Монгол Улсын Үндэсний их баяр-Наадам болсонтой холбогдуулан гадаад улс орнуудын төр, засгийн удирдагчдаас манай улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарт хаягласан Монголын ард түмэнд баяр хүргэсэн цахилгаан утаснууд ирсээр байна.
Одоогийн байдлаар ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын дарга, АНУ-ын Ерөнхийлөгч, Японы Эзэн хаан, Франц, ХБНГУ, Казахстан, Беларусь, АНЭУ-ын Ерөнхийлөгч, Кувейтын Эмир, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, Ерөнхий сайд зэрэг гадаадын 60 гаруй орны удирдагчдаас баярын утас ирүүлжээ. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Х.Баттулгад ирүүлсэн мэндчилгээндээ “Миний бие Хятад, Монголын харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгдөг бөгөөд талууд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулж, хоёр улсын харилцан ашигтай хамтын ажиллагаанд шинэ өнгө аясыг бий болгож, хоёр улс болон хоёр улсын ард түмэнд илүү их үр өгөөжийг хүртээхийн төлөө хамтдаа зүтгэхийг хүсч байна” гэжээ.
Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Ж.Реган УИХ-ын дарга М.Энхболдод “Хоёр орны харилцаанд чухал байр суурь эзэлдэг парламентын харилцаа нь энх тайван, хөгжил цэцэглэл зэрэг нийтлэг эрх ашгийнхаа төлөөх хамтын ажиллагааны суурь болж байдгийг тэмдэглэхийг” хүссэн байна. Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев манай Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ирүүлсэн баярын утсандаа ОХУ, Монгол Улсын “олон талт хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх, эрчим хүч, аж үйлдвэр, тээврийн дэд бүтэц, дэвшилтэт технологи болон бусад салбарын төслүүдийг хэрэгжүүлэх нь хоёр орны урт хугацааны ашиг сонирхолд бүрэн нийцэж байна” хэмээжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт илгээсэн цахилгаандаа “Монгол бол дэлхий дахинд үлгэр дуурайл болж байгаа орон бөгөөд Америкийн зүгээс тус улстай байгуулсан түншлэлээ улам бүр бэхжүүлэхийн төлөө байна” гэв.
Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ