Хөвсгөл далайд нүүрлэсэн гамшиг

Хуучирсан мэдээ: 2018.07.17-нд нийтлэгдсэн

Хөвсгөл далайд нүүрлэсэн гамшиг

Хөвсгөл далайд нүүрлэсэн гамшиг

Наадам дууссан өдрөөс Хөвсгөл далайг зорих дотоодын аялагчдын тоо эрс өссөн ч ялгадас нь дийлдэхгүй болжээ.  Жуулчны баазууд, нутгийн иргэд аялагчдын бохирыг цэвэрлэсээр таарч буй аж.

Хэдэн жилийн өмнө сошиалд гадаадын жуулчны далай ээж рүү шээж байгаа зураг тавигдахад 00 хангалтгүйгээс боллоо гэж шуугицгаан, бөөн юм болсон. Гэтэл 00-ыг олноор нь байгуулж, зориулалтын газарт бие засах шаардлага тавьж эхэлсэн ч аялагчид биелүүлсэнгүй. Нэг бол далайн эрэг дагуулаад эс бол ой дотор бие засдаг. Амарч зугаалахаа хаа таарсан газраа бие засна л гэж ойлгодог бололтой.  Ийм нэг бүдүүлэг зуршлаас нь болж  00-ын цаас ой дотор хадаг шиг л хөглөрөх болжээ.

Хөвсгөл далайг Монголын Швейцарь гэж нэрлэдэг нь дэлхийн цэнгэг усны 0.4 хувьтай тэнцдэг гэж үздэгтэй холбоотой.  Мөн 46 гол горхи цутгадаг бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг.  Дэргэд нь униартсан их тайга оршдог. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн энэ нутгийг үзэж, уснаас нь амсах гэж гадаадаас ч жуулчид олноороо ирдэг. Намар дуустал хүний хөл татардаггүй болсон энэ газарт сүүлийн жилүүдэд дотоодын аялагчид олноор зочлох болсон ч ухамсар дорой үйлдлээс нь болж, цаазын тавцанд очоод байна гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй биз ээ.

Амарч зугаалж, алжаалаа тайлах газар Монголын хувьд Хөвсгөл далайгаар хязгаарлагдахгүй. Буйр нуур, Увс нуур, Хар ус нуур гээд бичвэл олон. Тэнд ч аялагчид зугаалж явна. Гэвч өнөөх л хаа таарсан газраа “морь хардаг” зангаа тавиагүй.  Өгий нуурт ч хаа таарсан газраа бие засаж бохирдуулж байгаа яриа чих дэлслээ.  Хамгийн хачирхалтай нь, зориулалтын бие засах газарт ордоггүй шалтгаанаа аялагчид “00 хол байна” гэж тайлбарладаг аж.  Гэтэл 00-ыг байгаль бохирдуулахгүй байх зай талбайг бодолцож, байгуулдаг.  Аль ч улсад тийм л стандартыг мөрддөг.  Харин манайхан амрах газар 00 байдаггүй гэж гомдоллох атлаа байгуулчихаар  хол гэж шалтаг тавьж, байгальд бие засаж явна.

Уг нь хаа яваа газартаа зориулалтынх нь 00-д бие засаад явах нь шаардуулаад байх үйлдэл биш.  Ерөөс хүн бүрт суусан байх ёстой ухамсар юм. Нөгөө талаасаа үүрэг ч гэж хэлж болно. Харамсалтай нь, монголчуудад тийм ухамсар хумсын толионы ч алга. Ийм байж гадаадаас ирсэн жуулчныг төв талбайн цэцэрлэгт нүцгэлээд хэвтэхээр “Бүдүүлэг” гэж адлах нь харин өөрөө ёс суртахууны доройтол мэт. Мөн ийм байхад дотоодын аялал жуулчлалыг хөгжүүл гэж шаардах нь зөв ч юм уу даа. Хамгийн эхлээд аялж сурах соёлд суралцах шаардлагатай болж байх шиг.  

Нөгөөтэйгүүр, хогоо зориулалтын саванд хийчих ухаанд одоо ч монголчууд суралцаагүй, хэвшээгүй хэвээр л байна.

Хөвсгөл далайд амрахаар ирж байгаа аялагчдад хогоо хийх уут өгч, буцахдаа ууттай хогоо энд өгөөрэй гэж хэлж байхад биелүүлдэг нь тоотой аж. Олонх нь тарьсан хогоо байгальд нь даатгадаг. Тарьж байгаа хог нь архины шил, пипоны лааз, хүүхдийн живх, хальсан уут. Ихэнх нь байгальд хэдэн зуун жилээр хор хөнөөл учруулж байдаг хог хаягдал юм.

Хэлснийх нь дагуу эдгээр хог хаягдлыг уутанд хийгээд зориулалтын саванд хийчихэд аялагчаас юу ч хорогдохгүй.  Гэтэл биелүүлдэггүй. Бараг санал тавихад нь шаардлаа гэх ухааны юм ярьж, зөрдөг.

Дээр нь амрагчид очсон газар бүрийнхээ нуур, далайд ордог.  Байгаль дэлхий бохирдох вий гэсэндээ сүү дусаахаас ч эмээдэг байсан монгол уламжлал өнөөдөр эрээ цээрээ алдсан гэж хэлж болно.  Хувцас хунараас эхлээд авто машинаа угаана.  Зарим нь бүр усанд орно.

Хөлчүүрхсэн үедээ гол ус руу орж амиа алдах шахна, эндсэн харамсалтай жишээнүүд ч олон бий.

Үнэндээ бол байгалийг гадаадынхан гэхээс илүү дотоодын аялагчид сүйтгэж байна.  Ухамсраа дээшлүүлж, байгальтайгаа харьцах харилцаандаа өөрчлөлт хийхгүй бол Хөвсгөл далай баасан далай болоход тун ойртож байна шүү.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж