АТГ-ын байшинд, тэр тусмаа даргатай нь, өрөөнд нь уулзаж байгаагүй хүмүүс өчигдөр сошиал медиагийн “буян”-д үнэн худал нь үл мэдэгдэх бичлэгээс АТГ-ын даргын өрөө хаанаа байдаг, ямар хивс шаттайг мэдэж авсан байх. Тэр бичлэгийн зорилго нь АТГ-ын “ажлаа өгдөггүй” даргатай холбоотой тараагдсан бололтой. Ерөнхий сайд асныг өрөөндөө цайлж дайлж байцаалт авдаг гэнээ гэж шоолуулах, үзэн ядуулах үүргээ ч овоо биелүүлсэн биз. Харин АТГ-ын даргын өрөө хэрэв мөн бол тэр бичлэг хэрхэн тараагдав. Тийм дархлаа султай, аюулгүй байдлаа хамгаалж чаддаггүй “тусгай чиг үүргийн” байгууллага уу.
Ер нь АТГ-ын дарга болон түүний ажлын байр хэрхэн хамгаалагдах ёстой юм бол. Энэ нь мэдээж тус байгууллагын үйл ажиллагааны баталгааг хуулиар заасанчлан “АТГ-ын дарга, дэд дарга нь Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байна”, “АТГ-ын албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд ажлаас чөлөөлөх, огцруулах, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажил, албан тушаалд шилжүүлэхийг хориглоно” гэснээс гадна нууцын зэрэглэлтэйгээр аюулгүй ажиллагааны нөхцөл байдлын талаар тодорхой шийдвэрүүд байдаг биз. Гэхдээ АТГ-ын дарга дээр “гүйцэтгэх ажиллагаа явуулжээ” гэж хардахуйц дээрх бичлэгээс харахад үйл ажиллагааны аюулгүй байдалд нь эргэлзэхгүй байх аргагүй юм байна.
Одоогоос дөрвөн жилийн өмнө 2014 оны зургадугаар сарын 20-нд тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын өрөөнөөс 2014 зургадугаар сард чагнах төхөөрөмж илэрсэн. Эхлээд АТГ няцаасан. Дараа нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “ Гүйцэтгэх ажлын талаарх мэдээлэл мөрдөн байцаалтын нууцад хамаарах тул олон нийтэд дэлгэх боломжгүй’ гэсэн хариулт өгсөн. Үр дүнд нь “гол баатар” буруутах гэхээсээ илүү АТГ-г гүйцэтгэх ажиллагаа явуулж байхад нь ТЕГ нууцыг нь задалчихлаа л гэж нийгэмд харагдсан. Тэр ч байтугай тухайн үеийн Ерөнхий сайд УИХ-ын чуулганы индрээс чанга дуугаар зарласан.
Тэгвэл энэ удаад АТГ-ын дарга дээр ТЕГ, эсвэл бусад эрх бүхий байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулав уу, эсвэл АТГ-ын даргын өрөөг харуулдаг камерын бичлэг нь хэн ч ороод харж, хуулж авч, нийтэд тарааж болохуйц хэмжээнд хамгаалагдсан, нууцлагдсан байдаг уу гэдэг асуудал анхаарал татлаа.
АТГ-ын үйл ажиллагааны баталгаанд зааснаар “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын зөвшөөрөлгүйгээр, бусад албан хаагчийг Авлигатай тэмцэх газрын даргын зөвшөөрөлгүйгээр албадан саатуулах, цагдан хорих, баривчлах, орон байр, албан тасалгаа, унаа болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно”, “Авлигатай тэмцэх газрын албан хаагчийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэргийн газар гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилсан бол Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргын талаар Улсын Их Хуралд, бусад албан хаагчийн талаар Авлигатай тэмцэх газрын даргад 48 цагийн дотор мэдэгдэнэ” гэж заажээ.
Дээрх тохиолдолд АТГ-ын дарга нь албан хаагчийнхаа асуудлыг шийдэхээр тусгасан байна. Харин АТГ-ын дарга нь “асуудалд орвол”, дээрх нөхцөл байдалд орвол яах вэ. Уг нь УИХ шийддэг гэж бодсон үгүй юм байна. Одоо болтол яахаа мэдэхгүй байгаа бололтой юм. Ингээд АТГ-ын даргатай “тэмцэж” байх явцад нь АТГ-ын дархлаа алдагдаж, аюулгүй байдлын баталгаа нь эрсдэлд орсныг харж авлаа. Хуульд зааснаараа бол Авлигатай тэмцэх газрын байр төрийн хамгаалалтад байна. Тэгвэл бичлэгийг хуулж байх, цацаж тараах үед нь төр яаж хамгаалсан бэ. Энэ бол бичлэг үнэн худал болон бичлэгийг хийсэн өдөр Ерөнхийлөгч АТГ-ын дарга, дэд даргын асуудлаар УИХ-д албан бичиг хүргүүлсэн зэргээс тэс өөр, ноцтой асуудал. Хэдийгээр батлагдах албагүй давхцал, тохиолдол гэж үзэж болох ч хэзээ, яагаад гэхээсээ АТГ-ын даргын өрөөг тагнадаг, тагнасан чагнасан бичлэг нь бусдын гарт орж болдог, тэр ч байтугай хяналт тавьж чадахгүй байгаа сошиал медиагаар тараасан зэрэгт хэн хариуцлага хүлээх нь хамгийн сонирхолтой байна. Эндээс харахад АТГ-ын даргатай тэмцэх явцдаа тус байгууллагын дархлаанд халдчихав уу гэх түгшүүр төрж, хариуцлагатай хариулт өгөхийг шаардах нь зүйтэй болов уу.