Энэ сарын эхээр Японы баруун нутгаар 10 гаруй хоног үргэлжлэн орсон борооны улмаас үер бууж нийтдээ 100 гаруй хүн амь насаа алдаж, 60 гаруй хүн ор сураггүй алга болсон. Мөн 255 мянга гаруй барилга байшин устаж, зам харгуй үгүй болж, таван мянга орчим хүн орон гэргүй болсон учир Японд ажиллаж амьдарч буй Монголын ТББ-ууд нэгдэн гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд туслах хандивын аяныг эхлүүлээд байгаа юм. Хандивыг нээсэн 14-нөөс хойш одоогоор Монголоос 1.100 мянга орчим, Япон дахь Монголчуудаас 100 мянган иен цуглараад байгаа бөгөөд Японд үйл ажиллагаа явуулж буй ТББ -ууд мөнгөн дүнгээ өөр өөрийн дансандаа хуримтлуулж байгаа аж. Тэд энэ сарын 20-ны өглөө гэхэд Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэгийн дансанд нэгтгэх юм байна.
Энэ сарын 21-22 ны өдрүүдэд Халуун сэтгэл in Japan болон Япон дахь оюутны холбооны төлөөллүүд болох 20 гаруй залуус Хирошимад очиж ажиллах үеэрээ хандиваа хүлээлгэн өгөх гэнэ. Энэхүү үйл ажиллагааны замын зардлыг Хакухо М.Даваажаргал гаргаж өгөхөөр яригдаж байгаа гэдгийг Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэгийн тэргүүн Л.Энхсүх тодотголоо.