"Худалдаа хийх газар шийдвэл ногооны үнэ буурна"

Хуучирсан мэдээ: 2018.07.19-нд нийтлэгдсэн

"Худалдаа хийх газар шийдвэл ногооны үнэ буурна"

"Худалдаа хийх газар шийдвэл ногооны үнэ буурна"

Далбагар байцаа, аагтай сонгино гээд шинэхэн ургацын хүнсний ногоо иргэдэд хүрч эхэлжээ. Орон нутгаас ирсэн ногоочид “Барс” хүнсний захын хойд талд орших авто зам дагуух байруудын дунд шинэ ногоо худалдаалж байна. Шуудайтай ногоог эгнүүлэн тавьсан байхын зэрэгцээ цаасан хайрцаг, хөөсөнцөр дээр мөн дэлгэн тавьжээ. Энд лууван, байцаа, төмснөөс гадна өргөст хэмх, улаан лооль, салатны навч, вандуй, бууцай, хулуу, гоньд гээд нарийн ногоо хүртэл байна. Ногоочдын дийлэнх нь Төв аймгийн Жаргалант сум, Сэлэнгийн Зүүнхараагаас иржээ.

Худалдаачид ногоогоо жижиглэнгээр болон бөөнөөр нь худалдаж байна. Гэхдээ зөвшөөрөл авалгүйгээр худалдаа хийж байгаа аж. Энэ нь эргээд дарамт болж байгааг тэд хэлэв.

Өнөө жил шинэ ногооны үзэсгэлэн худалдаа болох эсэх, тэдэнд бүтээгдэхүүнээ борлуулах лангуу, түрээсийн газраар хангах эсэх тодорхойгүй тул  шинэ ургацын ногоогоо зөвшөөрөлгүй газар борлуулж эхэлжээ. Аль нэг дэлгүүр, захад очоод монгол ногоогоо худалдаалах гэхээр лангууных нь үнэ хөлсийг дийлдэггүй. Иймээс цагдаа нарт хөөгдөн туугдан ногоогоо борлуулахаас өөр аргагүй  байгаа хэмээн тэд ярилаа. 

Ногоогоо зарах алгын чинээ газар бидэнд олддоггүй

 Сэлэнгэ аймгийн  Зүүнхараагаас ирсэн ногоочин Б.Алтансувдаас дараах асуултад хариулт авлаа.

 -Шинэ ургацын ногоо хэзээнээс худалдаалж эхлэв. Хүмүүсийн худалдан авалт хэр байна даа?

-Худалдан авалт сайн байна. Энд хоёр сар гаруй худалдаа хийж байна. Дөрөвдүгээр сарын 15 гэхэд ногоон сонгиноос эхлээд шинэ ногоо гардаг. Хүлэмжид тарьсан усалгаатай нарийн ногоонууд эрт боловсордог юм. Төмс нэг килограмм нь 1600, сонгино 1500, байцаа 1200, лууван 3500, манжин 2500 төгрөгөөр борлуулж байна. Цаашдаа үнэ нь улам л буурна.

-Ингэхэд та гудамжинд ногоо зарах зөвшөөрөлтэй юу?
-Байхгүй. Орон нутгаас ирсэн ногоочдод хотод лангуу олддоггүй. Олдлоо гэхэд өндөр үнэтэй байдаг. Хэрэв шинэ ногооны үзэсгэлэн худалдаа ч юм уу, лангуу гаргаад өгөх юм бол ногооныхоо үнийг одоо зарж байгаа үнээсээ хямдруулаад өгөхөд бэлэн. Үнэндээ бол бидэнд ногоогоо зарах алгын чинээ газар олддоггүй. Цагдаа нар ирж, хөөж тууна. Энд ногоог авчрахын тулд орон нутгаас авто машинаар тээвэрлэж авчирдаг. Гэтэл жолоочийн бичиг баримтыг хураагаад авчихдаг. Яривал зовлон их. Таны харж байгаачлан бид “Барс” худалдааны төвийг түшиглэж зогсдог. Худалдан авагчдаа л бараадаж байгаа ухаантай. Гэтэл “Барс” хүнсний захын удирдлага, худалдагчид нь хүртэл хөөдөг. Энд зогсож байгаа худалдаачдын хамгийн их хүсэж байгаа зүйл бол цагдаа нарт хөөж туугдахгүйгээр ногоогоо зарах газартай болох. Бидэнд ногоогоо зарах “Монгол ногооны зах”-ыг л нээгээд өгчих хэрэгтэй. 

-Жил бүрийн намар  хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гаргадаг?

-Үнэндээ үзэсгэлэн худалдаанд оролцож  байгаа хүмүүс биднээс л ногоогоо авдаг. Эндээс хүнсний ногоогоо аваад л үнэ нэмж зардаг. Бид лангуу аваад ногоогоо заръя гэхээр бүтдэггүй. Энд голдуу өрх толгойлсон эмэгтэйчүүд ажилладаг. Нийслэлийнхээ иргэдийг эх орны хөрсөнд ургасан, экологийн цэвэр хямд ногоогоор хангахыг маш их хүсдэг. Тэгвэл “Барс”-аас хятад ногоо авах шаардлагагүй болно.

байцааны үнэ буусаар 1200 төгрөг дээр тогтоод байна


Худалдагч Г.Мөнхтуяа “Шинэ ургацын ногоо гарч байгаа тул ногооны үнэ буурч эхэлсэн. Сарын өмнө 6500 гэж байсан манжин 2500 төгрөг, байцаа 3500 төгрөгөөс буусаар 1200 төгрөг дээр тогтоод байна. Баруунхараа, Зүүнхараа, Дархан, Сэлэнгээс оруулж ирсэн монгол ургацын ногоонууд байгаа. Бид ногоочдоос нь худалдаж аваад борлуулдаг. Худалдан авсан үнэ дээрээ 100 төгрөг л нэмж зардаг. Хувиараа ногоо тарьдаг хүмүүс өдөржингөө энд суугаад байж чадахгүй. Ялгааг нь бас ойлгох хэрэгтэй. Бидэнд ногоо нийлүүлэгчид өглөөний 5-6 цагийн хооронд ногоогоо өгдөг” гэж ярилаа.

 

 ‘Барс’ хүнсний захын гадна байрладаг бөөний төвөөр орлоо. Энд монгол төмс нэг кг нь 1600, шар улаан, лууван 2500, манжин 2000, ногоон сонгино 2500, сонгино 1500, байцаа 700 төгрөгөөр зарагдаж байна. Харин хятад лууван нэг кг нь 900, голланд төмс 650, сонгино 700 төгрөгөөр тус тус зарагдах аж.

Наадмын дараагаас ногооны үнэ огцом өссөнийг Хятадаас ногоо орж ирэхгүй байсантай холбон тайлбарлаж байна. Гэхдээ өчигдрөөс /2018.07.19/ Хятадын хил гааль нээгджээ. Ийн хүнсний ногоо ихээр орж ирсэн нь ногооны үнэ буурахад нөлөөлсөн байна. Цаашдаа ногооны үнэ улам л буурна гэдгийг худалдаачид хэлж байлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам шинэ ургацын ногоо ихэвчлэн наймдугаар сарын дунд, есдүгээр сард гардаг. Ногооны үнэд манайх хяналт тавьдаггүй. Тиймээс ногооны үнэ зах зээлийн ханшаа дагана. Нийлүүлэлт их байх тусам ногооны үнэ хямд байдаг гэдэг тайлбар хийж буй. 

“Барс” хүнсний зах дотор зарагдаж буй хүнсний ногооны тасагт монгол ургацын төмс нэг кг нь 2500, хуучин ургацын төмс 2000, голланд төмс 1500, монгол сонгино 3000, шар манжин 2500, лууван 3500, хятад лууван 1000 төгрөгөөр зарагдаж байна. Худалдагч эмэгтэйн хэлснээр бол “Гадуур худалдаалж  байгаа ногоонууд ямар ч шинжилгээгүй, баталгаагүй. Жинхэнэ монгол ногоо “Барс” захад л зарагддаг. Том том худалдааны төвүүд голланд төмсийг монгол төмс гээд л зардаг. Хүмүүс ерөөсөө монгол ногоогоо, хятад ногооноос ялгаж чадахаа больсон. Харсаар байтал монгол ногоо зарж байхад хятад уу, монгол ногоо юу гэж асуух юм “ гэв.  

Хуучин ургацын нөөц дуусахад ногооны үнэ өсдөг бол шинэ ургац худалдаанд гарсан даруйдаа үнэ нь өсдөг гэнэ. Яг энэ завсрын  үе зургадугаар сарын сүүлээс долдугаар сар хүртэл үргэлжилдэг бол наймдугаар сард ногооны үнэ навс унадаг аж.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж