МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Чингис” шатрын клубын үүсгэн байгуулагч Б.Баярааг энэ сарын 18-нд хүлээн авч уулзжээ.
Энэ үеэр шатрын “А” зэрэглэлийн тэмцээн Монголд анх удаа зохион байгуулах гэж буй талаар тус шатрын клубын үүсгэн байгуулагч танилцуулаад хамтран ажиллах, дэмжигч байгууллага болох санал тавьсан юм байна. МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Монгол хүүхэд залуучуудад оюуны боловсрол олгох авьяаслаг өсөх ирээдүйтэй шатарчдыг бага наснаас эхлэн тодруулан гаргаж тэднийг системтэйгээр мэргэжлийн төвшинд бэлтгэж дэлхийд данстай тамирчид болгох их үйлсэд нь амжилт хүсье. МҮЭ-ийн холбоо ямагт хөдөлмөрчдөө дэмжиж, тэдний дуу хоолой болдог байгууллага хэмээгээд дэмжигч байгууллагаар хамтран ажиллахдаа таатай байна” гэжээ.
Ирэх наймдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болох Олон улсын “А” зэрэглэлийн энэхүү тэмцээнд АНУ, Орос, Энэтхэг, Азарбажайн, Монгол улсын шатрын 10 их мастер авхайлж самбаа, оюун ухаанаа сорих аж.
Тус шатрын клуб нь энэ оны эхнээс Монголд үйл ажиллагаагаа эхлүүлж ганцаарчилсан болон бүлгийн сургалтууд хичээллүүлэхээс гадна өсөх ирээдүйтэй өсвөрийн шатарчдыг шалгаруулан авч үнэ төлбөргүй сургалтанд хамруулдаг байна. Түүнчлэн Чингис шатрын клубын нэрэмжит дэлхийн шилдэг шатарчдыг урьж оролцуулдаг Chinggis Invitational тэмцээнийг уламжлал болгон 2015, 2016, 2017 онуудад АНУ-д амжилттай зохион байгуулсан төдийгүй энэ удаагийн тэмцээн нь тэдний нэрэмжит дөрөв дэх тэмцээн болох аж.
Г.ХОРОЛ