Ой тогтоолтын спортоор хичээллээд дөнгөж нэг жил болж байгаа ч гайхалтай амжилт үзүүлж, “Гиннесийн ном”-д бичигдээд байгаа ой тогтоолтын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олон улсын их мастер, Монголын оюун ухааны академийн (МОУА) ихэр тамирчин Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцохоор болжээ.
Тодруулбал, Оросын ‘Incredible People’ буюу ‘Гайхамшигт хүмүүс’ нэвтрүүлгээс МОУА-ийн тамирчдад урилга ирүүлжээ. Ингэснээр тус академийн захирал, дасгалжуулагч Х.Хатанбаатар, ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр гурван уг нэвтрүүлэгт оролцох юм байна.
МОУА-ийн ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар нь өнгөрсөн онд БНХАУ болсон 100 мянган ам.долларын шагналын сантай ой тогтоолтын тэмцээнд амжилттай оролцон, дэлхийн рекордыг шинэчилж улмаар ‘Гиннесийн ном’-д бичигдсэн юм.
Сонирхуулахад, МОУА-ийн тамирчид АНУ, Англи, Хятад, Энэтхэг, Солонгос, Сингапур, Турк, Герман зэрэг олон улсын 47 тэмцээнд амжилттай оролцон 770 медаль хүртээд байгаа билээ.
Р.Ренчиндулам