УИХ-ын нэр бүхий 25 гишүүн ээлжит бус чуулган хуралдуулахаар наадмын өмнө УИХ-ын даргад хандсан. Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл лхагва гаригт хуралдаж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороог хуралдуулахаар болжээ. Ингэснээр ээлжит бус чуулган зарлах эсэхийг Хууль зүйн байнгын хороо шийдэхээр болсон байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ анх 60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлт гаргаж, 19 гишүүн дэмжин хаврын чуулган завсарлахын өмнө УИХ-ын даргад өгсөн. УИХ-ын дарга хуулийн дагуу энэ асуудлыг Хууль зүйн байнгын хороо шийдвэрлэх ёстойг хэлж, тус байнгын хороонд шилжүүлсэн. Гэвч өнөөдрийн хүртэл Хууль зүйн байнгын хороо ямар нэг хариу ирүүлээгүй бөгөөд нээлттэй сонсгол хийх эсэх талаар санал гаргасан гишүүдэд “Прокурорын газарт хүсэлтээ өгсөн, хариу ирээгүй” гэсэн шалтгаанаар нээлттэй сонсгол хийх эсэх нь тодорхойгүй байсан юм. Тус байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ч хаврын чуулганы хаалтын үеэр “60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийх санал өмнө нь Ерөнхийлөгчөөс ирж байсан. Тухайн үед прокуророос санал авсан боловч шалгагдаж байгаа хэргийн талаар нээлттэй сонсгол хийх боломжгүй’ гэх хариултыг өгч байсан. Тиймээс Ерөнхийлөгчийн саналын дагуу нээлттэй сонсгол зохион байгуулаагүй. Энэ удаад Хууль зүйн байнгын хороо мөн прокурорын байгууллагаас санал авна, боломжгүй болов уу” гэх зүйлийг хэлж байсан. Нээлттэй сонсгол зохион байгуулах хүсэлт гаргасан Л.Оюун-Эрдэнэ гишүүн ч гэсэн Хууль зүйн байнгын хороо прокурорын байгууллагад саналаа хүргүүлсэн, удахгүй хариу өгнө гэж өмнө нь хэлж байсан юм. Гэвч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн байнгын хороо тодорхой хариу өгөхгүй байгаа учраас ийнхүү энэ асуудлаар ээлжит бус чуулган зарлуулахаар 25 гишүүний гарын үсэгтэй бичгээ хүргүүлж байгаагаа тодотгосон. Ийнхүү УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, 19 гишүүн дэмжиж санал ирүүлсний дагуу Хууль зүйн байнгыг хороог хуралдуулахаар болжээ. Хэрэв Хууль зүйн байнгын хороо хуралдаж, нээлттэй сонсгол хийхээр бол ээлжит бус чуулганыг зарлуулах шаардлагагүй болж магадгүй болох аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Хууль зүйн байнгын хороо ирэх долоо хоногт хуралдаж, ээлжит бус зарлах уу, нээлттэй сонсгол явуулах эсэхээ шийдэх юм байна.
Ш.ЧИМЭГ