Ардын засгийнхан агентлаг байгуулж, бэлэглэдэг болсон уу?

Хуучирсан мэдээ: 2018.07.19-нд нийтлэгдсэн

Ардын засгийнхан агентлаг байгуулж, бэлэглэдэг болсон уу?

Ардын засгийнхан агентлаг байгуулж, бэлэглэдэг болсон уу?

МАН-ынхан сонгуулийн дараа байгуулсан Мэргэжлийн Засгийн газраа огцруулж, Ардын засгийг байгуулсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа авсныхаа дараа “Өвлийн хүйтэнд сандал ширээ зөөхгүй, халаа сэлгээ хийхгүй” гэж мэдэгдэж байсан ч хэд,хэдэн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Засгийн газрыг огцруулах үед МАН-ын хоёрдугаар ээлж хоолондоо орлоо гэж ам дамжин ярьж байсан нь ийн биеллээ олсон. Үүнийг батлах мэт өнөөдөр ч Ардын засгийн халаа сэлгээ хаа сайгүй үргэлжилж байна. Нэгийг нөгөөгөөр сольж, нөгөөд шинэ агентлаг ‘бэлэг’ болгож өгөх жишээний.

Тухайлбал, ‘Эрдэнэс Тавантолгой’ компанийн гүйцэтгэх захирал Ц.Ариунболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б.Ганхуягийг томилонгуутаа, ‘Эрдэнэс Алт’ компани шинээр байгуулж, даргаар нь халсан захирлаа тавьсан. Мөн “Тавантолгой төмөр зам”, “Шивээхүрэн төмөр зам” компаниудыг шинээр байгуулж, бас л хэн нэгэнд бэлэглэх төлөвлөгөөг Засгийн газар боловсруулаад байгаа юм.

Ардын засгаас агентлаг бэлгэнд аваагүй ч албан тушаалаа сэлгэсэн эрхмүүд захаас аваад байна. Үүнийг энгийн ойлгомжтойгоор хэлбэл албан тушаалын тойрог гэж болох юм. Тухайлбал, ‘Эрдэнэс-Монгол’ ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Түмэнцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг тавьсан, цаашлаад Т.Түмэнцогтыг “Оюутолгой” ХХК-ийн төлөөлөл удирдах зөвлөлийн нэг гишүүнээр томилсон. Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга Ө.Энхтөрийг ажлаас нь чөлөөлж, түүнийг Хууль сахиулахын их сургуулийн захирал болгосон бол зөрүүлээд тус сургуулийн захирал С.Баатаржавыг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилох жишээний. Үүнээс гадна Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц ажлаа өгч, оронд нь Д.Гэрэл томилогдсон бол Б.Хурцыг БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохыг дэмжиж, ‘виз’ өгсөн. 

Өмнө нь намын харьяаллаасаа болж ажлаасаа нь халагддаг байсан бол өдгөө Ардын намынхан фракц, бүлгээр нь ялгаварлаж ажлаас нь халах болсон. Ямар ч байсан төрийн албаны халаа сэлгээний тэтгэмжид 8,8 тэрбум төгрөгийг улсын төсвөөс 2017 онд олгосон байдаг.

Харамсалтай нь, хоолондоо орсон хоёрдугаар ээлжийн араас гуравдугаар ээлжийнхэн ч гутлаа тослоод эхэлснийг улс төрийн хүрээнд ярьж байна. Хэрэвзээ Ардын засаг газар огцорвол ахиад л төрд халаа сэлгээ өрнөх нь ойлгомжтой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж