Хөлбөмбөгийн ДАШТ энэ оны зургадугаар сарын 14-нөөс долдугаар сарын 15-ны хооронд ОХУ-д зохиогдож өндөрлөсөн. Тэмцээн зохиогдох хугацаанд 25 сая гаруй кибер халдлага болон Оросын мэдээллийн дэд бүтэц рүү халдсан гэмт үйлдлүүдийг зогсоож чадсан хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэллээ. Тэмцээн дууссаны дараа Путин тэмцээний аюулгүй байдлыг ханган ажилласан байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ ийнхүү хэлжээ.
Тэмцээнийг аюулгүй зохион байгуулахад хүчин чармайлт гарган ажилласанд Ерөнхийлөгч Путин талархал илэрхийлжээ. Хууль сахиулах 34 байгууллага, 55 тусгай алба тэмцээний аюулгүй байдлыг хариуцан ажиллажээ. “Та бүхний ачаар тэмцээнийг үзэхээр ирсэн гадаадын хөгжөөн дэмжигчид гэртээ байгаа юм шиг тав тухтай байж, ямар нэг хязгаарлалт хоригийг мэдрэлгүй дэмжиж байгаа багийнхаа тоглолтыг үзэх газар руу чөлөөтэй зорчиж байлаа” хэмээн Путин хэлсэн байна.
ДАШТ Оросын Москва, Санкт-Петербург, Екатеринбург, Калининград, Казань, Нижный Новгород, Ростов-на-Дону, Самара, Саранск, Сочи, Волгоград гэсэн 11 хотод зохиогдсон.
Эх сурвалж: РИА НОВОСТИ