Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр /2018.07.19/ үерийн улмаас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссыг хуралдууллаа. Наадмын маргааш намар гэдэгтэй адил намрын ажил эхэлж байгаа болон нийт нутгийн ихэнх хэсэг хур бороо орсноос үер бууж, зарим аймагт гамшгийн нөхцөл байдал үүссэн учраас ийнхүү Улсын онцгой комиссыг хуралдуулж байгаа гэдгийг хуралдааны эхэнд тодотголоо.
Баян-Өлгий аймагт 670 орчим иргэд хоргодох байранд амьдарч байна
2018 оны долдугаар сарын 11-18-ны өдрүүдэд ихэнх нутгаар орсон усархаг аадар бороо, мөндрийн улмаас аймаг, нийслэлд үер бууж иргэд амь насаа алдсан, эрчим хүч, цахилгааны шугам сүлжээ, автозам эвдэрч, иргэд, аж ахуй нэгж, төрийн захиргааны байгууллагуудад их хэмжээний хохирол учраад байна. Үерийн улмаас хамгийн их гамшигт өртсөн аймаг бол Баян-Өлгий аймаг. Тус аймагт долдугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон борооны улмаас Өлгий сумын нийт найман багийн 530 айл өрхийн 2500 гаруй иргэд /1636 хүүхэд, 159 өндөр настан, 123 хөгжлийн бэрхшээлтэй иргэд/ гамшигт нэрвэгдсэн.
Мөн энэ үеэр гурван иргэн хүнд бэртэж, 220 гаруй өрхийн 1560 орчим иргэний аюулгүй газар буюу Ховд их сургууль, бусад сургуулийн дотуур байр, цэцэрлэг зэрэг найман байрлалд 670 орчим иргэнийг түр хоргодох байраар хангаж, 60 орчим өрхийн нүүлгэн шилжүүлж, 5,1 км үерийн далан босгож, хоол, хүнс ханган ажиллаж байна.
Мөн Онцгой комиссоос Баян-Өлгий аймгийн иргэдэд улсын нөөцөөс таван ханатай гэр 80, бохирын машин, ус зөөвөрлөх машин болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх автомашиныг гаргахаар шийдвэрлэсэн юм. Түүнээс гадна Монгол улаан загалмай нийгэмлэгээс гамшигт өртсөн аймгуудад нийт 283 сая төгрөгийн тусламж үзүүлэхээр бэлэн болсон бөгөөд ирэх долоо хоногоос эхлэн орон нутагт хүргэж эхлэхээр болсныг Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа танилцууллаа. Тус байгууллагаас гадна Дэлхийн зөн, Адра зэрэг олон улсын байгууллагууд үерт нэрвэгдсэн аймгуудад ажиллаж шаардлагатай тусламж, үйлчилгээг тодруулахаар ажиллаж байгаа юм байна. Одоогоос хоёр жилийн өмнө Баян-Өлгий аймагт үер буусны дараа үерийн далан барихаар зураг төсөл нь гарч, бэлэн байсан ч тодорхой шалтгааны улмаас баригдаагүй учраас дахин үерт автсан гэлээ. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн албан сахилга, хариуцлагатай байх ёстой. Хэрэв тэр үерийн даланг барьж чадахгүй, асуудал үүсээд байгаа бол Баян-Өлгий аймгийн цэргийн ангийг ашиглах ёстой. Тэд үүнийг хийж чадна. Тиймээс холбогдох яамд нь энэ асуудлыг судлаад үерийн даланг цэргүүдээр бариулах ажлыг яаралтай судал. Тэгэхгүй бол ирэх жил ч мөн баян-өлгийчүүд үерт автах нь. Гүүрийн ажлыг яаралтай эхлүүлж, барь” гэсэн юм.
1,3 тэрбум төгрөгийн зам эвдэрчээ
Нийт нутгаар орсон борооны улмаас 2018 оны долдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 13 аймгийн 29 байршил 116 км авто замд эвдэрч, 1,3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл танилцуулсан юм. Тэрбээр, АЗЗА компаниуд болон холбогдох албанаас шуурхай ажлын хэсэг ажиллаж, эвдрэл гэмтлийн засахаар газар дээр нь ажиллаж байна. Нийт 14 зам хариуцагч байгууллагын 154 хүн, 62 машин техниктэй ажиллаж байна. Яамнаас эвдрэл гэмтлийн тоог газар дээр нь тогтооход одоогоор 1,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн. Хохирлын хэмжээ цаашид нэмэгдэж магадгүй байгаа бөгөөд зарим газар бороо нэмж орсон, үерийн урсгал зогсоогүй байгаа. Сэлэнгэ, Булган, Өвөрхангай, Архангай аймгуудын замын эвдрэлтэй газруудад Зам тээврийн хөгжлийн сайд ажиллаж байна. Хохирлын хэмжээг аймаг тус бүрээр тогтоож, учирсан хохирлыг арилгуулахаар зөвхөн улсын чанартай замын байгууламжид үүссэн хохирлыг яам болон зам хариуцсан компаниуд өөрсдийн дотоод нөөцөө ашиглан ажиллаж байна. Орон нутгийн болон нийслэлийн авто замуудын гэмтлийг тогтоож, авах арга хэмжээний талаар холбогдох албаныхантай ажиллаж байна. Түүнээс гадна гурван байршилд төмөр замууд шороонд дарагдсанаас дөрвөн галт тэрэг түр саатсан байсныг арилгаж, хохирлыг барагдуулж ажилласан. Мөн бороонд зарим нэг газрын шилэн кабель ил гарсныг булах ажлыг яаралтай арга хэмжээ авч ажилласан.
Долдугаар сарын сүүлийн өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо орно
Өнгөрсөн хавар ихэнх нутгаар хур бороо багатай, гантай байсан ч зургадугаар сарын сүүлийн хагаст нутгийн хойд хэсгээр, долдугаар сар гарсаар ихэнх нутгаар түр зуурын болон дуу цахилгаантай усархаг бороо орсон. Өнөөдрийн байдлаар нийт нутгаар зуншлага сайтай, Дундговь, Өмнөговь, Дорноговь аймгийн зарим сумдаар зуншлага тааруу гандуу байгаа бол бусад нутгаар зуншлага сайтай байгаа юм байна. Өнгөрсөн өдрүүдэд орсон бороо баруун, төв, зүүн аймгуудын нутгаар нэг сард хур тунадас нэг, хоёр өдрийн дотор орсон гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын дарга хэлсэн юм. Мөн их хэмжээний бороо орсонтой холбогдуулан томоохон голууд үерлэж, голын усны түвшин огцом нэмэгдэж, үерийн байдалтай байгаа аж. Түүнээс гадна долдугаар сарын сүүлийн өдрүүдэд ч хур бороо ихтэй, баруун зүгээс эхэлж, зүүн хойшоо чиглэлд дайрч өнгөрөх дуу цахилгаатай, хур бороо орохыг холбогдох албанаас анхааруулж байна. Тиймээс жижиг гол, сайраар уруйн үер буух, гол усны түвшин нэмэгдэх, үерлэх магадлал өндөр байгаа учраас иргэд, байгууллага, аж ахуй нэгжүүд үерийн аюулаас сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас орон нутагт ажиллаж байхад үерийн даланг сайжруулах, суваг шуудууны урсан өнгөрөх чадварыг сайжруулах шаардлагатай бөгөөд зарим аймгуудад баригдах ёстой далангууд баригдаагүйгээс үерийн усанд иргэд, аж ахуй нэгжүүд өртөх магадлал өндөртэй байгаа гэдгийг албаныхан хэллээ.
Ийнхүү мэдээллийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд хэд хэдэн үүрэг, чиглэл өгсөн юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
-Нэгт, Олон хоногийн турш бороо орсноос үерийн нөхцөл байдал зөвхөн Монголд биш бүс нутгийн хэмжээнд тархсан. Өнгөрсөн жил ой хээрийн түймэртэй тэмцэж байсан бол энэ жил усны асуудал ярьж байна. Дэлхий ертөнц өөрөө өөрчлөгдөж байна. Бид гай зовлон, гамшиг осолд байнгын бэлэн байх ёстой. Хамгийн гол нь бидэнд эрдэнэт хүний амь чухал гэдгийг үргэлж санаж ажиллах ёстой. Ирэх арав хоног мөн л бороотой байх, ялангуяа төвийн бүс нутгаар орох юм байна. Тиймээс холбогдох албад бэлэн байдалд ажиллах шаардлагатай. Мөн ард иргэддээ цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй өгч, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх. Мэдээлэл, технологийн боломжийг ашиглах ёстой. Хоёрт, удахгүй намар эхэлж, эрт хүйтэрнэ. Тиймээс хадлан тэжээл, тариа хураалт, өвч тэжээлийн фонд, аймаг орон нутгийн бэлтгэл ажил ямар байгаа зэрэгт хяналт тавьж ажиллахыг ХХААХҮ-ийн сайдад даалгаж байна. Өвөлжилтийн бэлтгэл базаах шаардлагатай хөрөнгө оруулалтыг Засгийн газар баталсан байгаа учраас төлөвлөгдсөн салбаруудын ажлыг цаг хугацаанд нь дуусгах ёстой. Мөн Баян-Өлгий аймагт барих үерийн даланг цэргүүдээр бариул. Манай улсын хөгжихгүй байгаа нэг шалтгаан бол тендер. Тендер зарлахаар нэг компанийг шалгаруулахаар нөгөө компани нь шүүхэд өгдөг. Ингэж улсын ажил гацаж, хэдэн жил дамждаг. Тиймээс үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг батлан хамгаалах салбар, цэрэг армиар хийлгэх эрх зүйн боломж бий. Түүнийг ашигла. Гуравт, нийслэлийн үерийн аюултай бүсэд амьдарч байгаа иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, эвдэрсэн замыг яаралтай завсарлахыг үүрэг болгож байна.Хүний амь эрсдэж болохгүй шүү, дарга нараа. Түүнээс гадна үерийн улмаас үүссэн гамшигт шаардлагатай хөрөнгө оруулалтыг тодорхойлж, Засгийн газрын хуралдаанаар яаралтай оруулах шаардлагатай байна.
Ш.ЧИМЭГ