УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзсэнээр 42-р тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон. Тус тойрогт улс төрийн намууд хэнийг дэвшүүлэх нь тодорхойгүй байгаа ч албан бус нэрс гарч эхэлсэн. Тэрхүү таамаглал дундаас “МАХН-ынхан Н.Энхбаярыг дэвшүүлж магадгүй” гэдэг яриа газар аваад байгаа юм. Өнгөрсөн хэд хэдэн сонгуульд өрсөлдөж чадаагүй Н.Энхбаяр энэ удаагийн нөхөн сонгуульд нэр дэвших эсэх нь тодорхойгүй байна. Учир нь МАХН-д цорын ганц суудал авч ирсэн О.Баасанхүү гишүүн Н.Энхбаярыг дэвшүүлэхгүй гэдэг байр сууриа илэрхийлж байгаа бол МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга тэр хүнийг нэр дэвших бүрэн боломжтой гэж мэдэгдээд байгаа билээ. Ингээд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга нарын байр суурийг хүргэж байна.
МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.ТУЛГА |
| УИХ-ын гишүүн О.БААСАНХҮҮ |
УИХ-д болж буй үйл явцыг мэдээж анхааралтай ажиглаж байгаа. МАХН нийгэмд тулгамдсан аливаа асуудлыг шийдэхийн тулд тодорхой бодлого боловсруулж, өөрсдийн үзэл баримтлалаа олон нийтэд танилцуулаад явж байгаа улс төрийн хүчний хувьд нөхөн сонгуульд оролцоно. Гэхдээ хэнийг нэр дэвшүүлэх үү гэдгээ олонхын зарчмаар буюу Бага хурал, Гүйцэтгэх товчоогоороо хуралдаж шийдвэрлэнэ. Ирэх аравдугаар сард нөхөн сонгууль болох нь тодорхой юм билээ. Бид энэхүү сонгуульд бэлдэж байгаа. Нэр дэвшигчээ ч удахгүй тодруулна. Бидний хувьд зөвхөн Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлнэ гэсэн явцуу ойлголт байхгүй. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар манай намын нэр дэвшигч С.Ганбаатар Хэнтий аймагт үнэмлэхүй ялалт байгуулсан. Магадгүй С.Ганбаатарыг нэр дэвшүүлэх үү эсвэл Н.Энхбаяр дарга өөрөө нэр дэвших үү бүр залуучуудын төлөөлөл болох Хэнтий аймгийн Түмтийн даргыг нэр дэвшүүлж болно. Гэхдээ хэн бэ гэдгийг нь бид олонхоороо хуралдаж шийднэ. Н.Энхбаяр даргыг сүүлийн 7-8 жил сонгуульд оруулаагүй. Харин одоо эрх нь нээгдсэн учир нэр дэвшинэ байх гэсэн таамаг олон нийтийн дунд байх шиг байна. Үүнийг бид зүй ёсны үзэгдэл гэж харж байгаа. Гэхдээ улс төрийн намын хувьд намынхаа бодлого, чиглэл болоод өнгөрсөн хугацаанд ярьж ирсэн Үндсэн хуулийн өөрчлөлт болох Шинэ дээд Үндсэн хуулийн төслийн талаар УИХ-ын индэр дээрээс олон нийтэд хүргэх тэр хүнээ л нөхөн сонгуульд нэр дэвшүүлнэ.
|
| Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө ч, С.Ганбаатарыг ч дэвшүүлэх юм шиг зүйл яриад байгаа. Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг шиг л юм болж байна. Гэхдээ Бага хурлын 104 гишүүн эсрэг байр суурьтай байгаа. Тэдэнтэйгээ эхлээд учраа олж, уучлалт гуйх ёстой. Мөн албан тушаал, намын даргын тамгаа өг. Арав гаруй жил төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж, дараа нь нам удирдаж яваа хүн. Одоо болно гэж Н.Энхбаяр даргад хэлье. Ямар ч байсан дүрмийн дагуу Бага хурлын гишүүд намын даргаас илүү эрх мэдэлтэй. Би намын гишүүдтэйгээ ярилцаж, санал солилцсон. Судалгаа ч хийж үзсэн. “Хасу мегавайт” компанийн хүн өндөр рейтингтэй гарч ирсэн. Бид тэр хүнд МАХН-аас нэр дэвших санал тавина. Харин Н.Энхбаяр, С.Ганбаатар нар бие дааж нэр дэвшинэ биз. Тэдэнд МАХН-аас нэр дэвших ямар ч боломжгүй.
Бэлтгэсэн Т.НОМИН |