Тусгай зөвшөөрөлгүй алт олборлосон үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.07.19-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрөлгүй алт олборлосон үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна

Тусгай зөвшөөрөлгүй алт олборлосон үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна

Мөрдөн байцаах албанаас санаачлан Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах, хор уршгийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор “Байгалиа хамгаалъя” аяныг зохион байгуулсан. Аяны үр дүн болон энэ төрлийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Мөрдөн байцаах албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хурандаа Н.Баясгаланбатаас тодрууллаа.

-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас байгаль экологид хэдэн төгрөгийн хохирол учирсан юм бол?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр бүлэгт заасан “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг” 2016 онд 165, 2017 онд 330 бүртгэгдэж байсан. Харин 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар 113 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 51 нэгжээр буюу 82.2 хувиар, үүнээс хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох болон хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргүүд 1.1-1.2 дахин өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн гурван жилийн байдлаар гэмт хэргийн улмаас байгаль экологид 13 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан гэсэн тоо баримт гарсан. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор “Байгалиа хамгаалъя” аяныг өнгөрөгч тавдугаар сарын 15-аас зургаадугаар сарын 5-ны өдрийг хүртэл зохион байгуулсан. Хууль зүй, дотоод хэргийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Дэлхийн байгаль хамгаалах сан, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэстэй хамтран улсын хэмжээнд явуулсан.

-“Байгалиа хамгаалъя” аяны үр дүн юу байв?

-Аяны хүрээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагаас байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, олон нийтийг оролцуулах ажлыг нэлээн хийлээ. Энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хамтарсан хяналт шалгалтуудыг явуулснаар аяны хугацаанд нийт 21 гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлж Цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд оруулж шалгасан. Мөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээн холбогдох ажиллагаануудыг явуулсан. Гэмт хэргийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад 123 сая гаруй төгрөгийн хохирол учирснаас хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд 73 сая гаруй төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 26 сая гаруй төгрөгийн хөрөнгө битүүмжлэн хамгаалсан байна.

-Сэлэнгэ аймагт хууль бусаар алт олборлож байсан үйлдлүүдийг таслан зогсоож шалгаж буй гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслах зогсоох, илрүүлэх чиглэлээр Төв, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Хэнтий аймгийн найман сумын нутаг дэвсгэрт 12 нэр бүхий газруудад зохион байгуулсны үр дүнд гэмт хэрэг, зөрчлүүдийг илрүүлж шалгаж байна. Сэлэнгэ аймгийн  Ерөө, Хүдэр сум, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал /алт/ олборлосон долоон үйлдлийг илрүүлсэн. Манай Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс хяналт шалгалтыг эрчимжүүлж 450 ширхэг нойтон палк мод хууль бусаар бэлтгэн тээвэрлэж явсныг илрүүлж ажилласан.

 -Ер нь энэ төрлийн гэмт хэрэг буурах хандлага ажиглагдаж байна уу?

 -Аяны хугацаанд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл буурсан. Тухайн бүртгэгдсэн гомдол мэдээллийн 10 буюу 47.6 хувийг иргэн, аж ахуйн нэгж байгуулагын гомдлоор шалгаж, 11 буюу 52.3 хувийг Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар илрүүлсэн байгаа нь цаашид энэ төрлийн гэмт хэрэг буурах хандлагатайг харуулж байгаа юм.

 

Э.Ариун 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж