Зуны лиг үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцээд багууд чөлөөт агентын зах зээлээс том тоглогчдыг өөрсдийн болгохоор ажиллаж байгаа билээ. Хэдхэн хоногийн өмнө Кливленд Кавальерс багаас чөлөөт агент болоод байсан Л.Жеймс төрөлх багаа орхиж Нэгдсэн улсын баруун эргийн Лос-Анжелес Лейкерс багтай 4 жилийн 154 сая ам.долларын аварга гэрээ байгуулсан. Тэгвэл яг одоо чөлөөт агент болоод байгаа хэд хэдэн шилдэг тоглогчид гэрээ байгуулцгаагаад байна.
Кевин Дюрант Голден Стэйт Уорриорс багтайгаа 2 жилийн 53 сая ам.долларын гэрээ байгуулж багтаа үлдлээ. Вашингтон ДС-н унаган хүү К.Дюрант 2016 онд Оклахома Сити Тандер багаас Голден Стэйт Уорриорс багт ирж байсан бөгөөд 2020 он хүртэл багтаа үлдэж байна.
Пол Жорж Оклахома Сити Тандер багтаа үлдлээ. Энэ зун чөлөөт агент болоод байсан П.Жоржтой баг нь дахин 4 жилийн 137 сая ам.долларын гэрээ байгуулсан байна. Ямартаа ч багаа орхиж Лос-Анжелес Лейкерс багтай нэгдэж магадгүй гэсэн яриаг дуусгавар болсон.
НБА-н Серби төвийн тоглогч Н.Йокич багтайгаа 5 жилийн 148 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Н.Йокич 2014 оны драфтын Денвер Наггетс багт хуваарилагдаж 2015 оноос багтайгай нэгдсэн. Ингээд 2015 оноос хойш 2021 он хүртэл Денвер Наггетс багтаа хүчин зүтгэх болж байна.
Крис Пол Хьюстон Рокетс багтаа үлдэхээр боллоо. 2017 оны зун Лос-Анжелес Клипперс багаас ирж байсан К.Полыг Хьюстон Рокетс баг авч үлдэхийн тулд 4 жилийн 160 сая ам.долларын аварга том гэрээ байгуулсан байна.
4 удаагийн бүх одод тоглогч Д.Каузинс Нью-Орлеан Пэликанс багийг орхиж Голден Стэйт Уорриорс багтай нэгдлээ. Голден Стэйт Уорриорс төвийн тоглогч Д.Каузинсыг 1 жилийн 5.3 сая ам.доллараар эгнээндээ нэгтгэсэн байна. Ирэх жил түүний дараагийн очих баг аль байх бол?
ДэАндре Жордан Техас мужийн Даллас Маверикс багтай нэгдлээ. Лос-Анжелес Клипперс багт 10 жил хүчин зүтгэсэн төвийн тоглогч Д.Жордан 1 жилийн 24.1 сая ам.долларын гэрээ байгуулжээ.
Тревор Ариза Хьюстон Рокетс багийг орхиж Финикс Санс багтай нэгдлээ. Финикс Санс түүнийг өөрийн болгохын тулд нэг жилийн 15 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зуржээ.
Исаиа Томас Денвер Наггетс багтай нэгдлээ. Сүүлийн жил гаруй хугацаанд Бостон Селтикс багаас Кливленд Кавальерст ирж улирлын дундуур Лос-Анжелес Лейкерс багтай нэгдээд байсан И.Томас Денвер Наггетс багтай 1 жилийн 2 сая ам.долларын гэрээ байгуулжээ.
Итали тоглогч М.Белинелли буцаад Сан-Антонио Спөрс багтай нэгдлээ. Тэрээр 2 жилийн 12 сая ам.долларын гэрээ байгуулсан бөгөөд өмнө нь хоёр жил Сан-Антонио Спөрс багт тоглохдоо аваргын бөгжтэй болж байсан.
Кайл Андерсон Сан-Антонио Спөрс багаа орхиж Мемфис Гриззлис багтай 4 жилийн 37 сая ам.долларын гэрээ байгуулжээ.
Герман тоглогч Дирк Новицкиг баг нь дахин нэг жил авч үлдлээ. Өдгөө 40 настай Д.Новицки шинэ гэрээнд гарын үсэг зурснаар Даллас Маверикс багтаа 21 дэх улиралдаа тоглохоор болж байна.
Б.БЯМБАБАЯР