Малдаа явсан 11 настай хүү сураггүй алга болжээ
Онцгой байдлын алба хаагчид сураггүй болсон гурван иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал, өчигдөр /2018.07.16/ 21 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Гашуун ус гэдэг газар 11 настай хүү малдаа яваад сураггүй алга болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газар хүүг эрэн хайх ажиллагааг өнөөдөр /2018.07.17/ эхлүүлжээ.
Сэлэнгэ голын усанд 25 настай эрэгтэй осолджээ
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хутаг багийн Гуртын гүүр гэдэг газар Сэлэнгэ голын усанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн 25 настай, эрэгтэй Б осолджээ. Дуудлага мэдээлэл онцгой байдлын албанд энэ сарын 11-нд ирсэн бөгөөд түүнээс хойш зургаа хоног хайсан ч одоогоор олоогүй байгаа аж.
согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ живсэн байж болзошгүй
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн Их гутай гэдэг газар энэ сарын 13-ны өдөр Хэрлэн голын усанд нийслэлийн Багануур дүүргийн харьяат, 57 настай, эрэгтэй Ж живсэн байж болзошгүй тухай дуудлага иржээ. Түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ живсэн байж болзошгүй гэж албаны хүмүүс үзэж байгаа юм байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж буй ч одоог хүртэл олдоогүй байна.
Э.Бурам