Томчуудын хандлага олон хүүхдийн аминд хүрч байна

Хуучирсан мэдээ: 2018.07.19-нд нийтлэгдсэн

Томчуудын хандлага олон хүүхдийн аминд хүрч байна

Томчуудын хандлага олон хүүхдийн аминд хүрч байна

Хүүхэд эндлээ гэх мэдээлэл бараг өдөр бүр хөврөх боллоо. Энэ мэдээллийн ихэнх нь зам тээврийн ослоос шалтгаалсан байдаг аж. Зам тээврийн осол энх цагийн дайн болсоор удаж, бид ч энэ мэдээллийг тоомжиргүй хүлээн авдаг боллоо. Тухайлбал, зам тээврийн осолд өнгөрсөн 2017 онд 1083 хүүхэд өртжээ. Үүнээс 55 нь амь насаа алджээ. Мөн энэ оны эхний зургаан сард 304 хүүхэд зам тээврийн осолд өртөөд байна. Цөөхөн монголчуудын жаахан үрс энх цагт хорогдсоор байх уу. Хэзээг хүртэл томчуудын хариуцлагагүй үйлдлээс болж хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байх вэ.

Гар утасныхаа төлбөр дээр автомашины аюулгүйн суудлын үнийг хувааж төлөх боломжтой

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын (ГБХЗХГ) Хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ж.Азжаргал

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын (ГБХЗХГ) Хүүхэд хамгаалал, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ж.Азжаргалаас зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа шалтгаан, түүнийг хэрхэн бууруулах талаар тодрууллаа.

-Хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол буурахгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа нь жолооч хариуцлагагүй байгаатай, эцэг, эх асран хамгаалагчийн анхаарал сул байгаатай холбоотой. Мөн жолооч хурд хэтрүүлэх, мөн эцэг эхчүүд хүүхдийг зориулалтын суудалд нь суулгаагүйгээс осол үүссэн байдаг. Тиймээс хүүхдийг замын хөдөлгөөнд оролцоход нь зам дээр тоглож болохгүй, чихэвчтэй явж болохгүй зэрэг зөв дадал хэвшүүлэх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх, хамгаалалтын бүс зүүлгэх шаардлагатай.

-Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх үүднээс ямар ажил хийж байна вэ?

-Хүүхэд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс Замын цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд автомашин хэрэглэгчдийг хүүхдийн зориулалттай суудлыг хэрэглэж хэвшүүлэх, сурталчлах ажил хийж байна. Мөн автомашины аюулгүйн суудлын үнийг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажил хийж байна. Түүнчлэн нийслэлийн Гэр бүл хөгжлийн газар Замын цагдаагийн газартай хамтран “Анхаарал хариуцлага, эрсдэлгүй орчин” хоёр сарын аян өрнүүлж байгаа. Аяны хүрээнд 09.00-20.00 цаг хүртэл хотоос гарч байгаа, орж ирж байгаа жолооч нарт хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх, хамгаалалтын бүс ашиглах зөвлөгөө мэдээлэл, заавар өгч байгаа.

-Хүүхдийг зориулалтын суудалд суулган тээвэрлэхгүй байгаа нь автомашины аюулгүйн суудал харьцангуй үнэтэй байдагтай холбоотой байх. Энэ талаар танайх судалгаа явуулсан байсан. Үнийг бууруулах боломж байна уу?

-Автомашины аюулгүйн суудал импортолж байгаа компаниудтай өнгөрсөн нэг, хоёр, гуравдугаар сард уулзалт хийж, мэргэжлийн байгууллагуудтай уулзаж, ямар гарц байгаа талаар зөвлөлдсөн. Үүний дүнд автомашины аюулгүйн суудлыг 63 мянган төгрөгөөр худалдаалах гэж байна. Жолооч нар гар утасныхаа төлбөр дээр нэмээд автомашины аюулгүйн суудлын үнийг хувааж төлөх зохицуулалт хийж байна. 

Аюулгүйн суудал авбал гэнэтийн ослын даатгалын нэг жилийн эрх олгоно

Хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэлх хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэлх хувиар хамгаалдаг юм. Хэрэв автомашины аюулгүйн суудал тогтмол хэрэглэдэг байсан бол өнгөрсөн жил зам тээврийн ослоор 55 хүүхэд нас барахгүй байх боломжтой байсан. ГБХЗХГ-аас иргэдийн дунд судалгаа явуулахад хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхгүй байгаа нь автомашины аюулгүйн суудал харьцангуй үнэтэй байдагтай холбоотой гэж хариулжээ. Автомашины аюулгүйн суудал нь зах зээлд 330 мянга хүртэлх төгрөгөөр борлуулагддаг.

Харин автотээвэр хэрэглэгчдээс судалгаа авахад аюулгүйн суудлын үнэ хүүхдийн наснаас шалтгаалан 48000-63000 төгрөгийн үнэтэй байвал зохимжтой гэж хариулсан байна. Тиймээс ГБХЗХГ импортлогчдод аюулгүйн суудлыг ийм үнээр оруулах санал тавьж улмаар наймдугаар сарын дунд үеэс эхлэн аюулгүйн суудлыг 63 мянган төгрөгөөр борлуулахаар болжээ. Мөн тухайн суудлыг худалдан авсан хүнд хүүхдийн гэнэтийн ослын даатгалын нэг жилийн эрх олгох юм байна.  

Ийм үнэтэй болсон тохиолдолд иргэд аюулгүйн суудал хэрэглэж хэвших болов уу. Энэ талаар иргэдийн байр суурийг сонслоо.

Аюулгүйн суудлын үнэ боломжийн байдаг

Иргэн З.Баттулга

-Манайх дөрөв, таван настай хүүхэдтэй. Аюулгүйн суудлыг тогтмол ашигладаг. Аюулгүйн суудлын үнэ зах дээр боломжийн байдаг. Зарим нэгэн дэлгүүрүүдэд харьцангуй үнэтэй байдгаас аюулгүйн суудал үнэтэй гэж ойлгодог байх. Үнэ хямдарвал хүртээмж нэмэгдэж, олон хүүхэд хамгаалагдах байх. Хүүхэд аюулгүйн суудалд суухаас төвөгшөөх үед нь аюулгүй байдлыг урьтал болгон загнаад суулгадаг.

Багаас нь аюулгүйн суудалд суулгаж хэвших шаардлагатай

Иргэн Э.Мөндөг

-Би хоёр болон гурван настай хүүхэдтэй. Хүүхдүүдтэйгээ машинаар явахдаа аюулгүйн суудал тогтмол хэрэглэдэг. Хүүхэд том болоод ирэхээрээ аюулгүйн суудалд суухаас дургүйцээд, төвөгшөөгөөд байдаг. Тиймээс энхнээс нь суулгаад хэвшүүлэх шаардлагатай юм билээ. Үнийн хувьд боломжийн байдаг. Үнэ илүү хямдарвал олон хүүхдийг зам тээврийн ослоос хамгаалах боломж нэмэгдэнэ.

Үнээс илүү аюулгүй байдлыг урьтал болгоно

Иргэн Г.Лхагвацэнд

-Одоохондоо аав болж амжаагүй байна. Ирээдүйд аав болоод, хүүхдээ тээвэрлэхдээ үнийг чухалчлалгүй аюулгүй байдлыг хангахыг урьтал болгоно. Бага насны хүүхдийг заавал аюулгүйн суудалд суулгаж, машины цонх, хаалгаа түгжиж зорчино. Бас том хүнтэй ойролцоо суулгахыг бодно.

Автомашины аюулгүйн суудлыг нийтээр хэрэглэж хэвшихгүй байгаа нь түүний үнэд биш, иргэдийн хандлагад байж болох юм. Үнэтэй гэж боддог, аюул өөрөөс нь хол байх мэт ханддаг зэрэг нь зам тээврийн ослоор хүүхэд нас барах шалтгаан болж байна. Хандлага энэ хэвээр үргэлжилбэл энх цагт олон хүүхэд эндсээр байх нь ээ. 

 

Ямар аюулгүйн суудал сонгох вэ?

Автомашины хамгаалалтын суудал нь олон загвартай байдаг. Дөнгөж төрсөн нярайгаас эхлээд өсөж том болсон хүүхдийг ч аюулгүйн суудлын тусламжтайгаар зам тээврийн ослоос хамгаалах боломжтой. Хүүхдийн нас, жингээс хамааран аюулгүйн суудлын загвар өөр байдаг. Тиймээс хүүхдэдээ аюулгүйн суудал худалдан авахын тулд хамгийн түрүүнд хүүхдийнхээ жинг үзээрэй.

Хүүхдийн жингээс шалтгаалан автомашины аюулгүйн суудлыг дараах байдлаар ангилна.

Хүүхдийн жин

Нас

Бүлэг

Нярайгаас 10 кг хүртэл

0-9 сар

0

Нярайгаас 13 кг хүртэл

Нярайгаас 5-10 сар хүртэл

0+

9-18 кг

9 сараас 4 нас хүртэл

1

15-25 кг

6 нас хүртэлх

2

22-36 кг

12 нас хүртэл

3

“0” бүлэг

Хараахан суух болоогүй байгаа бяцхан зорчигчийг “0” бүлгийн аюулгүйн суудалд суулгах бөгөөд суудлыг ар хэсгийг машины арын суудалд тусгай бүсээр бэхэлнэ.

“0+” бүлэг

Энэ суудлууд нь олон талт ажиллагаатай. Маш эвтэйхэн бариулын тусламжтайгаар хэд хэдэн байрлалаар тохируулна. Энэ суудлыг автомашинд аюулгүйн суудал гэдэг утгаар нь хэрэглээд зогсохгүй мөн аялалд явахдаа, дэлгүүр, эмнэлэг орохдоо найз нөхдийндөө зочлохдоо бүр онгоцоор нисэхдээ ч зөөврийн суудал болгон хэрэглэж болно. Автомашинд бэхлэхдээ зорчих хэсэг рүү харуулан арын, эсвэл урд суудалд хамгаалах бүсээр бүсэлж тогтооно. Ийм байрлал нь хамгийн аюулгүйд тооцогддог. Дотоод хамгаалалтын бүсгүй “1, 2, 3” загварын суудал байдаг. Олон зориулалттай суудлын загвар нь дан ганц зориулалттай загваруудын ололттой талуудыг нэгтгээд зогсохгүй бас дутагдалтай талуудыг ч нэгтгэсэн байна. Жишээ нь, ийм загварын суудлууд нь 1.5-2 настай хүүхдийн аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай зорчих чигийн эсрэг тохирдоггүй байна.

“1” бүлэг

Ихэвчлэн зорчих хөдөлгөөний дагуу арын болон урд талын суудалд байрлуулах бөгөөд түшлэг нь хэд хэдэн байрлалын тохиргоотой, бас тохиргоогүй ч бий. Та холын замд хүүхэд тээвэрлэх гэж байгаа бол энэ суудал маш чухал. Суудлыг машины аюулгүйн бүсээр бэхэлж хүүхдийг машины хэсгийн хамгаалалтын бүсээр юм уу, өөрийнх нь хамгаалалтын суудлын бүсээр бүсэлнэ. Ихэнх загварын түшлэгийн толгойг хүүхдийн биеийн өндөрт тохируулж болдог байна.

“0+1” бүлэг

Энэ загварыг маш удаан хугацааны туршид хэрэглэх зориулалттай бөгөөд хүүхдийн нас болон биеийн жингээс хамааран зорчих чиглэлийн дагуу тохируулж, арын ба урд талын суудалд байрлуулах боломжтой юм. Автомашины аюулгүйн бүсээр бэхэлж болох бөгөөд бяцхан зорчигчдод зориулсан жижиг бүстэй байдаг. Түшлэг нь хэд хэдэн байрлалын тохиргоотой, сууж сурах гэж байгаа таван сартайгаас дээш насны хүүхдүүдэд маш тохиромжтой суудал. Мөн “0+1, 2” бүлгийн суудал байх ба энэ нь 0-25 кг хүртэлх жинтэй хүүхдүүдэд зориулагдсан байдаг.

1, 2, 3 бүлэг

Хэмнэлт, ангилал нь хоёр дахин төлөх дургүй хүмүүст зориулагдсан загвар юм. Энэ загварыг ойролцоогоор 0-12 насны хүүхдүүдэд тохиромжтой гэдэг боловч амьдрал дээр нэг настай хүүхдүүдэд тийм ч тохиромжтой биш. Яагаад гэвэл түшлэгний тохиргоо нь унтах байрлалд таардаггүй. Хүүхдийг 3-4 нас хүртэл нь хүүхдийн хамгаалалтын суудлын бүсээр, харин үүнээс дээш насны хүүхдийг машины хамгаалалтын бүсээр бүсэлнэ. Хэрэв суудал нь давчдаж эхэлбэл түшлэгийг авч хүүхдийг 150 см-ийн өндөртэй болтол нь хэрэглэж болно.

 

“2, 3+” БҮЛЭГ

Дан “2” бүлэгт зориулсан суудал байдаггүй. Өөртөө хамгаалалтын бүстэй загвар байдаг тул хүүхдийг зориулалтын суудалд нь суулгаад автомашины хамгаалалтын бүсээр бүсэлнэ.

Түшлэгний өргөнийг шаардлагатай хэмжээгээрээ өөрчлөх тохируулгатай загварыг ч сонгож болох юм. Хүүхэд өвлийн улиралд дулаан хувцастайгаа чихэлдэхгүй байхад энэ загвар тун тохиромжтой байдаг. Энэ загварыг зөвхөн зорчих чиглэлийн дагуу хоёрдугаар эгнээнд суурилуулна. Хүүхдийн өсөлтийн хэрээр суудлын дээд хэсэг авагдаж, зөвхөн доод хэсэг үлдээнэ.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж