Өлгий суманд дахин үер бууж, нэмэлт хүч татлаа

Хуучирсан мэдээ: 2018.07.17-нд нийтлэгдсэн

Өлгий суманд дахин үер бууж, нэмэлт хүч татлаа

Өлгий суманд дахин үер бууж, нэмэлт хүч татлаа

Өлгий суманд 163 иргэн орон гэргүй болжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд долдугаар сарын 15-ны өдрийн 15:30 цагийн орчимд усархаг бороо орж үер буусан юм. Үерийн улмаас тус сумын 2, 3, 4, 12, 13 дугаар багт 275 айл өрхийн гэр, хашаа усанд автсан талаар өмнө бид мэдээлсэн билээ. Тэгвэл өчигдөр  /2018.07.16/ уулнаас уруйн үер бууж дахин тус сумынхан үерт автсан байна. Үер Өлгий суманд 17.13 цагийн орчимд бууснаас айл өрхүүд усанд автжээ. 

Үерийн улмаас  учирсан гамшгийн хэмжээг тодорхой гаргааж амжаагүй байгаа гэж тус сумын удирдлагууд мэдээллээ. Үерийн голомтод нийт 11 байгууллагын 427 хүн, 63 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, аймгийн төвийн цахилгааны хэрэглээг хязгаарлаж, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох ажлыг зохион байгуулж байна. Мөн 1,1 км газарт үерийн далан байгуулж, усанд автсан 286 хүнийг аюулгүй газарт гаргаж, орон гэргүй болсон 163 иргэнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байранд байрлуулжээ.  Нийт долоон багийн 43 айлыг нүүлгэн шилжүүлжээ. 

Үерт олон айлын байшин нурж сүйдсэн аж. Шар шавар, үнс, элсээр блок цохин байшин барьдаг юм байна. Энэ нь борооны усанд үйрч нурдаг аж. Тэсвэргүй материалаар байшин барьдаг нь үер нүүрлэсэн үед орон гэргүй болж эд материалаараа хохирч байна гэдгийг албаны хүмүүс хэллээ. 

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга Бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Ховд аймгийн ОБГ-ын есөн алба хаагч, нэг автомашинтай 18:54 цагт, Завхан аймгийн ОБГ-ын 9 алба хаагч, 1 автомашинтай 22:10 цагт, Увс аймгийн ОБГ-ын таван алба хаагч, нэг автомашинтай 20:15 цагт, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын долоон алба хаагч, нэг автомашинтай өчигдөр оройн 22:40 цагт Баян-Өлгий аймгийн чиглэлд хөдөлсөн байна. 

Борнуур суманд цэцэрлэгийн хоёр анги бүхэлдээ усанд автжээ

Төв аймгийн Борнуур сумын төвд өчигдөр /2018.07.16/ 13.00 цагийн орчимд орсон борооны улмаас гүүр эвдэрч, сумын төв үерт автжээ. Тухайлбал, “Урьхан” зоогийн газрын урд талд үер бууж, авто машинаар зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн билээ.

Энэ асуудлаар тус сумын Засаг дарга Б.Ууганбаяраас тодрууллаа. Тэрбээр “Манай сумын төвд өчигдөр 13.00 цагт үер буусан. Өнөөдрийн байдлаар хохирлын хэмжээг тогтоохоор ажлын хэсэг ажиллаж байна. Үерийн голомтод 60-70 өрх усанд автсан байгаа. Айл өрхийн гэрт нэг метр орчим ус тогтож, хашаа хороо нэлээдгүй эвдэрсэн. Замын тухайд сумын хатуу хучилттай 400-500 метр зам үерт автаж, гүүр эвдэрснээс машин зорчих боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Манай сумаас мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хохирол тогтоох, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажлын хэсэг ажиллаж байна. Одоогоор сумын төв лаг шавар идэгдсэн, зорчиход бэрхшээлтэй байгаа. Тиймээс учирсан хор хохирлыг арилгахаар ажиллана. Цэцэрлэгийн хоёр анги бүхэлдээ усанд автсан. Хүүхдийн эрсдэлгүй орчин учраас ариутгал сайн хийхийг зорьж байна. Мөн сумын гүүрийг эхний ээлжид засварлахаар ярилцаж байна. Үерийн улмаас хүний амь нас эрсдээгүй” гэж мэдээллээ.

 Э.Ариун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж