Нэг нэр, "хоёр хоч"-той гишүүн

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

76:1

Нэг нэр, "хоёр хоч"-той гишүүн

Нэг нэр, "хоёр хоч"-той гишүүн

“News” агентлаг ’76:1′ буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллаар танилцуулдаг билээ. Энэ удаагийн дугаарт

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Мөнхөөгийн Оюунчимэгийг танилцуулж байна.

Энэ парламентын гишүүдээс хамгийн идэвхтэй нэгэн бол М.Оюунчимэг юм. Тэрбээр хүний эрх, байгаль орчин, санхүү зах зээл, гишүүдийн ёс зүй гэх мэт бүх асуудалд анхаарал хандуулж, асуулга тавьж, хууль санаачлахад оролцдог билээ. Арав гаруй жил сэтгүүл зүйн тогоонд “чанагдсан” хүн гэсэндээ аль ч сэдвээр нь гацахгүй ярьж, түгдрэхгүй хариулах чадвартай.

Гэвч түүний гаргасан санаатай болон санамсаргүй үйлдлүүд нь удаа дараа шүүмжлэл дагуулав. Тухайлбал, өнгөрсөн жил Байнгын хорооны танхимд шоколадны бүрмэл боов идсэнээсээ болж олон нийтээр шүүмжлүүлээд зогсохгүй, “Боорцог” гэсэн хоч аваад амжсан. Байнгын хорооны хуралдааны үеэр гаргасан үйлдэлдээ уучлалт гуйж тайлбар хийсэн. Тэрбээр “Маш завгүй ажилласан өдрийн нэг байж таарсан юм. Өглөөний 09.00 цагаас эхлээд ажлын хэсгийн хуралдаан, дараа нь Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци, залгуулаад ажлын хэсгийн хуралдаан, үргэлжлээд Байнгын хорооны хуралдаан гээд маш завгүй явсаар үд өнгөрсөн байсан. Байнгын хорооны хуралдаанд асуудал оруулах байсан учраас цайлж ч амжилгүйгээр орсон. Толгой ч өвдөөд кофе уух далимаараа шоколадны бүрмэл идсэн маань ийм асуудал дагууллаа. Иргэд маань биднийг өөр байх ёстой гэж үздэг юм байна, цаашдаа ийм асуудал гаргахгүй ээ” гэж мэдэгдсэн байдаг.

Үүний дараа нь тойрогтоо гурил тарааж бас л шүүмжлүүлэв. Зарим жиргээчид түүнийг “Яг ийм улстөрчдөд ард түмэн ядуу байх тусмаа сайн байдаг, хямд юманд хууртдаг. Тэгэхээр тэд хөгжүүлэхийг хүсэхгүй. Ард түмнийг Гандангийн тагтаа мэт хардаг хэвээрээ л гэж үү” гэх зэргээр шүүмжлэв.

“Хичээл” тасалдаг, “хэлгүй” гишүүдийн хажууд М.Оюунчимэг гишүүн нэг нэр, хоёр хоч зүүсэн ч толгой гудайлгүй ажилласаар явна. Дашрамд дуулгахад эрхэм гишүүн маань чуулган, байнгын хорооны хуралдааныг нэг ч удаа таслаагүй гэсэн.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороог удирддаг тул иргэдээс агаарын бохирдол, Туул голын бохирдолтой холбоотой санал олноор ирэхийн зэрэгцээ гэр, сургалтын төлбөр, түрээсийн байранд оруулж өгөх хүсэлт ч олноороо ирдэг тул ‘Гомдол хүлээн авагч’ ч гэж тодотгох нь бий.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн товч намтрыг хүргэж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

1988 онд – Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль

1995 онд – ОХУ, Ленинградын улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультет, сэтгүүл зүйн мастер

2008 онд – АНУ, Оклахома мужийн Улсын их сургууль, сэтгүүл зүйн мастер

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

1995-2009 онд – Монголын үндэсний телевиз, “ММ” агентлаг редактор, ахлах редактор, тоймч

1998-2001 онд – “ММ” агентлагийн ерөнхий редактор-захирал

2009-2012 онд – Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч

2013-2015 онд – Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн ажлын албанд зөвлөх

2013 онд – Монгол ардын намын Нарийн бичгийн дарга

2015 онд – “Монголын мэдээ” агентлагийн захирал

2016 оноос – Монголын хөгжлийн стратегийн хүрээлэн УЗ-ийн гишүүн

2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн

2017 оноос – Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга

ШАГНАЛ:

2007 онд – Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ:

Англи, Орос

Т.НОМИН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж