Баримлыг эвдсэн иргэдээр нөхөн төлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.07.17-нд нийтлэгдсэн

Баримлыг эвдсэн иргэдээр нөхөн төлүүлнэ

Баримлыг эвдсэн иргэдээр нөхөн төлүүлнэ

14 хоногийн өмнөх зураг

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 120 мянгатын автобусны буудлын хойд талд энэ сарын эхээр нээгдсэн “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд амьтдын дүрсэн баримлуудыг хийсэн олон хүний таашаалд нийцсэн. Энд 41 төрлийн 200 гаруй амьтны дүрсийг бүтээсэн байсан ч баримлуудыг хорон гартан эвдэн сүйтгэжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнгээс бэлтгэсэн сурвалжлагыг долдугаар сарын 4-ний өдөр хүргэж байсан.

Амьтдын баримлыг бороо болон наранд өнгөө алддаггүй хуванцар материалаар хийсэн байсан. Туулай, шувууны баримлуудыг гэмтээж, бяцалжээ.

Өнөөдрийн зураг

Хүмүүс үнэхээр ухамсаргүй

Хан-уул дүүргийн хуулийн зөвлөх В.Мөнх-Эрдэнээс энэ хэргийн талаар тодруулсан юм. Тэрбээр “Баяр наадмын үеэр 6-7 баримлын чих, сүүлийг эвдэлсэн хэрэг гарлаа. Хүмүүс үнэхээр ухамсаргүй. Хүүхдүүдээ хашлага давуулж оруулж тоглуулаад баримлууд дээр суулгаж тоглуулдаг. Суулгаж болохгүй хэмээн цэцэрлэгт хүрээлэнд хяналт тавьдаг ажилтнууд шаардлага тавихаар элдвээр хэлдэг. Мөн жаахан хүүхдүүд туулай,шувуу зэрэг амьтдын баримал руу чулуу шидэж хагалсан бололтой. Анааш, бар зэрэг овортой баримлуудыг өмнө нь хулгайлах гэж оролдоод үйлдэл дээрээ баригдсан тохиолдол гарсан. Аргаа барахдаа харж хандах хүн томилсон ч үр дүнгээ өгсөнгүй. Уг нь цэцэрлэгт хүрээлэнд 24 цагийн бичлэг хийдэг 8-10 камер суурилуулсан. Шөнийн цагаар баримлуудыг сүйтгэсэн учраас буруутай этгээдүүдийн царайг тодруулж чадахгүй байгаа. Цаашид хохирлын хэмжээг тогтоолгоод иргэдээр хохирлыг төлүүлнэ” гэлээ. Тагтаа, туулай зэрэг жижиг амьтдын баримал 40-50 мянган төгрөг, анааш, барыг 450 мянган төгрөгийн өртгөөр бүтжээ.

Нэг хэсэг нь бүтээж хийж байхад нөгөө хэсэг нь эвдэлж сүйтгээд байж болохгүй

Эндхийн уугуул иргэн Д.Цэрэннадмид “Долдугаар сарын 12-ны өдөр ирж үзэхэд зүгээр байсан. Өнөөдөр ирээд хартал зарим амьтны толгойг нь хагалсан байна. Хүүхдүүд л эвдэлдэг байх даа. Юу гэж л том хүн эвдлэх вэ дээ. Уг нь хотын өнгө төрхийг шинээр тодорхойлох сайхан цэцэрлэгт хүрээлэнгийн баримлыг эвдэлж хэмхлэхгүй байвал сайхан. Хүний хүч хөдөлмөрийг үнэлж мэдэхгүй юм. Нэг хэсэг нь бүтээж хийж байхад нөгөө хэсэг нь эвдэлж сүйтгээд байж болохгүй. Эвдэлсэн хүмүүст арга хэмжээ авах ёстой” хэмээн бодлоо хуваалцлаа.

Цэцэрлэгт хүрээлэн нийт 2.2 га талбайтай. Цэцэрлэгт хүрээлэнг энэ хавар 49 сая төгрөгөөр шинэчлэн байгуулсан ч 14 хоногийн дотор ийнхүү баримлуудыг эвдэлжээ. 

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж