Хөнгөн атлетикийн ДАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

Хөнгөн атлетикийн ДАШТ эхэллээ

Нэр хүнд, хамрах цар хүрээ, чанар чансаа зэргээрээ олимпийн наадам
болоод хөлбөмбөгийн дэлхийн аваргын дараа бичигддэг хөнгөн атлетикийн
ДАШТ өнөөдөр БНСУ-ын Дэгү хотноо эхэллээ.

Энэ жилийн спортын салбарын хамгийн том үйл явдал гэгдэж буй ДАШТ тус
хотын Дэгү нэртэй цэнгэлдэхэд болох бөгөөд дэлхийн 203 орны 1943
тамирчин өрсөлдөх юм. IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос
дэлхийн аваргын шалгуурыг өндөрсгөж, зөвхөн олимпийн А, В норматив
хангасан тамирчдыг нэр цохон дуудсанаас гадна шалгуур даваагүй зарим
орны тамирчдыг цагаан хуудсаар дэлхийн аваргад оролцуулж байгаа юм.
Монголын баг тамирчдын тухайд эрэгтэй, эмэгтэй марафоны төрөлд ОУХМ
Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар өрсөлдөнө. Дээрх хоёр тамирчин хоёул олимпийн А
нормативийг биелүүлж, Лондонгийн олимпийн эрхээ аваад байгаа билээ.

Дэлхийн аваргын хуваарийн дагуу өнөөдөр эмэгтэйчүүдийн марафон гүйлт болж, нийт 55 тамирчин гараанаас гарснаас 46 тамирчин барианд орлоо. Манай улсын шилдэг тамирчин ОУХМ Л.Отгонбаярын хувьд 2:45:58 цагийн амжилтаар 39-р байранд орсон байна. Кенийн тамирчид шилдэг нь байж эхний гурван байр эзэллээ. Харин Ази тивээс Япон болон Хятадын тамирчид 5, 6-р байранд орсон байна.

 Хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн 100 м, 800м, уртын харайлт болон тулгууртай харайлт, эмэгтэйчүүдийн 100 м, 400м болон бөөрөнцөг шидэлтийн урьдчилсан шатны тэмцээнүүд үргэлжиж байна.

Оройн 22.00 цагт эмэгтэйчүүдийн 10000м аваргууд тодрох юм.

Харин тэмцээний хаалтын өдөр буюу есдүгээр сарын 4-нд ОУХМ Б.Сэр-Од эрэгтэйчүүдийн марафонд уралдах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж