энд байна, нааш ир!”

“Би та нарыг орхихгүй ээ. Эргэж ирнэ, хүлээж байгаарай” хэмээн Найто тусламж эрсэн хүмүүст хэлж байжээ.

Үерлэсэн устай газраар моторт завиар Найто явж байхад гэрийнхээ дээвэр дээрээ толгой хоргодох олон хүмүүс түүнээс тусламж хүсчээ. Тэрбээр хамгийн эхэнд багын найз Кейсүке Үеморигын эхийг аварч чадсан байна. Дараагаар нь Найто жолоодох моторт завины хамтаар үерийн улмаас дээвэр дээрээ хоргодож байсан иргэдийг аварч эхэлжээ. Нас дээр гарсан олон хөгшид өөрсдийн амьдрах гэрийнхээ дээвэр дээр гарсан байсан бөгөөд түргэн тусламж, гал хамгаалах зэрэг аврах албаныхныг дуудсан боловч ирээгүй аж.

“Би эхлээд хүүхдүүдийг авраадахъя! Би буцаж ирнэ… та хүлээж байгаарай! Тэсдэг юм шүү” гэж Найто 73 настай Тадаёоши Иватад хандаж хэлсэнд Ивата хөгшний сэтгэлийг тайвшруулж тэрбээр ч амласандаа хүрч эргэн иржээ.

“Өвөө би таны амийг аварлаа, та одоо урт удаан амьдардаг юм шүү” гэж Найто Иватаг аюулгүй газарт аваачсан хойно хэлсэнд Ивата баярлаж нулимс дуслуулжээ.

“Ноён Найто бол манай тосгоны баатар. Тэр бол аврагч” гэж Тадаёоши Ивата  сэтгүүлчдэд ярьжээ.

15 цагийн турш Найто моторт завины хамтаар хүмүүсийг аврахаар ажиллахдаа 120 орчим хүнийг аюулгүй газарт хүргэж өгчээ. Тэрбээр цааш үргэлжлүүлэн хүмүүсийг аврах гэсэн боловч бие нь ядарч хөдлөх аргагүй болсон аж.  Хэд хоногийн дараагаар тэрбээр Мабичо тосгонд сайн дураараа туслахаар дахин эргэн ирсэн юм. Түүний зүсийг таньсан хэн бүхэн л сэтгэлээсээ талархаж сайхан үгсээр мялаасан аж.

“Хүмүүсийн талархлыг сонсоход миний хичээл зүтгэл талаар болоогүй юм шиг санагдаж байна” гэж Шойчи Найто ярьжээ.

Зүүн талаас Шойчи Найто түүний баруун талд найз Кейсүке Үемори

Г. Батмандах

Эх сурвалж: Asahi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж