"Ноосны үнээ буулгахгүй бол Шинэ Зеландын ноос худалдан авна"

Хуучирсан мэдээ: 2018.07.19-нд нийтлэгдсэн

"Ноосны үнээ буулгахгүй бол Шинэ Зеландын ноос худалдан авна"

"Ноосны үнээ буулгахгүй бол Шинэ Зеландын ноос худалдан авна"

Ноос ноолуурын бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчид болон “Хөдөө аж ахуйн бирж”-ийн зүгээс ноосны шимтгэлийн талаар өнөөдөр /2018.07.19/ мэдээлэл хийлээ.

Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, түүний гишүүн  “Эрдэнэт  хивс”, “Улаанбаатар хивс”,  “Могул ноос”, “Сор кашемир” зэрэг үндэсний үйлдвэрүүд өнгөрсөн  зургадугаар сарын дундуур хонины ноосыг дийлэнх хувийг самнах, эцсийн бүтээгдэхүүн хийх хэмжээг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйн биржийн шимтгэлийг нэмэгдүүлж өсгөх хүсэлтийг ХХААХҮЯ-нд  гаргажээ.

Монгол Улс  жилд 30 гаруй мянган тонн ноос үйлдвэрлэж байгаагийн 26 мянган тонныг нь дотооддоо боловсруулна  гэж үзэж байгаа юм.

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхийн эдийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод  гаргах нь Засгийн газрын бодлого гэдгийг Монголын ноосон бүтээгдэхүүн  үйлдвэрлэгчдийн холбоо  онцоллоо

Үндэсний үйлдвэрүүдээс тавьсан дээрх саналыг яамтай хамтран судалж үзээд угаасан ноосны шимтгэлийг нэмэгдүүлэх, самнасан ноосны шимтгэлийг бууруулах шийдвэр гаргажээ. Ингэснээр самнасан болон эцсийн бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой аж.  Нэг кг самнасан ноосны шимтгэл есөн төгрөг болж байгаа гэдгийг тэд хэллээ.

Хөдөө аж ахуйн биржийн Гүйцэтгэх захирал Х.Баатар:  

Үндэсний үйлдвэрүүдийн тавьсан хүсэлтийн дагуу угаасан ноосны шимтгэлийг 15 хувиар нэмэгдүүлж, самнасан ноосны шимтгэлийг 0.2 хувиар бууруулах шийдвэр гаргасан. Шимтгэлийг нэмсэн гол зорилго нь түүхийн эдийн боловсруулалтынхаа түвшинг дээшлүүлэх зорилготой. Түүнээс биш орлого олох гэсэн зүйл биш. Энэ жил ноос, ноолуурын үнэ өндөр байгаа нь малчдад таатай боломж. Өнөөдөр зах зээлд ноосны үнэ 3200-4000 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна малчид маань жил бүр ноосны  урамшуулал авдаг. Экспортод гаргаж байгаа хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлж байгаа. Шимтгэл нэмлээ гээд ноосны үнэ буурах шалтгаан байхгүй. Бид үндэсний үйлдвэрүүдээ дэмжсэн шийдвэрийг гаргасан.

 Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэбат:

Хонь, тэмээний ноосыг 2016 оны үнэтэй харьцуулахад дөрөв дахин үнэ нь өссөн. Гэвч  энэхүү өсөлт нь дэлхийн жишгийн сайн төрлийн ноостой харьцуулахад хэт хөөрөгдсөн үнэ. Үүнээс болж дотоодын үндэсний үйлдвэрүүд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас шимтгэлийг нэмсэн шийдвэрийг дэмжиж байгаа. 2011 онд төрөөс үндэсний үйлдвэрээ хөгжүүлэх чиглэлээр тогтоол гаргаж, үндэсний үйлдвэрлэлд ноосоо тушаавал  малчдад 2000 төгрөгийн урамшуулал өгдөг системийг бий болгосноор үндэсний үйлдвэрүүд түүхий эдээр тасралтгүй хангагдсан. Мөн үндэсний үйлдвэрүүдэд жилийн 7 хувийн хүүтэй зээл олгосон. Ингэснээр дэлхий дэвшилтэт тоног төхөөрөмжийг оруулж ирж,  монгол хонины ноосноос  ноолуурыг нь  ялгаж даавуу хийхээс гадна  ноос, ноолуур хольсон бараа  хийж байгаа. Түүнчлэн малчдад олгож буй  урамшуулалд төр засаг анхаарах цаг нь болсон.  2011 оноос хойш ноосны урамшуулалд  нийт 158.5 тэрбум төгрөгийг малчдад олгосон байдаг.  2017 онд нийт хонины ноосны  67 хувийг угааж экспортолсон. Малчид ч гэсэн үндэсний үйлдвэрээ хөгжүүлэхийн төлөө явах хэрэгтэй.

“Эрдэнэт Хивс” компанийн төлөөлөл:

Манай компани 2000 оноос хойш  монгол хонины ноосоор хийсэн хивсийг олон улсад таниулахын төлөө чармайн ажиллаж ирсэн. Гэтэл өнөөдөр хонины ноос маш үнэтэй байгаа нь бидний тулгамдсан гол асуудал болж байна.  Өнгөрсөн хугацаанд нэг кг хонины ноос 150-4000 төгрөг болтлоо  нэмэгдсэн байна. Тухайн үед нэг кг хонины ноосыг 150 төгрөгөөр худалдан авдаг байхад  хог, шороо багатай хамгийн чанартай ноос нийлүүлэгддэг байсан бол өнөөдөр 4000 төгрөг болсон атлаа чанаргүй, хогтой, будаг лактай, гарц муутай болсон тул малчид ноосныхоо чанарт анхаараасай гэж хүсч байна. Хэрэв ноосны үнэ энэ хэрээр үнэтэй байвал бид 2500 төгрөгөөр  Шинэ Зеландын сайн чанарын ноосыг худалдан авах бүрэн боломжтой. Шинэ Зеланд хонины ноос Монгол хонины ноосноос гарц сайтай, сайн чанарын ноостой байдаг. Шилжилтийн үеийг даван туулж чадсан ноос ноолуурын бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэгчид өнөөдөр дотоодын ноосны үнэ нэмэгдсэнээр хаалгаа барихад хүрсэн. Бидний нөхцөл байдлыг ойлгож Хөдөө аж ахуйн биржээс  угаасан ноосны шимтгэлийг нэмэгдүүлэх, самнасан ноосны шимтгэлийг  бууруулах шийдвэр гаргасанд талархаж байна.

Тэдний тооцооллоор, цаашид нэг кг ноосны үнийг 3000 төгрөг болгож бууруулах  шаардлагатай гэлээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж