Ц.Оюунгэрэл: С.Баярцогтыг намаас хөөнө гэдэг коммунист намын үйлдэл

Хуучирсан мэдээ: 2018.07.18-нд нийтлэгдсэн

Ц.Оюунгэрэл: С.Баярцогтыг намаас хөөнө гэдэг коммунист намын үйлдэл

Ц.Оюунгэрэл: С.Баярцогтыг намаас хөөнө гэдэг коммунист намын үйлдэл

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.


-Байгаль дэлхий нар, хураа тэгш хайрлаж, монголчууд дэлхийд ганцхан монгол наадмаа өргөн дэлгэр тэмдэглэлээ. Танай гэр бүлийн хувьд хэрхэн наадав?

-Жилийн жилд цэнгэлдэхэд нааддаг байсан бол энэ жил  Хүй долоон худгийн дэнжид наадлаа. Уяачдын галаар орж найз нөхөдтэйгөө ч уулзалдаж сайхан наадлаа.

-Таны нөхөр Монгол наадамд дуртай биз?

-Дуртай байлгүй яахав. Наадмын өглөө дээлээ өмсөөд, хуушуураа иднэ гээд л гардаг. Мөн бөх үзэх дуртай. Энэ жилийн наадмаар дэмжсэн бөх нь долоогийн даваанд уначихсан. Манай нөхөр түрүүлсэн бөхийг “Ямар бөх түрүүлэв” гээд асуухаар нь Увсын бөхчүүдийн тухай олон тайлбар хэлэхээс залхуураад “wrestling powerhouse Увсын бөх” гэж хэлтэл шууд ойлгосон. Шилдгийн шилдэг хүчтэнүүдийг төрүүлдэг Увс гэдэг газрын бөх түрүүллээ гэж хэлсэн санаа.

-Энэ жилийн наадмаар шинэ аварга төрлөө. Та твиттертээ ‘Н.Батсуурь гэдэг бөхийг хүлээн зөвшөөрнө. Гоё бөх байна’ гэж жиргэсэн байсан?  

– Н.Батсуурь үнэхээр ганган барилддаг юм билээ. Ярих юм байхгүй. Тэгж гоё барилдаж байгаа бөхийг хүлээн зөвшөөрлөө. Гоё бөх байна. Увс нуураа дуул дуул гээд  бага зэргийн хошин жиргээ байсан гэх үү дээ. /Инээв/

-Та сүүлийн үед ер нь юу хийж байна. Ном бүтээл туурвиж байна уу?

-“Жорлонгоо өөрчилье” аяндаа түлхүүтэй анхаарч байна. Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш орон даяар “Жорлонгоо өөрчилье” сургалт явуулсан. Сургалтын дараа жорлонгоо өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй хүн олон болсон учраас тэдэнд жорлонгоо өөрчлөх санхүүжилтийг нь бий болгох чиглэлд тусалж эхэлсэн. Өнгөрсөн зургадугаар сард Капитрон банктай “Нутгийн шийдэл сан” маань хамтын ажиллагааны ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд “Эко Жорлонгийн зээл”-ийн санхүүжилтийн эх үүсвэр босгоход нь Капитрон банктай хамтран ажиллана. Бид уг аяны хүрээнд зөв, зохистой жорлонгийн талаар иргэдэд мэдээлэл өгч, сургалт явуулж байна.

-Ер нь яагаад “Жорлонгоо өөрчилье” аяныг өрнүүлэх болсон бэ. Нэг талд М.Зоригт “Бидний цөөхөн монголчууд” аян эхлүүлж нөгөө талд нь та Цэвэрч Монгол төсөл эхлүүлсэн нь нийгэмд хардлага, сэрдлэг төрүүлж байна л даа.   Хоорондоо ямар нэгэн уялдаа хамаарал бий юу?

-Ямар ч холбоогүй хоёр өөр төсөл. “Бидний цөөхөн Монголчууд” төсөл бол аль эрт эхэлсэн, архив бүрдүүлэх төсөл. Манай төсөл анх нэг жилийн хугацаатай зарлагдсан. Гэхдээ хүмүүсийн идэвх, ажлын явцыг харахад цаашдаа үргэлжлэх хандлагатай байна. Тиймээс энэ төслийг 2020 он хүртэл үргэлжлүүлэх зорилготой байна. 2020 он гэхээр хүмүүс бас сонгууль болтол хийх гэж байна гэх зэрэг улстөржих л байх. Би өнөөдөр иргэнийхээ хувьд ТББ-ынхаа шугамаар уг төслийг хийж байна. Нөгөө талаас монголчууд жорлонгоо өөрчлөх зайлшгүй олон шаардлага бий. Эрүүл мэндийн асуудлаас эхлээд бага насны хүүхэд жорлонд унаж нас барсныг сонсохоор элэг зүрх эмтэрч  үнэхээр хэцүү байдаг. Мөн бид аялал жуучлалаа хөгжүүлж нэг сая жуулчин татъя гэвэл наад зах нь жорлонгийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Үеийн үед өмхий жорлонд бие засдаг улс хэвээр байж болохгүй. Дэлхий нийтэд жорлонгийн хувьсал өөрчлөгдөж байна. Тиймээс Монголд ч өөрчлөх хэрэгтэй. Надад жорлонгоос өөр барьж авах  сэдэв байсан уу гэвэл мэдээж байсан. Гэхдээ нэгдүгээрт, олон сэдвийн араас хөөцөлдөх цаг хомс. Хоёрдугаарт, мөнгө санхүү шаардлагатай. Гуравдугаарт, “Жорлонгоо өөрчилье” аяныг нэг хүний ганцаараа хийж чадах ажил биш. Тиймээс  “Нутгийн шийдэл сан ” гэж жижигхэн ТББ-ынхаа хэмжээнд хийж чадах нэг ажлаа л барьж авсан гэсэн үг

-Үр дүнгээ өгч байна уу?

-Өгч байгаа. Жорлонгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын идэвх сэргэж байна. Энэ бол  маш чухал. Учир нь, жорлонг үндэсний хэмжээнд өөрчлөхөд компаниуд л зах зээлд хүргэж өгч, бизнесийн шугамаараа амьдрах ёстой. Аль болох олон компани  хэрэглэгчдийнхээ төлбөрийн чадварт нийцсэн бүтээгдэхүүн гаргаасай л гэж хүсч байгаа. Тэр олон бүтээгдэхүүн дундаас зөвийг нь сонгох мэдлэгийг бид олгож байна гэж ойлгох хэрэгтэй. Товчхондоо зах зээл буюу худалдан авагчид зөв жорлон сонгох мэдлэг мэдээлэлтэй болж компаниуд нь тэдний худалдан авах чадварт нийцсэн хямд бүтээгдэхүүн нийлүүлэх, банкууд нь түүнийг санхүүжүүлэх чадвартай болчихвол жорлон маш сайн өөрчлөгдөнө. Бид энэ гурван тулгын чулууг түшиж ажиллаж байна. Манай төслийн эхний долоон сарын ажил иргэдэд зөв жорлон сонгох мэдлэг, чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн. Дараагийн хоёр сар бид эко жорлонг санхүүжүүлэх чиглэлд банкуудад санал тавьж байгаа. Одооноос нийлүүлэгчдээ дэмжиж ажиллана. Нийлүүлэгчид зөв жорлонгоо, богино хугацаанд, хямд үнээр нийлүүлж чаддаг байх ёстой.

‘Засгийн газар ур чадваргүй байна’

-Та улс төрийн тойргийн гадна байгаа ч улс төрийн өдөр тутмын үйл явцыг анхааралтай л ажиглаж байгаа болов уу. Таны хувьд энэ Засгийн газрыг ямар хэмжээнд ажиллаж байна гэж дүгнэх вэ?

-Ер нь бол аливаа Засгийн газар мөнгө муутай байдаг. Засгийн газрын хийх ажил нь мөнгийг яаж олж, түүнийгээ хэрхэн зарцуулах вэ гэдгийг л хийдэг. Гэтэл энэ Засгийн газарт мөнгө яаж олох вэ гэдэгт толгой өвдөх асуудал байхгүй. ОУВС тэдэнд мөнгө өгчихсөн, түүнийгээ хэрхэн зарцуулахыг нь мөн заагаад өгчихсөн. Гэвч яг юунд  хэдэн төгрөг зарцуулж, ямар үр дүнд хүрэх вэ гэдэг ямар ч чиг баримжаагүй Засгийн газар ажиллаж байна. Юм юм руу цавчиж байгаа харагдаж байна. Төрийн байгууллагууд нь мөн адил. Хамгийн түрүүнд ийм юм хийх ёстой гэсэн чиг шугам байхгүйгээс болоод дэмий зүйлээр пиар хийдэг. Төрийн байгууллагууд нь хоорондоо хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад л, энэ тэнд шонгийн мод ухах нэрийдлээр хадаг, цай болох, жижиг сажиг тууз хайчлахаас илүү харагдахгүй байна. Хаа хаанаа ажлаа мэдэхгүй хүмүүс их байна даа л гэж харж сууна даа. Ажлаа хаанаас яаж хийх дэс дараалалгүй, бодлого ч үгүй  болохоор татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсч байна.  

-Үүний шалтгаан нь юунд байна?

-Чадвар. Ердөө л энэ засаг, төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс болон Ерөнхий сайдынх нь ур чадвартай холбоотой асуудал.

-2016 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар хамгийн хүнд эдийн засгийг хүлээж авсан гэдгийг онцлон дурддаг байсан. Үнэхээр тэдэнд мөнгөгүй Засгийн газар үлдээсэн юм уу?

-Аль ч Засгийн газар хүнд төсөв хүлээж авдаг. Уут дүүрэн мөнгөтэй төсөв хүлээж авч байсан Засгийн газар байгаагүй байх. Ер нь уут уут мөнгөтэй байдаг Засгийн газар дэлхийд ч ховор. Дэлхийн 200 орныг жагсаахад дараагийн Засгийн газартаа уут мөнгө бэлэн өгдөг Засгийн газар 20 хүрэхгүй байх. Харин Засгийн газрууд юугаараа ялгардаг вэ гэхээр тухайн хүнд байдлаас хэдий хэр хугацаанд хөл дээрээ босч хүнд нөхцөл байдлаас гарах вэ гэдэг схемээ л зөв гаргах ёстой байдаг.  Манай Шинэчлэлийн Засгийн газрын үед ч тэр  бид хов хоосон л төсөв хүлээж авсан. Маш богино хугацаанд хөрөнгө босгох, түүнийг зөв зарцуулах дэс дарааллаа гаргаад хоёр жилийн дотор олон ажлыг “гялалзуулсан”. Зовлон ярих юм бол бүгд л адилхан зовлонтой байсан. Хамгийн гол нь хийх ажлаа  зөв тодорхойлж, төсвийн сахилга батыг сайжруулж хурдан хугацаанд  босгож ирнэ гэдэг нь  тухайн Засгийн газрын тэргүүнээс л шалтгаалдаг юм л даа.

-Танай намыг засаг барьж байхад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тийм ч өндөр байгаагүй. Харин МАН-ынхан Засгийн эрх барьснаас хойш нүүрсний үнэ өсөлтөө удаан хадгалж байгаа нь эдийн засагт ногоон гэрэл асаах боломж гэж харж болох байх. Гэтэл Засгийн газар авдраа уудлахгүй айлаас эрж ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нь хэр зөв шийдэл байсан бэ?

– ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар ядахдаа л олон улсад итгэл сэргэж байна. Үгүй байсан бол бидний зээлжих зэрэглэл буурч, олон улсад нэр хүнд унаж, бизнес хийх хүн цөөрнө. Нэг хэсэгтээ бидний нэр төрийг торгоож байгаа юм. Нөгөө талаасаа Засгийн газрын дураараа зарцуулалтыг нь дарж өгөн “Энэ хэмжээнд төсвийн сахилга баттай ажилла” гэсэн ОУВС-гаас шаардлага тавьж байгаа. Гэвч Засгийн газар тэдний шаардлагад нь зохицоод, төсвийн сахилга батаа сайжруулаад, ажлаа хийж сурахынхаа оронд юу ч хийхгүй зүгээр суугаад байгаа нь үнэхээр үрэлгэн байна. Зүгээр суух тусам л сул цалин урсана. Төр засгийнхан юм хийхгүй нэг өдөр өнжихөд л тэр хүний цалин төлөгдөж л байгаа шүү дээ. Энэ хэрээр бүтээмжгүй олон хүн төрд бий болох тусам дэмий зардал гаргаж байна гэсэн үг.

-ОУВС-гаас Засгийн газар бүх зүйлээ асуудаг нь толгойгүй төр мэт болсон гэх шүүмжлэл олон нийтийн дунд гардаг. Хүүхдийн мөнгө олгох, цалин нэмэх эсэхээ ч тэднээс асуулаа гээд танай намынхан шүүмжилдэг?

-Анхнаасаа худлаа хэлсэн Засгийн газар цаашид ч гэсэн худлаа хэлэхээс өөр аргагүй. Ялаа заан болсон тухай үлгэр мэднэ биз дээ. Яг түүн шиг анхнаасаа мөнгөгүй гэдгээ мэдсээр байж ингэнэ, тэгнэ гээд худлаа амалчихсан. Түүндээ бантаад асуудлаас бултахын тулд ОУВС-гаас асууна гээд дараагийнхаа худал үгийг хэлж байгаа юм. Тэд ингэж худал хэлэхийн оронд “Бид Монгол Улсын хэм хэмжээнээс хэтэрсэн худал амлалт өгсөн байна. Одоо хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг үнэн учраа ард түмэндээ хэлэх хэрэгтэй байхгүй юу. Анхнаасаа худлаа хэлж явсаар байгаад одоо энэ нь арслан, зааны хэмжээнд хүрчихсэн.

-Засгийн эрхэнд гарсан МАН-ын дотоод хагарал намжих нь байтугай илүү хурцадсаар байгаа. Үүнийг дагаад МАН-ын рейтинг нь ч тасралтгүй уруудаж байна гэх. Хоёр ч Засгийн газар солилоо гээд хожиж байгаа зүйл алга гэдэгтэй та санал нийлэх үү?

 -Муудалцъя гэвэл шалтгаан мундахгүй. Эхний ээлжийнхэн шагналын Засгийн газар байсан уу гэдэг таамаг ч олон нийтийн дунд бий. МАН “60 тэрбум”-ын асуудлыг цэгцлэхгүйгээр эвтэй, найрамдалтай ажиллана гэж байхгүй. Үнэнийг юугаар ч дарж нуулаа гээд дарагддаггүй хүчтэй зүйл. МАН бол их сайн нууж чаддаг газар. 70 жил ард түмнээс нуух юмаа нуугаад ирсэн газар. Маш их бохир, өмхий зүйлсийг үнэртүүлэхгүй нууж чаддаг нууцын агуулах шиг газар. “60 тэрбум”-ын хэрэгт МАН холбогдсон уу гэвэл холбогдсон. Түүнтэй холбогдсон хүмүүсээ өнөө хэр шалгаагүй. Шалгах хэрэгтэй. Тэр хүртэл “60 тэрбум”-ыг шалгаж, асуудлыг нэг талд нь гаргаач ээ гэсэн шаардлага хэзээ ч тасрахгүй. Үнэн гэдэг зүйл байрандаа очих хүртэл маргаан дуусахгүй. “60 тэрбум”-тай холбогдсон хүмүүсийг шалгаад хэргийг хаасан тухай АТГ мэдээлсэн. Гэтэл үүний гол дүр нь М.Энхболд дарга. Тухайн схемийг М.Энхболд даргад зориулж бэлтгэсэн. Гэтэл түүнийг нь сонсоод, баталсан хүн нь огт шалгагдаагүй, нэг ч байцаагдаагүй байхад хэрэг хаагдсан гэдэг нь хачирхалтай.

-Эвлүүлэг гэж мэдэгдсэн?

-Дэлхий дээр тийм эвлүүлэг хийдэг хүн хаана байна. Холливиуд ч тийм эвлүүлэг хийж чадахгүй. Эвлүүлэг гэж гүтгэж байгаа чинь үнэнийг дараад сурчихсан хүний мэргэжлийн үг. Харыг цагаанаар, худлыг үнэн болгоод сурчихсан зангаараа л эвлүүлэг гээд байгаа юм. Тэдний яриаг эвлүүлээд сууж байх илүүдээ гарсан цаг зав, мөнгөтэй хүн  гэж хаана байхав.

-Л.Оюун-Эрдэнэ гишүүн энэ хэргийг дахин сөхөж, олон нийтийн дунд нээлттэй сонсгол хийхийг шаардсан?

-Түүний зөв шүү дээ. Хүний дотор шударга, үнэнийг хүсэх байгалийн өгөгдөл гэж бий. Хүн болгонд байдаг. Тэр байгалийн өгөгдлийг намынхаа үзэл суртлаар булшлаагүй л бол хэний ч дотроос гарч ирнэ. Дотроо маажаад байгаа зүйлийг хэлэх нь зөв. Би бол хэлж л орхидог. Би тэгж дотроо тарчилж, маажуулж удаан амьдарч чадахгүй. Ер нь бол хэдий чинээ худал хуурмагийг тэвчиж, алга ташна тэр хэмжээгээрээ ирээдүйгээ хорлоно. Монголоо л хорлож байгаа юм. Бид худлаа бүхэнтэй удаан эвлэрэх тусам Монголд буруу зүйл улам бүр үржээд л байна. Буруу замаар явах хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байна. Хэрэв бид үнэнийг сэргээж, зөвөө үржүүлээд байвал төдий чинээ Монгол Улс хөгжиж, монголчууд сайхан амьдарна. Ер нь бол салбар бүр одоо үнэнээ л хэлэх цаг болчихсон байна. Монголыг зөв, шударга, хөгжлийн замд оруулахын тулд газар бүрт худал хуурмагтай тэмцэх хэрэгтэй. Мэргэжлийн худлаа хэлдэг хүмүүс байна, мэргэжлээ ашиглаж худлаа дүгнэлт үйлддэг, худлаа гарын үсэг зурдаг хүмүүс ч байна. Энэ бүхэн нь лавширсаар Монголыг ухраагаад байгаа юм. Жишээлбэл, “60 тэрбум”-ын бичлэг эвлүүлэг мөн, биш гэдэг дээр гурав, дөрвөн янзын гарын үсэг байна. Анхных дүгнэлт “Яг болсон явдал байна” гэсэн. Хоёр дахь нь болохоор эвлүүлэг байна гэчихдэг. Нэг сонгуульд аль нэг нам ялахаар л техникийн дүгнэлт нь өөрчлөгддөг. Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраар дүүрэн орд газруудыг үнэд хүрэх гэсэн худлаа дүгнэлт. Их алтны нөөцтэй мэтээр худлаа дүгнэлтэд гарын үсэг зурж өгдөг. Тэгээд л нөгөөдхийг нь олборлохгүй хүмүүс хоорондоо дамлаж наймаалах зорилготой. Эсвэл өндөр үнээр авсан хүмүүс нь энэ ордыг ашиглуулахгүй, ухуулахгүй мөнгө өг гэж төрийг дарамталдаг. Эцсийн эцэст энэ бүхний хор хохирол нь ард түмэн, байгаль орчинд л ирж байгаа.

Салбар салбартаа авлигатай тэмцэж, шударга үнэн ажиллаж, амьдрахыг хүсвэл худлаа гарын үсгүүдээ л больчих хэрэгтэй. Шалгадаг, акт тавьдаг хүн нь наад барилга чинь буруу материалаар баригдсан тул нурах аюултай тул гарын үсэг зурахгүй гээд л үнэнээрээ л суучих хэрэгтэй. Тэгвэл хүний дээрээс нурж унах барилга гарч ирэхгүй. Худлаа нөөц биччихсэн орд гарч ирэхгүй. Ухах ёсгүй газар ухаж, ашиггүй газар уурхай нээгдэхгүй. Одоо бол худлаа нөөц тогтоосон газар ашиггүй уурхай ухаад л байгаль орчноо нөхөн сэргээхгүй хаяад зугтдаг асуудалтай байгаа. Энэ бүхэн бол худал хуурмагаас эхэлж байгаа тул “60 тэрбум”-ынхаа асуудлыг шийдэж, төрд байгаа худал хуурмагаа засч чадахгүй бол энэ бүхэн Монголд тахал шиг тархлаа. Юмыг үнэнээр нь ярьдаг байя. Би жорлонгийн тухай ярихдаа яагаад дуртай байдаг вэ гэхээр жорлон дээр худлаа ярих ямар ч шаардлагагүй байна. Хүнд очоод наад жорлон чинь өмхий, заваан шүү гээд хэлэхээр мэдэж байгаа тул хүлээн зөвшөөрнө. Манай “Жорлонгоо өөрчилье” аяны бусдаас ялгарч байгаа зүйл бол бүх юмыг үнэнээр нь ярьж байгаад л байгаа юм. Жорлонгийн бохир, шаардлагатай мөнгөний хэмжээ зэргийг бүгдийг үнэнээр нь ярьж байгаа. Та нарт би мөнгө өгөхгүй, зөвхөн боловсролыг тань олгоно гээд үнэнээ хэлж байгаа. Та мөнгөө төлж чадахгүй бол бид зээлийг чинь хөөцөлдөж өгч болно. Түүнээс биш би танд зүгээр юм өгөх гээгүй шүү гээд л үнэнээ хэлдэг. Тэгэхээр хүмүүс яг үнэнээсээ өөрчлөхийг хүсдэг.

-Жорлон гэлтгүй танай нам ч гэсэн “үнэн” болох шаардлагатай биз?

-Тэгэлгүй яахав.

‘Намын гишүүдийн татвар өндөр, ил тод бус байгаа нь засагдаагүйд шүүмжлэлтэй байгаа’

-Танай намаар сонин сайхан юу байна. Та намынхаа үйл ажиллагаанд хэр идэвхтэй оролцож байна вэ?

-“Жорлонгоо өөрчилье” аян эхэлснээс хойш намынхаа үйл ажиллагаанд огт оролцож чадаагүй. Саяхан манай намаас орон даяар “Монголоо сонсъё” аян өрнүүлсэн. Тэр аянд “Жорлонгоо өөрчилье” сургалт идэвхтэй оролцсон. Сургалтад суусан хүмүүс ч ихэд олзуурхаж байгаа. Нам гэдэг заавал улс орон, үзэл суртал ярих ёстой биш. Нам гэдэг бол гишүүдээ идэвхжүүлж байх ёстой. Гишүүд дотор бол нийгмийн асуудлыг шийдэх чадвартай, ажлыг зөв хийж чаддаг хүмүүсийг л бид бэлтгэх ёстой.

-Ер нь АН-д шинэчлэлт хэр хийгдэж байна вэ?

-Би ч бас энэ талаар шүүмжлээд байгаа л даа. Ер нь бол анхнаасаа шүүмжилсэн. Миний шүүмжлэл хэр зэрэг хүрч байгааг мэдэхгүй байна. Ямартай ч миний хувьд энэ жил намын дотоод асуудалд оролцох цаг зав байхгүй байгаа. Ирэх жилээс намынхаа дотоод ажилд оролцож, ямар шинэчлэлт хэрэгтэй байгааг илүү нарийн ярина гэсэн бодолтой байна.

-Оройтохгүй юу. Сонгууль ч нэлээд дөхсөн байх үед?

-Дотоод ажил руу энэ жилдээ бол огт орж чадахгүй байна. Манай намын татвар өндөр байна гэдгийг би анхнаасаа хэлсэн. Намын санхүүжилт их нууцлаг байдаг. Төр, олон нийт, намын гишүүд, аудит хянаж болдоггүй далд. Тиймээс далд, шилэн бус санхүүжилттэй үед гишүүдээс хэт өндөр татвар авч байна гэдгийг би анхнаасаа хэлээд байгаа. Тэгэхээр үүнийг засах шаардлагатай. Энэ нь дан ганц манай намын асуудал биш. Ер нь Монголын улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгохгүйгээр юм үнэнээрээ оршихгүй.

-Намын удирдлагууд нь хэр ажиллаж байна гэж та бодож байна вэ?

-Үнэнийг хэлэхэд С.Эрдэнэ даргатай уулзаагүй удаж байна. Анх гаргасан шийдвэр нь татварын бодлого байсан. Түүнийг нь би шүүмжилсэн. Тэр шүүмжлэл өнөө хэр засагдаагүй л явж байгаа.

-Тэгвэл та намынхаа гишүүдээс хэнтэй ойр байна вэ?

-Тэр, энэ гэж онцлоод байх юу байхав. Намдаа 20 жил явсан учраас бүгдтэй нь л дотно. Гэхдээ би аливаа шүүмжлэлийг ил хэлчихдэг зантай. Хэн шүүмжлэлийг хүлээж авч байна, хэн авахгүй байна гэдгийг нь хараад л явж байдаг. Хүлээж авсан бол хурдан эвлэрдэг. Авахгүй бол хувийн талаасаа өсөрхөөд, загнаад байхгүй ч буруу зүйлийг нь тааралдахдаа хэлээд л явдаг. Ер нь бол улс төрд хувийн дайсан, хувийн нөхөр чухал биш. Зарчим маш чухал. Зарчим нийлж дуугарах зүйл бол бий. Тухайлбал, хүний эрхийн асуудалд. Би анхнаасаа л хүний эрхийн төлөө дуугарч улс төрд орсон хүн. Хүний эрхийг зөрчиж болохгүй, хүний эрхийг зөрчих үйлдлийг нам дотроо, улс төр дотор хийж болохгүй шүү гэдгийг хүлээн зөвшөөрөөд явж байгаа бүх хүнтэй би найз нөхөр.

-Сүүлд та цаазын ялыг сэргээх асуудлаас үүдэж Ерөнхийлөгчтэй жоохон түнжин хагарсан уу?

-Тэрийг та нар түнжин хагарсан гэж ойлгоод байх юм. Би Ерөнхийлөгчийг дэмжиж, сонгуульд ялахад нь тусалсан хүний нэгийн хувьд сонгогчдод амласан дүр төрхөөрөө өнөөдөр байгаасай гэж боддог. Гэтэл Ерөнхийлөгч болсныхоо дараа цаазын ялыг сэргээнэ гэхээр нь би шүүмжилсэн. Би хэн нэгэн хүний хувийн найз, хувийн бөөцийлөгч биш.

-Ерөнхийлөгч өмнөх тэр дүрээрээ байж чадаж байна уу?

-Би сүүлийн үед нэг зүйлд баярлаж байгаа. Шүүмжлэлийг хүлээж авдаг юм байна гэж. Тухайлбал, цаазын ялыг заавал сэргээнэ гэж зүтгээгүй.

– Ерөнхийлөгч болоход нь өөрийн хувь нэмрээ оруулсан гэж дээр тодотголоо. Тухайлбал яг юу хийсэн бэ?

-Сонгуульд нь л ажиллахгүй юу даа. Бүх уулзалт дээр нь цуг сууж манай хүнийг дэмжээрэй гээд л уриалсан.

-Ингэхэд УИХ-д байгаа АН-ын есөн гишүүн хэр ажиллаж байна вэ. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байна уу, тэд?

-З.Нарантуяа гишүүн үзэл бодол байр сууриа маш сайн илэрхийлж байгаа. Үлдсэн найм нь ч хүний эрхийн чиглэлээр сайн ажиллаж байгаа. Ж.Батзандан, Л.Болд, Д.Эрдэнэбат нарын гишүүд ч гэсэн хүчтэй дуугарч байгаа. Мөн АН-ын байр суурийг огт илэрхийлдэггүй, дуугардаггүй гишүүд ч бий. Тэдгээр гишүүд маань дуугардаг болох байх.

-Өнгөрсөн парламентын эмэгтэй гишүүд нам харгалзахгүйгээр нэгдэн нийлж УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийг байгуулан хууль тогтоох, бодлого тодорхойлох, шийдвэр гаргах түвшинд үзэл бодлоо хүргэх, нийгэмд тулгамдсан олон эмзэг асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо нэгтгэж байсан. Энэ парламентын эмэгтэй гишүүд ч гэсэн дээрх залгамж чанарыг хадгалж УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулсан. Тэд хэр ажиллаж байна гэж та дүгнэх вэ?

-Эмэгтэй гишүүд бүлэг байгуулаад, аливаа асуудалд хандахад илүү хүчтэй хүрдэг л дээ. Нэг, хоёроороо ярих нь хүчийг тарамдуулдаг. Өмнөх парламентын үед бид эмэгтэйчүүдийн бүлэг гэдэг утгаараа хамтарч байр сууриа их илэрхийлдэг байсан. Одоогийн 13 эмэгтэй гишүүдээ би шүүмжилмээргүй байна. Тэд цаашид хамтарч ажиллаж сурах байх.

-Ер нь хамтын ажиллагаа дутаад байх шиг байна уу?

-Сурц дутаад байна л гэж хэлмээр байна. Байр сууриа томьёолох зэрэг хамтын ажиллагаа ихэд шаардагдаг л даа. Тухайн үед эмэгтэй гишүүдийн бүлгийг хувь хүнийхээ хувьд өндөр зохион байгуулалттай Л.Эрдэнэчимэг гишүүн удирдаж байсан л даа. Эрка маань маш сайн дарга байсан. Таван намаас сонгогдсон таван өөр үзэл бодолтой эмэгтэйчүүдийг нэгтгэж нэг хүч болгож үнэхээр зангидаж чадсан. Одоо ч гэсэн энэ тухай бид хааяа уулзалдахаараа ярьдаг.

-Та 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү?

-Нэр дэвшинэ.

-“Жорлонгоо өөрчилье” аян нь ч сонгуулийн бэлтгэл гэж харж болох уу?

-Монгол Улсад өнөөдөр өөрчлөх шаардлагатай 600 мянган жорлон байна. Хэрвээ би 6 мянган жорлонг өөрчилж чадах юм бол түүнээс дөнгөж нэг хувийг өөрчилнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, солих шаардлагатай 600 мянган жорлонгийн нэгхэн хувийг иргэнийхээ хувьд би өөрчлөхийг зорьж байна. Үлдсэн 99 хувийг солиход зайлшгүй эрх мэдэл шаардагдана. Үүний төлөө би улс төрд буцаад орно. Үүний төлөө би яв гэсэн газар нь явна.

-Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсан шалтгаанаа та хэрхэн тайлбарлах вэ?

-Би тухайн үед хатуу тойрогт өрсөлдсөн. Хэдийгээр би нутагтаа очсон ч гэсэн нутгийнхаа хамгийн улаан сумдад таарсан. Манай намын рейтинг тухайн тойрогт муу байсан. Маш өндөр рейтингтэй Ц.Даваасүрэн гишүүнтэй би өрсөлдсөн. МАН-ын хамгийн өндөр рейтингтэй тойрогт би нэр дэвшсэн. Энэ төрлийн тойргийг улстөрчид торгуулийн тойрог гэж хэлдэг л дээ. Ийм тойрогт 17-хон хоног сонгуулийн сурталчилгаа хийнэ гэдэг өрсөлдөгчийнхөө рейтингийг гүйцэж авахад үнэхээр богино хугацаа. Гэлээ гээд би шантрах эрхгүй байсан. 17-хон хоногт тойргийнхоо ард түмэндээ хэлье гэснээ хэлж дуу хоолойгоо хүргэх бүх газарт хүрч нэртэй төртэйгөөр сонгуулиа өндөрлөе гэдгээ намынхандаа хэлж урамшуулж байсан. Миний хийж чадах зүйл бол фосфоритын ордыг ойлгуулах л зорилго байсан. 17 хоногт уулзсан бүх хүнд би Хөвсгөл аймгийн фосфоритын ордыг ашиглуулж болохгүй шүү гэдгийг байгаль орчны өгөгдөл талаас нь тайлбарлаж өгсөн. Хүмүүс гайхсан л даа. Сонгуулийн сурталчилгаа бус геологийн хичээл заасан гээд. Үүний үр дүнд фосфоритын ордыг өнөөдрийг ашиглаагүй. Хэдий би ялагдсан ч гэсэн миний үр дүн гэж хардаг.

-2020 оны сонгуульд нийслэлд өрсөлдөх үү?

-Тийм ээ. Яагаад гэвэл жорлонгийн асуудал нийслэлд байна. 600 мянган жорлонгийн 250 мянган жорлонг Улаанбаатарт өөрчлөгдчихвөл Монголын жорлонгийн асуудлын тал нь шийдэгдэнэ гэсэн үг. Жорлонгоо өөрчилье гэдэг ажлаа би үр дүнд хүргэхийн тулд заавал нийслэлд нэр дэвшинэ гэж бодож байгаа.

-ССАЖ-ын сайдаар таныг ажиллаж байх үед Ж.Батзандан гишүүн ихэд шүүмжилж “Соёлын сайдаар гадаад нөхөртэй хүнийг томилчихоод юун соёл, уламжлалаа хадгалж, хамгаалах тухай яриад байгаа юм бэ. Хүний эрх гэдэг замбараагүй байх тухай ойлголт биш” гэж шүүмжилдэг байсан л даа. Одоо та хоёр эвлэрсэн үү?

-Эвлэрэлгүй яахав. Өнөөдөр хүний эрхийг хамгаалдаг гишүүн Ж.Батзандангаас өөр алга. Тухайн үед бид хоёрын дунд хувь хүний маргаан өрнөөгүй. Чи сайн, би муу гэдэг маргаанаас илүү хүний эрхийн маргаан өрнөсөн.

-Хүнийг гадаад нөхөртэй болсных нь төлөө буруутгаж болохгүй гэдэг тайлбарыг тухайн үед та өгч байсан тийм үү?

-Чи хүний эрх талаас нь бодоод үз л дээ. Ерөнхийлөгчийн сонгуулиар Монголын ард түмэн үүний хариултыг өглөө. Гадаад эхнэртэй хүн Монгол Улсын Ерөнхийлөгч боллоо. Эмэгтэй хүнээс нөхрийг нь асуух атал эрэгтэй хүнээс эхнэрийг нь огт асуудаггүй ийм ялгавартай хандлага сэтгүүл зүйд ч гэсэн байж болохгүй шүү дээ. Эцсийн хариуг Монголын ард түмэн Х.Баттулгыг сонгосноор өгчихсөн. Би УИХ-ын гишүүн байтугай явж болно. Би адилхан л хүн. Нөхрөөсөө салах шаардлага байхгүй. Би улсынхаа төлөө зүтгэх гээд жорлонгоо өөрчилж, бусдын амьдралыг сайжруулахын төлөө би гэрээ нураах алба байхгүй.

-Эрх баригч намын удирдлагатай холбоотой “60 тэрбумын хэрэг” өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Бичлэгийг хийсэн гэх Г.Доржзодовтой та яагаад гэнэт холбогдох болсон юм бэ?

-Надаас тусламж хүсч өмгөөлөгч нь дагуулаад ирсэн. Би түүнээс өмнө таньдаггүй байсан. Би түүнийг хамгаалахаас юунаас айх юм. Том эрх мэдэлтэй хүмүүсийн эсрэг мэдээлэл гаргаж тавьсан хүний амь нас нь аюулд орчхоод байхад нь би хөөж гаргах хүн биш. Би Г.Доржзодовыг гэртээ дөрвөн сар байлгаж мөрдөлт мөшгөлтөөс хамгаалсан. Г.Доржзодовыг гэрийнх нь гадаа дуудаж гаргаж ирээд “Чамайг С.Зоригийн хэрэг шиг алга болгож чадна шүү” гэж дарамталдаг байсан гэсэн. Хаа байгаа газраас нь баривчлах, хийгээгүй хэрэг тохож эрүүгийн хэрэг үүсгэх, бичлэгээ устга, өг гэж дарамталдаг байсан учраас хамгаалалт хүссэндээ манайд ирсэн. Би Г.Доржзодовыг бичлэгтэй нь хамт хамгаалсан. Үнэнийг авч үлдэнэ гэдэг мэдээж эрсдэл.

-Одоо нөхцөл байдал ямар байгаа вэ. Та хоёр сүүлд хэзээ уулзалдав?

-60 тэрбумыг хэрэгт хамаатай хүмүүс нь өнөөдөр баатар болоод яваад байдаг, түүнийг нь илчилж шударга үнэний талд дуугарсан хүнийг нь өнөөдөр ажил ч үгүй, орлого ч үгүй болгосон. Хааяа Г.Доржзодов ном редакторладаг. Би ч гэсэн номоо редакторлуулж түүнийг хоолны мөнгөтэй байлгахын төлөө ТББ-ын жижиг сажиг ажлыг даалгадаг. Г.Доржзодов бол бичгийн өндөр боловсролтой, чадварлаг залуу. “Нутгийн шийдэл сан”-гийн вэбсайтаа Г.Доржзодовоор хийлгүүлж байгаа. 

-“Тантай мөр зэрэгцэн ажиллаж байсан намын нөхөд өнгөрсөн хавар Оюутолгой асуудлаар шалгагдаж буй. Хэсэг хугацаанд хоригдсон ч суллагдсан. Энэ үйл явцыг та хэрхэн дүгнэв?

-Би тухайн үед байр сууриа намдаа хатуу илэрхийлж байсан. Гэм буруутай эсэхийг нь шүүх тогтоогоогүй байхад С.Баярцогтыг намаас хөөнө гэдэг коммунист намын үйлдэл. Бид үүнийг л эсэргүүцэж, ардчиллыг байгуулж хүний эрхийг ярьж гарч ирсэн нам гэж би шүүмжилсэн. Одоо ч гэсэн. С.Баярцогт миний журмын нөхөр. С.Баярцогт бол ардчилсан үзэлтэй, хүний эрхийг мэддэг хүн. Анхнаасаа л ардчилсан үзэлтэй найз нөхдүүд нийлж нам гэдгийг бид байгуулж байсан. Тиймээс ардчилсан үнэт зүйлтэй хүнийг журмын нөхөр л гэж хардаг. Би өнгөрсөн хугацаанд С.Баярцогтыг эргэх гэж очсон ч надад эргэх зөвшөөрөл олдоогүй. С.Баярцогт, Б.Бямбасайхан хоёрт би өөрийнхөө номуудыг илгээмжээр өгөх гэсэн боловч хэтэрхий олон ном байна гээд хоёрыг нь л оруул гэсэн. Хоёр номондоо тэдэнд сэтгэлийн дэм өгөх үгс бичсэн боловч тийм үг бичсэн хуудаснуудыг уруулж авч байж оруулсан. Наадмаар Хүй долоо худаг дээр Б.Бямбасайхантай таарсан. Тэр үеэр би номоосоо урж авч үлдсэн нөгөө хуудсаа өгсөн.

-Нууц биш бол юу гэж бичсэн байсан бол?

-Залуу хүнд сэтгэлийн дэм өгөх үгс л бичсэн байсан.

-Харин Ч.Сайханбилэгтэй уулзсан уу?

-Наадмаар таарсан. Гэхдээ шалгагдаж байгаа асуудлаар нь ярилцаж чадаагүй. Өмнө нь би Ч.Сайханбилэгийн гэр бүлд нь хэлж байсан л даа. Улс төрийн шийдвэр гэдэг бол улс төрийн нөхцөл байдлаас гардаг. Тухайн үеийн Ерөнхий сайдад ямар нөхцөл байдал тохиолдсон, улс оронд нь хэзээ хэдэн төгрөг шаардлагатай болсон түүнийг ямар гэрээ хэлэлцээрээр олох нь тухайн Ерөнхий сайдын гаргадаг шийдвэр нь байдаг. Тийм учраас тухайн үеийн улс төрийн нөхцөл байдлыг тодорхой ярихгүйгээр зөвхөн шийдвэрийг нь өнөөдөр зөв, буруу гэж ярихад учир дутагдалтай. Нөгөө талаас эрүүгийн хэрэг гэдэг бол улс төрийн шийдвэр, тогтоол, тушаалыг үндэслэж үүсдэггүй. Эрүүгийн хэрэг ямар тохиолдолд үүсэх вэ гэхээр гардан барьж авсан авлигал, хулгайн үйлдлийг тогтоосон зэрэг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэдэг. Гэтэл Ч.Сайханбилэгт гаргасан прокурорын дүгнэлтээс харахад түүнийг яг ийм хэрэг хийчихсэн гэсэн өгүүлбэр тухайн дүгнэлтэд нь байгаагүй. Ердөө шийдвэр, тогтоол, захирамж гаргасан гэдэг нь үндэслэл болсон байдаг. Энэ бол эрүүгийн хэргийн үндэслэл биш. Олон улсын аль ч шүүх, хүний эрхийн байгууллагад бариад очиход тухайн дүгнэлтийг эрүүгийн хэргийн үндэслэл гэж харахгүй. Засгийн газар, УИХ-аар баталсан тогтоол, шийдвэрийг улс төрийн болон Захиргааны шийдвэр гэсэн төрөлд л хамаарагддаг. Түүнээс гэмт хэрэг огтхон ч биш.

-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хаврын чуулганаар оруулж ирсэн ч гишүүд болон хуульчдын дунд маргаан үүсгэсэн. Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт орсноор захиргааны шүүхийг татан буулгах, өөрчлөх асуудал хөндөгдөнө гэдгийг тодотгож байсан. Та уг асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонирхлын зөрчилтэй хуулийг Засгийн газар оруулж ирэх ёсзүйн эрхгүй. Хэрэв Засгийн газар оруулж ирвэл дээд зэргийн сонирхлын зөрчил болно. Магадгүй УИХ-ын гишүүн, эсвэл Ерөнхийлөгч санаачилж болох юм. Гэхдээ Засгийн газар хэзээ ч санаачилж болохгүй хуулийн төсөл. Яагаад гэвэл Засгийн газрын өөрийнх нь хянадаг хуулийг өөрөө байхгүй болгох гэдэг нь Монгол Улсад шударга үнэн байхгүй болно гэсэн үг. Ийм Засгийн газар байгаад ч хэрэггүй. МАН-ынхан их зөөлхөн юм. Хэрэв би УИХ-д байсан бол хатуу байр сууриа илэрхийлэх байсан.

-УИХ-ын гишүүн, энгийн иргэн байх хоёрын дунд ямар ялгаа байна вэ?

-Эрх чөлөөтэй байна. ТББ-ынхаа ажлыг хийхэд цаг хугацаанд хавчигдахгүйгээр өөрт оногдсон цагийг хүссэн зүйлдээ зарцуулж чадаж байна.

Засгийн газарт ажиллаж байхад төвөгтэй нэг асуудал нь тал талын шийдвэрлэх олон асуудал байдаг. Тэр бүрт нь хүртэх гэж оролдсоор гол зүйлдээ анхаарлаа хандуулж чаддаггүй цаг алддаг. Аль нэгэнд нь анхаарлаа гэхэд бусдыг нь орхигдууллаа гэдэг шүүмжлэлд өртдөг. Би тухайн үед ССАЖ-ын сайд байхдаа “батаар сайд” гэж хочлуулдаг байсан. Би батаарыг авчрахын тулд маш их цаг хугацааг зарцуулсан. Хэрэв үүний араас зүтгээгүй байсан бол 400 ширхэг соёлын өвийг буцааж Монголд оруулж ирж чадахгүй байх байсан.

Одоо эргээд харахад, хоёр жилийн хугацаанд би хоёр музей шинээр байгуулсан байдаг. Зургаан соёлын өвийг бүртгүүлж чадсан. Мөн бүх музейг ашигтай ажиллуулж, бүх театрын орлогыг нэмэгдүүлсэн байдаг. Орлогоо нэмэгдүүлээгүй биеийн тамир, спорт, соёлын байгууллага гэж байгаагүй. Эдийн засаг хамгийн хямралтай байсан тухайн үед дээрх байгууллагуудын орлого 50 хувиар нэмэгдсэн байдаг. Мөн би салбарынхаа цалинг нэмсэн. Аялал жуучлалын салбар 60 жилийн түүхэнд анх удаа дэлхийн хэмжээний аялал жуучлалын яармагт дэлхий стандартын жишгээр Монгол Улсаа танилцуулсан. Энэ бүхнийг ярьсны учир нь чухал гэсэн зүйлдээ анхаарал хандуулж бүхий л цаг хугацааагаа зарцуулсаны л үр дүн болов уу гэж хардаг. Гэтэл өнөөдөр 400 байтугай дөрөвхөн ширхэг соёлын өвөө буцааж авчирч чадахгүй хоёр жил гаруй болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж