Ээлжит бус чуулган зарлахыг дэмжих үү?

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулган зарлахыг дэмжих үү?

Ээлжит бус чуулган зарлахыг дэмжих үү?

УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулахаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зүгээс 25 гишүүн гарын үсэг зурсан гэх боловч зарим гишүүд нээлттэй сонсгол хийх саналд гарын үсэг зурснаас ээлжит бус чуулган хуралдуулах асуудалтай танилцаагүй, гарын үсэг зураагүй гэж хэлж байлаа. Ингээд УИХ-ын гишүүд  ээлжит бус чуулган хуралдуулахыг дэмжих эсэх талаар зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа:

-Наадмын үеэр хөдөө сүлжээгүй газар сайхан амарч байна. Ээлжит бус чуулганы талаар сонссон. Надад албан ёсоор ээлжит бус чуулган зарлах гэж байгаа талаар мэдэгдсэн зүйл алга. Хэрэв ээлжит бус чуулган зарлахаар бол хуулийн дагуу, хуулийн хүрээнд болох биз. Ер нь бол албан тушаалтны асуудлыг хэлэлцэхийн тулд ээлжит бус чуулган зарлуулах гээд байгааг би хувьдаа ойлгохгүй байгаа.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Хаврын чуулган завсарлахын өмнө хаврын чуулганаар олон чухал асуудлыг хэлэлцэхгүй өндөрлүүлж байна гэдэг шүүмжлэлийг хэлж байсан. Тиймээс ээлжит бус чуулган зарлахыг дэмжинэ. Хаврын чуулган завсарлах гэж байхад чуулганы хуралдаанаа сунгаж хүлээгдэж байгаа асуудлуудаа хэлэлцэх санал ч гаргаж байсан. Тиймээс ч ээлжит бус чуулган хуралдуулах саналд гарын үсэг зурсан.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

-Ээлжит бус чуулганы талаар надад албан ёсны ямар ч мэдээлэл ирээгүй байна. Наадмын дараагаас тойрогтоо ажиллаж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-“Эрдэнэт” үйлдвэрийнхээ 40 жилийн ойгоор тойрогтоо ажиллаад ирлээ. Ээлжит бус чуулган зарлах санал гаргасан талаар надад албан ёсны мэдээлэл ирээгүй. Ер нь бол 60 тэрбумын хэргийг олох гэж байгаа бол Төрийн албаны зөвлөлөөс эхлэх хэрэгтэй. Хоёрхон хүн суугаад буруутай, буруугүйг шүүх маягаар өнгөрвөл болохгүй. Би хувьд Төрийн албаны зөвлөлд бичиг хүргүүлсэн. Тэр бичигт 2016 оноос хойш төрийн албанаас халагдсан, хууль бусаар халагдсан гэж шүүхэд хандсан, эргэж ажилд орсон бүх хүмүүсийн мэдээллийг авах хүсэлтээ өгсөн байгаа. Ингэж байж 60 тэрбумын хэргийн бодит дүн гарч ирнэ. 60 тэрбумтай тэмцэх гэж дүр үзүүлэхээс илүү ажил хэрэгч, үр дүнтэй байдлаар хандах хэрэгтэй болов уу гэж бодож байна.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж