Энэ оны Хадгаламж, зээлийн хоршооны Дэлхийн чуулга уулзалт (World Credit Union Conference-2018) Сингапур Улсад дөрвөн өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Чуулганд нийт 58 улсын 1400 гаруй төлөөлөгч оролцож, санхүүгийн үйлчилгээнд шинэ, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, финтек буюу технологид суурилсан санхүүгийн харилцаанд аюулгүй байдлыг хангах тухай үндсэн сэдвийг хэлэлцэв. Мөн дэлхий дахины санхүүгийн харилцаанд хадгаламж, зээлийн хоршоодын нөлөөлөл, манлайллыг дээшлүүлэх, хөгжлийн шинэ, дэвшилтэт чиг хандлагыг түгээн дэлгэрүүлж, үйлчилгээний нэр төрөл, гишүүдийн оролцоог нэмэгдүүлж хүртээмжийг сайжруулах зэрэг олон талын асуудлыг 20 гаруй салбар хуралдаан, уулзалт, семинараар хөндөн ярилцсан байна. Чуулганы хүрээнд Глобал эмэгтэйчүүдийн болон залуу хоршоологчдын чуулга уулзалтууд болж, тус тусын үйл ажиллагааны ахиц дэвшил, тулгамдсан асуудал, зорилго чиглэлээ хэлэлцэн шийдвэрлэлээ.
Чуулга уулзалтаар Дэлхийн Хадгаламж, зээлийн хоршооны Зөвлөл (ДХЗХЗ, World Council of Credit Unions, WOCCU)-ийн Захирлуудын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ. Захирлуудын зөвлөлийн бүх гишүүд хоёр жилийн хугацаатай сонгогддог бөгөөд тус зөвлөлийн даргаар АНУ-ын Unitus Community Credit Union (UCCU) байгууллагын ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Стивен Стапп сонгогдов. Мөн Зөвлөлийн дэд дарга бөгөөд нарийн бичгийн даргаар Рафал Матусяк, Санхүүгийн алба болон Аудит, эрсдэлийн удирдлагын хорооны тэргүүнээр хатагтай Даяана Дикстра, Засаглал болон сонгуулийн хорооны даргаар хатагтай Марта Дурдин нар ажиллахаар боллоо.
ДХЗХЗ бол олон улсын хадгаламж, зээлийн хоршоодын тогтвортой хөгжлийг дэмжиж, санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх хөтөлбөрүүдийг дэлхий дахинд хэрэгжүүлдэг хөгжлийн агентлаг юм. Тус Зөвлөлөөс хэрэгжүүлж буй техникийн туслалцааны 300 орчим хөтөлбөр эдүгээ дэлхийн 90 шахам оронд амжилттай хэрэгжиж, хоршоодын санхүүгийн гүйцэтгэлийг сайжруулах, үйлчилгээний хүрээг тэлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл, тоо, чанарыг нэмэгдүүлэх болон сайн туршлагыг харилцан нэвтрүүлэхэд бодитой хувь нэмэр оруулдаг юм.
Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО