“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт ‘Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Гадаад харилцааны яамыг онцолж байна.
Япон Улсад 100 мянган ам.долларын тусламж үзүүлнэ
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар даваа гаригт /2018.07.16/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаокаг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас нэг зуун мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдсэн юм.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Гамшгийн улмаас олон хүний эрдэнэт амь үрэгдэж, их хэмжээний хохирол учирсанд монголчууд бид ихээхэн сэтгэл өвдөж, санаа зовниж байна. Хэдхэн хоногийн өмнө Гамшгийн асуудлаарх Азийн сайд нарын ээлжит бага хурал Улаанбаатар хотноо болох үеэр улс орнууд гамшгийн эрсдэлийг гагцхүү бүгдээрээ хамтдаа байж даван туулах тухай ярилцсан билээ. Энэ талаар хэлэлцээд удаагүй байтал Япон Улсад үерийн гамшиг тохиолдлоо. Бидний хамтын ажиллагаа хичнээн чухал болохыг дахин мэдэрч байна” гээд монголчууд бүгдээрээ хүнд хэцүү цагт япон анд нөхдүүддээ сэтгэлийн дэм өгөхийг чин сэтгэлээс хүсч байгааг дурдав. Элчин сайд М.Такаока Монгол Улсын Засгийн газар, ард түмний дэмжлэгт чин сэтгэлээс талархаж байгаагаа илэрхийлээд “Энэ нь Монгол, Японы бат бэх найрамдлын илэрхийлэл юм” гэв.
Энэ үйл явдалтай холбогдуулан Японы “Киодо Цуушин” мэдээллийн агентлагийн сурвалжлагч Х.Макото Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас ярилцлага авах хүсэлт гаргажээ. Х.Макото Япон Улсын баруун бүст үерийн гамшиг тохиолдсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, Японы ард түмэнд энэхүү шийдвэр чухал ач холбогдолтой, “сайн мэдээ” болохыг тэмдэглэв. Сайд Д.Цогтбаатар “Монгол Улс гамшгийн хүнд хэцүү үед Япон Улс, японы ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаа” гэж, байгалийн гамшгийн эсрэг улс орнууд хүчин чармайлтаа нэгтгэж ажиллахын чухлыг онцлов. Түүнчлэн ярилцлагын үеэр Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв, Зүүн хойд Азийн бүс нутгийн нөхцөл байдлын талаарх манай улсын байр суурийн талаар мэдээлэв.
Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг Итгэмжлэх жуух бичгээ гардуулав
Монгол Улсаас Катар Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг өнгөрсөн даваа гаригт Катар Улсын Дэд Эмир Эрхэм дээд Шейх Абдулла бин Хамад Аль-Танид Итгэмжлэх жуух бичгээ гардуулав. Итгэмжлэх жуух бичгээ гардуулах үеэр Элчин сайд З.Чинтүшиг Эрхэм дээд Шейх Абдулла бин Хамад Аль-Танид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлаад хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсролын салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.
Катар Улсын Дэд Эрхэм дээд Эмир Шейх Абдулла бин Хамад Аль-Тани Элчин сайдад ажлын өндөр амжилт хүсээд, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Т.НОМИН