Мексикийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Андрес Мануел Лопез Обрадор өнгөрөгч ням гаригт болсон хэвлэлийн хурлын үеэр өөрийнхөө авах цалинг 60 хувиар бууруулахаар болсноо мэдэгджээ. Тэрбээр, Тэрбээр, “Бид хэн бүхэнд хүрч чадах төсөв бүтээмээр байна” гэжээ. Лопез Обрадор өөрийн энэ үйлдлийг Мексик улсын төрд хорт хавдар мэт тархсан авлигал хээл хахуултай тэмцэх эхний алхам хэмээн тайлбарлажээ. Тэрбээр өөрийн цалинг цааш улам их хасуулахыг хүссэн боловч бусад кабинетын гишүүдийн дургүйцлийг хүргэх болов уу хэмээн бодож 60 хувь дээр тогтжээ. Тэрбээр засгийн газрын үр зардалгүй төсвийг цаашид ч танаж хэмнэхээ мэдэгдсэн байна. Жолооч, бие хамгаалагч, эрүүл мэндийн даатгал зэрэг үйлчилгээнүүдэд зарах төсвийг хэмнэж урьд нь ерөнхийлөгч байсан улс төрчдөд тэтгэмж олгохыг зогсоохоо мэдэгджээ. Мөн улс төрчид өөрсдийн хөрөнгийг нийтэд мэдээлж байх тогтолцоог нэвтрүүлнэ гэжээ.
Засгийн эрх барих зургаан жилийн хугацаанд тэрбээр 108000 мексик.песо буюу 5707 ам.долларын цалин сардаа авч байхаа мэдэгджээ. Одоогийн Мексик улсын ерөнхийлөгч Энриек Пена Нието сард 270 мянган мексик.песо буюу 14323 ам.доллараар цалинждаг ажээ.
“Энэ л бидэнд хэрэгтэй зүйл. Би бага цалинтай нийгмийн ажилчид хахууль авч амьдрахыг харж ханалаа” гэж засгийн газрын ажилтан, 57 настай Жосефина Арчинега мэдэгджээ. Мөн “Олон Мексикийн эмч, нягтлан бодогчид сардаа 6000 мексик.песо/318 ам.доллар/ цалин авч чаддаггүй. Удахгүй ерөнхийлөгч болох Лопез Обрадорын саналыг дэмжиж байна” хэмээн химийн инженер мэргэжилтэй Орланда Алварода ярьжээ. Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Лопез Обрадорын гаргасан саналыг мексикийн иргэд сайшааж дэмжиж байгаа ажээ.
Дашрамд, Лопез Обрадор нь ирэх арванхоёрдугаар сараас ерөнхийлөгчийн албан үүргийг хүлээж авах юм.
Г. Батмандах
Эх сурвалж: LA Times