Үерт нэрвэгдсэн Борнуурынхан

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

Үерт нэрвэгдсэн Борнуурынхан

Үерт нэрвэгдсэн Борнуурынхан

“Өндөрлөг газар гараарай, бушуулаарай” гэсээр хүмүүс амьсгаа даран гүйлдэнэ. Бороо тасралтгүй орохтой зэрэгцэн үерийн дохио хангинаж эхэллээ. Хажуугаар өнгөрсөн хүмүүс “машинаа яаралтай холдуул, уулнаас дахиад үер бууж байна, гэрээсээ битгий гараарай” гэлцэв. Эргэн тойрныг ажвал үерийн ус хүчтэй цутгаж, зам талбай, хашаа хайс эвдэрч сумын төв тэр чигтээ усанд автжээ. Одоогоос хоёр хоногийн өмнө хотоос 100 км зайд орших Төв аймгийн Борнуур суманд ширүүн аадар бороо асгарчээ. Энэ удаа ч мөн борооны улмаас тус суманд үер бууж зам талбай, гүүрэн байгууламж тэр чигтээ эвдэрч 60-70 айл усанд автаад байна.

Долдугаар сарын 17-ны Мягмар гаригийн 13.00 цагийн үед Борнуурт очиход сумын төвийн гүүр эвдэрч, хажуу талаар нь үерийн шар ус цутган, шавар шавхай урсч байлаа. Цааш явбал оршин суугчид үерт автсан гэрийнхээ эд зүйлсийг хатаахаар хашаандаа гаргаж, шавартай барьцалдсан тавилгаа цэгцэлж байв. Зарим айлын хашаанд хувин сав, тавилга хэрэгсэл урсч ирсэн харагдана. Иргэдийн хэлснээр биднийг ирэхээс хэдхэн минутын өмнө энд дахин үер буусан байжээ.


Хашаа хайс, байтугай машин хүртэл урссан

Хэсэг иргэд үерт урссан замыг янзалж байхтай таарлаа. Тэдний нэг болох тус сумын оршин суугч Б.Бандиа “Өчигдрийн орсон борооны улмаас манай суманд гамшиг тохиогоод байна. Нийтдээ 48 минут үргэлжилсэн бороонд хашаа хайс байтугай машин хүртэл урсч байсан. Ус яаж үерлэснийг та бүхэн хар л даа. Энэ цаад талын дэлгүүр гэхэд лангуу нь тэр чигтээ усанд автаад бараагаа саяхан ачаад явж байсан. Та нарыг ирэхээс хэдхэн минутын өмнө дахиад өчигдрийнх шиг үер буугаад бид хэд сандраад сууж байна. Зүв зүгээр байсан хар замуудыг хуулаад хаячихсан байгаа биз. Үнэхээр манай суманд байгалийн гамшиг тохиолоо. Тиймээс бороо битгий ширүүсээсэй гэж залбирч сууна” гэж бухимдангуй ярилаа.

Ийн бороо түр намжиж иргэд эвдэж сүйдсэн зам талбайгаа арчилж байв. Биднээс хэдхэн метрийн зайд дэлгүүрийнхээ доторх усыг шавхаж байсан Б.Сарангуа “Хэцүүхэн юм боллоо. Өчигдөр дэлгүүрийн хаалга хаагдахгүй, нэг метр 20 см орчим ус тогтсон байсан. Энэ хавийн айлууд ч ялгаагүй байшингийнхаа тал хиртэй усанд автсан байсан. Бороо орж байсан ч уулнаас уруйн үер урсаад ирнэ гэж яаж мэдэхэв. Азаар хүний амь эрсдээгүйд баярлаж байна” гэлээ.

Хоёр том гүүр, явган хүний зам, засмал зам сүйдлээ

Бид тус сумын захиргааг зорьж Засаг дарга Б.Ууганбаяртай уулзсан юм. Тэрбээр “Манай сумын хэмжээнд маш том хохирол нүүрлэлээ. Хоёр ч гүүр явган хүний зам, засмал зам сүйдлээ” гэсээр яриагаа эхлүүлэв.

– Үерийн улмаас хэчнээн айл өрх усанд автсан бэ. Хоёр гүүр эвдэрсэн байдал ажиглагдлаа. Үүссэн нөхцөл байдлын талаар товчхон мэдээлэл өгөхгүй юу?

– Өчигдөр /2018.07.16/ 12.00 цагийн орчимд бороо орж үер буулаа. Өнөөдрийн байдлаар манай сумын төвийн хэмжээнд бүхэлдээ усанд автаж, маш их хэмжээний хохирол нүүрлэлээ. Сумын хоёр гүүр эвдэрч 500 метр засмал зам, явган хүний зам сүйтгэгдлээ. Үерийн улмаас 60 гаруй айл усанд автаж, нэг айлын гэр урссан. Бид бүхий л боломжоороо ард иргэдээ үер усны аюулаас сэрэмжлүүлж, болзошгүй эрсдэл гарахаас урьдчилан сануулж байна. Мөн Улаанбаатар хотоос төв замаар салж ордог уулзвар замын том гүүр эвдэрсэн. Аймгийн удирдлагууд манай суманд хоёр дах өдрөө ажиллаж байна. Бид эвдэрч сүйдсэн зам талбай, гүүрээ хэрхэн сэргээх талаар яг одоо аймгийн удирдлагуудтай хуралдахаар сууж байна.

– Үерийн голомтод хичнээн хүн ажилласан бэ.Хүний амь нас эрсэдсэн тохиолдол гарсан уу?

– Өчигдрийн байдлаар 80 гаруй хүн ажилласан. Тухайлбал, Засаг даргын Тамгын газрын бие бүрэлдэхүүн, сумын аврах албаныхан ажиллаа.

– Хохирлын хэмжээг тодорхойлсон уу?

– Өнөөдөр дахиад үер буусан учир хохирлын хэмжээг бүрэн тодорхойлох боломжгүй. Манай сумын хоёр том гүүрэн байгууламж эвдэрснийг та бүхэн харж байгаа байх. Хамгийн гол нь бид айл өрх, иргэдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндэд анхаарч байна.

–  Үер буусны дараа айл өрхүүдэд халдваргүйжүүлэлт хийж байгаа юу?

-Айл өрхийн хэмжээнд эрүүл мэндийн байгууллага халдваргүйжүүлэлтээ хийгээд ажиллаж байна. Мөн сумын цэцэрлэгийн хоёр анги усанд автаж усыг шавхахаар ажиллаж байгаа. Хүүхдийн эрүүл орчныг бүрдүүлэхийн тулд усанд автсан эд хэрэгслийг бүгдийг нь актална. Сум орон нутгийнхаа ард иргэдэд үер уснаас болгоомжилж, өндөрлөг газар байхыг зөвлөж байна. Манайхаас сэрэмжлүүлэг өгөөд зарим айлыг нүүлгэхээр болсон.

Үерийн голомтод хүний амь нас эндээгүй

Үерт өртсөн айлуудын гэр сумын төвөөс холгүйхэн байв. Тухайлбал тус сумын оршин суугч Е.Галбаатарын хоёр давхар байшингийн зоорийн давхар тэр чигтээ усанд автаж, модон жорлон нь урссан байлаа. Гэрийн эзэгтэйн хэлснээр уулнаас хуйларсан үерийн ус урсч хашаан доторх эд зүйлсийг бүгдийг нь урсгах дөхжээ. Тэрээр “Бид нар олуулаа байсан тулдаа хашаагаа онгойлгож дийлсэн. Гэрт ус орж ирэхэд хүүхдүүдээ аваръя гэж бодон гэрээсээ арай ядан гарлаа. Тухайн үед хашаа нурж унаад юу юугүй л хамаад явах шахлаа. Одоо хашаан доторх энэ их шаврыг яалтай билээ. Өнөөдөр дахиад үер болж магадгүй гэж дуулаад бага насны хүүхдүүдээ өгөөд явуулсан” гэж ярилаа.

Борнуур сумын Бороо голын усны харуул П.Даваахүү дараах мэдээллийг өгсөн юм. Тухайлбал, өчигдөр /2018.07.17/ 12.05 цагийн орчимд орсон бороо 14.05 цаг хүртэл үргэлжилсэн. Усны түвшин 13.00 цагт 40 миллитреер нэмэгдсэн байсан бөгөөд үерийн мэдээг хоёр цаг тутамд дамжуулсан. 17.00 цагийн орчимд гол хэвийн байдалдаа шилжсэн ч эрэг хальж, явган явахаас өөр ямар ч боломжгүй болсон. Машин тэрэг хүртэл явахад хэцүү болж ирсэн. Гэхдээ аз болж хүний амь нас эрсдээгүй. Бид нар хоёр цаг тутамд урьдчилан сэргийлэх үерийн мэдээг дамжуулж байна” гэсээр яриагаа өндөрлөв.

Түүнчлэн үерийн улмаас Борнуур сум руу орох гүүрэнд суулт өгч эвдэрчээ. Үүний дагуу Төв аймгийн Баянчандмань сумын Замын цагдаагийн хэсгээс тус замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замд буюу ‘Урьхан’ зоогийн газрын орчим их хэмжээний бороо орж үер буусан тул тус чиглэлийн автозамаар зорчих боломжгүй байгаа юм.

Гэрэл зургийг: Н.Батмөнх

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж