Сэтгүүлчид Түр хороо байгуулав

Хуучирсан мэдээ: 2011.08.27-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчид Түр хороо байгуулав











Монголын сэтгүүлчдийн нэгдсэн хуралдаан өнөөдөр боллоо. Хурлыг МҮОНТ-ийн захирал
Ц.Оюундарь,
NBS телевизийн тоймч
С.Наранбаатар нар санаачлан зохион байгуулж, сэтгүүлчдийн
эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэрхэн ажиллах талаар ярилцсан юм. 
Сэтгүүлчдийн нэгдсэн хуралд 100 гаруй сэтгүүлч оролцов. Сэтгүүлчид өнөөдрийн хурлаараа "Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл"-ийг шинэчлэгдэх шаардлагатай гэдэгтэй санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн юм.

Өнгөрсөн он жилүүдэд "Монголын сэтгүүлчдийн
нэгдсэн эвлэл" хэмээх их айл сэтгүүлчдийг гишүүнчлэлдээ багтаан, үйл ажиллагаа
явуулж ирсэн ч зөвхөн өөрсдийн талын хүмүүстээ шагнал тарааснаас өөр зүйл
хийгээгүй гэж нэгдсэн хурлыг санаачлагчид үзэж байгаа юм. Үүнтэй ч бусад сэтгүүлчид санал
нэгтэй байгаагаа өнөөдрийн нэгдсэн хурлын үеэр онцлон тэмдэглэв. Хэдийгээр
сэтгүүлчид нийгмээ шинэчлэхийн төлөө тэргүүн шугамд явдаг ч "Монголын
сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл" шинэчлэгдэж чаддаггүй.

Сэтгүүлчдийнхээ нийгмийн
баталгаа, эрх ашгийг хамгаалах чиглэлээр огт ажил хийдэггүй  гэсэн халуухан шүүмжлэлийг ч хэлээд авлаа.
Өнөөдрийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа олон мянган залуусын
дийлэнх нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг. Зарим нь үндсэн цалин
байдаггүй, хүний эрх гэж сэтгүүлчид хамгийн ихээр ярьж, бичдэг боловч, тэр нь
хэвлэл мэдээллийн байгууллагад хэрэгждэггүй. Олон цагаар ажилладаг, нэг ёсны
Монгол Улсын хөдөлмөрийн хууль мөрдөгддөггүй болохыг ч шүүмжилж байна. Уг нь
энэ бүхний төлөө М"онголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл "ажиллах ёстой ч өнгөрсөн
хугацаанд таг дуугүй явж ирснийг сэтгүүлчид шүүмжилж байлаа. Мөн энэ байгууллага муу ажиллаж ирснээс
сэтгүүлчдийг айлгаж ичээхэд хүргэдэг, жижиг, студиудын хувьд хэзээд хаагдахад
бэлэн байдаг гээд асуудал их байгааг сэтгүүлчид өнөөдрийн хурлаар хөндөв.

Хурлын үеэр МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, "Улс төрийн тойм" сонины ерөнхий эрхлэгч Л.Мөнхбаясгалан, TV-9 телевизийн продюсер Л.Төрмөнх нар илтгэл тавьсан байгаа. Ингээд сэтгүүлчдийн нэгдсэн хурлын төгсгөлд "Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл"-ийн IV их хуралд бэлтгэх, МСНЭ-ийг шинэчлэх зорилготой “Шинэ үе-шинэ сэтгэлгээ” нэртэй Түр хороо байгуулснаар
хуралдааныг өндөрлүүллээ. Түр хороо ирэх арваннэгдүгээр сард болох "Монгол сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл"-ийн  ээлжит Их хурал хүртэлх хугацаанд өнөөдрийн хурлаас гаргасан санал, санаачилгыг зангидаж ажиллах юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.Дарь.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж