АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Финланд улсын Хелсинки хотноо өчигдөр /2018.07.16/ уулзаж, маргаантай байгаа сэдвийн хүрээнд зөвшилцсөн. Тодруулбал, 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд оросууд нөлөөлсөн эсэх, мөн Сири, Крымийн талаар болон цөмийн зэвсгийн талаар хэлэлцжээ.
Уулзалт хоёр цаг үргэлжилсэн бөгөөд нүүр тулсан ярилцлагынхаа дараа Трамп, Путин нар өдрийн зоог барьжээ.
Ерөнхийлөгч Путин “Хоёр улс терроризм, олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэг, эдийн засаг болон байгаль орчин зэрэг асуудлаар хамтарч ажиллах хэрэгтэй. Бидэнд цөмийн зэвсэг байгаа учраас олон улсын аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй” гэжээ. АНУ, ОХУ хамтарч Сирийн нутаг дэвсгэрт энх тайван тогтоох боломжтой гэж Путин хэлсэнд Трамп “хамтран ажилласнаар бид олон мянган хүний амийг аварч чадна” гэж дэм өгчээ.
“Орос улс хэзээ ч АНУ-ын дотоод асуудалд оролцохгүй” гэж ерөнхийлөгч Путин уулзалтын үеэр хэлсэн бөгөөд 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ нөлөөлөөгүй, холбоогүй гэдгээ онцолжээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дээрх байр суурьд хүндэтгэлтэй хандсан төдийгүй Орос улстай АНУ муу харилцаатай байгааг өөрийн улсын өмнөх эрх баригчдын буруутай үйлдлүүдээс болсон гэж хэлжээ.
Уулзалтын төгсөлд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад ДАШТ-ий бөмбөгийг дурсгал болгон өгсөн байна.
АНУ, ОХУ харилцаа холбоогоо сайжруулахын тулд цаашид олон зүйл хамтран хийх хэрэгтэй байгаа гэдгийг хоёр улсын удирдагч хүлээн зөвшөөрч ерөнхийлөгч Путин уг уулзалтад хүрэлцэн ирсэндээ “Баяртай байна” гэдгээ илэрхийлжээ.
Трампын засаглалын зүгээс энэхүү уулзалтыг маш ихээр шүүмжилж байгаа бөгөөд Сенатын гишүүд эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм.
“Бидний сонгосон Америк ерөнхийлөгч Оросын ерөнхийлөгчтэй нэг индэр дээр зогсоод АНУ-ыг буруутгаж байгааг харна чинээ төсөөлж явсангүй. Энэ бол ичгэвтэр хэрэг” гэж Сенатор Жефф Флаке жиргэжээ.
Эх сурвалж: Guardian, Aljazeera
Г. Батмандах