ДХБ худалдааны дайныг зогсоож чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

ДХБ худалдааны дайныг зогсоож чадах уу?

ДХБ худалдааны дайныг зогсоож чадах уу?

АНУ, Хятад, ОХУ нь худалдааны дайн эхлүүлэхгүй байх үүрэг хүлээсэн гэдгийг нь Европын зөвлөлийн ерөнхийлөгч Дональд Туск санууллаа. Түүнчлэн тэрбээр 162 гишүүн орныг багтаасан Дэлхийн худалдааны байгууллагыг шинэчлэх цаг ирснийг мэдэгджээ.

АНУ, Хятадын хооронд гаалийн тарифын өрсөлдөөн эхэлсэн боловч одоохондоо худалдааны дайн, эдийн засгийн зөрчлөөс сэргийлэх, зогсоох боломж байгаа гэж Дональд Туск үзсэн байна. Тэрбээр Европын комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкерийн хамт Бээжинд айлчилж, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцянтай уулзалт хийжээ. Тэд жил бүр болдог Европын холбоо, Хятадын төр засгийн тэргүүн нарын уулзалт хэлэлцээнд оролцохоор Бээжинд айлчилсан аж.

Энэ хооронд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп даваа гаригт Финляндын Хелсинки хотод ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзахаас өмнө CBS сувгийн сэтгүүлч Жефф Глортой ярилцжээ.

Тэрбээр “Миний бодлоор Европын холбоо бол дайсан. Тэдний худалдаа наймаанд гаргаж байгаа үйлдлүүд дайсан мэт санагдуулж байгаа. Орос ч бас дайсан. Харин эдийн засгаар бол Хятад. Тэд бүгдээрээ дайснууд. ​​​​​​​Гэхдээ энэ нь тэднийг муу гэж байгаа биш тэд ердөө л өрсөлдөөнтэй юм. Би эдгээр улс орнуудын удирдагчдыг хүндэлдэг. Гэхдээ худалдаа наймаа нь дээр тэд хожсоор байна.  Мөн НАТО-гийн гишүүн орнууд хариуцсан үүргээ хүлээж татвараа төлөх ёстой” гэж мэдэгдсэн аж.

Хятад улс 2001 онд тус байгууллагад элссэнээс хойш харьцангуй тайван байсан зөрчил сэдэрсэн гэж үздэг. АНУ-ын Хятадтай хийх худалдаа наймаа нь Европын холбоотой хийдгээс харьцангуй бага. Хятад улс өөрийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж, Дэлхийн банк зэрэг АНУ-ын тэргүүлсэн санхүүгийн институттэй өрсөлдөх Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкийг байгуулснаас эхлэн зөрчил улам нэмэгджээ. Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мөн улс орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавьж, алдагдалтай худалдаа наймааг засч залруулахаар хичээж байна.

гаалийн тарифын өрсөлдөөн

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсаас авах импортын бараанд шинэ тариф ноогдуулах болсноо зарласнаар худалдааны дайныг эхлүүлсэн гэж ажиглагчид үзэж буй. АНУ нь төмөр болон ган тэргүүтэй олон нэр төрлийн барааны импортын тарифыг гуравдугаар сарын 23-нд нэмэгдүүлж, нийтдээ 50 орчим тэрбум ам.долларын татвар ногдуулжээ. АНУ нь Хятадаас нийлүүлж буй 100 гаруй нэр төрлийн бараанд 10- 25 хувийн татвар ногдуулах болсон юм. Үүний хариуд  Хятад улс Америкаас нийлүүлж буй 128 нэр төрлийн бараанд 15-25 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн. Хятадаас их хэмжээний ган орж ирж байгаа нь АНУ-ын гангийн үйлдвэрлэлийн салбарыг уналтад оруулсан гэж Дональд Трамп үздэг. Бодит байдал дээр, АНУ-д 110 гаруй улс ган нийлүүлдэг бөгөөд Хятад улс нийлүүлэлтийн хэмжээгээр 11-р байранд ордог аж. Хятадыг буруутгаж буйн гол учир гэвэл, зарим улсууд Хятадын ганг худалдан аваад бага зэргийн боловсруулалт хийснийхээ дараа АНУ-д дамжуулан экспортолдогт оршино. Бизнесмэн Дональд Трамп Цагаан ордны тэргүүн болсноос хойш Хятадтай хийсэн худалдаа наймаанд АНУ жил бүр их хэмжээний алдагдал хүлээж байгааг цаашид зүгээр хараад суухгүй гэж мэдэгдсэн юм. Бээжингээс АНУ-тай хийсэн худалдааны ашиг 275,8 тэрбум гэж мэдээлсэн бол Вашингтон 375,2 тэрбум гэж мэдээлжээ.

Дэлхийн худалдааны байгууллагын тухай

Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ) нь олон улсын худалдааны зохион байгуулалт-эрх зүйн үндсийг бий болгож, бүтээгдэхүүн, үйлчилгээ, оюуны өмчийн обьектын олон улсын худалдааны дүрмийг тодорхойлон, хэрэгжилтийг хянадаг, олон улсын эдийн засгийн хамгийн том байгууллага юм.

Дэлхийн худалдааны байгууллага 1995 оны нэгдүгээр сарын 1-нд байгуулагдаж, 162 орныг гишүүнээр элсүүлсний дунд Монгол Улс багтдаг. Тус байгууллага нь 1949 онд байгуулагдсан Тариф худалдааны ерөнхий хэлэлцээрийг үндэслэдэг. Төв байр нь Женевт байрлана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж