“У.Хүрэлсүхийн” эдийн засагт намар ирэх вий

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

“У.Хүрэлсүхийн” эдийн засагт намар ирэх вий

“У.Хүрэлсүхийн” эдийн засагт намар ирэх вий

-“Оюутолгой”-д учруулах дарамт зээлжих зэрэглэл дээр эргэж буух вий-

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсныхоо “анхны наадам”-д хоймор голлон оролцож, мөн энэ үеэр телевизийн шууд ярилцлагад оролцон эдийн засгийн ололт амжилтын талаар онцлон ярилаа. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард болсон Эдийн засгийн форумын үеэр “Эдийн засагт хавар ирлээ” хэмээн томъёолж хагас жил орчмын хугацаанд эдийн засагт ямар нааштай өөрчлөлт гарсан талаар гоё тоонууд мэдээлж байсан. Үүнд, оны эхний хоёр сарын байдлаар төсвийн тэнцэл сүүлийн долоон жилд анх удаа ашигтай гарсныг дурдаж “Засгийн газар бизнесийн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа”-гаа зарласан билээ.

Түүний Засгийн газар “давшингуй” ажилласны үр дүнд эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувь, 2017 онд 5.1 хувь байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 6.1 хувьд хүрч огцом өсөлт ажиглагдаж байгааг Дэлхийн банкнаас гаргасан Монголын эдийн засгийн тойм тайланд онцолжээ. Гэхдээ богино болон дунд хугацааны эдийн засгийн төлөв эерэг хэвээр байгаа ч суурь бүтцийн эмзэг байдлыг арилгах тал дээр анхаарал хандуулах шаардлагатайг Дэлхийн банкны эдийн засагчид зөвлөж байна.

Гэвч “таалагдсан хэсгээ авч давхидаг” улстөрчдийн араншин нөлөөлж зээлжих зэрэглэл “B-“ байсныг “B” болгон ахиулснаа “чанга дуугаар” мэдээлж хийсгэж явна. Угтаа эрсдэл хэвээр байгааг ажиглагчид, мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Тухайлбал, өр бага зэрэг буурсан. Түүхий эдийн үнэ ханш өндөр хэвээр байгаа нь үүнд нөлөөлсөн гэдгийг ч анхааруулж Засгийн газраас эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсний дүнд эдийн засгийн өсөлт цаашид нэмэгдэж, 2019-2020 онд дундаж өсөлт 6 хувийг давах төлөвтэй байгааг магтсан юм шүү дээ.

 “Эдийн засгийн эмзэг байдлыг бууруулж, дархлааг сайжруулахад Засгийн газар уул уурхайн салбарын мөчлөгийн сөрөг нөлөөг бууруулах эдийн засгийн төрөлжилтийн бодлогод онцгой ач холбогдол өгөх шаардлагатай. Иргэддээ хөрөнгө оруулах, институцыг бэхжүүлэх, дэд бүтцэд найдвартай хөрөнгө оруулах нь эдийн засгийг төрөлжүүлэх хамгийн оновчтой зам” хэмээн Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон онцлон хэлсэн. Харин эмзэг байдалдаа өөрсдөө аюул учруулчих вий гэсэн эмзэглэл, болгоомжлол үйл явдлын өрнөлөөс харагдсаар байна.

Тухайлбал, УИХ-аас томилогдсон ажлын хэсэг өнгөрсөн зургадугаар сарын 18-нд “Оюутолгой” ХК дээр очиж ажилласан. “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар нь дэд ажлын хэсгийн гишүүний хувиар очиж танилцсан байна. Амаргүй цаг үе байлаа. “Оюутолгойн уурхайн үйл ажиллагаа дууссаны дараа тухайн газарт цөмийн хаягдал булах эсвэл цөмийн цахилгаан станц барих гэж байна”, “Өмнөд Африкийн банкинд Оюутолгойн лицензийг 100 хувь шилжүүлсэн”, “Оюутолгой” ХХК өөрийн бүтээгдэхүүнд хяналт тавих үүрэг бүхий “Геологийн төв лаборатори” төрийн өмчит үйлдвэрийн газартай нууц гэрээ байгуулжээ” гэхчлэн ор үндэслэлгүй мэдээлэл цацагдаж, няцаагдав. “Оюутолгой” ХХК-ийн төв байрны үүдэнд жагсаал, цуглаан зохион байгуулж буй хүмүүс энгийн иргэд рүү дайрч давшлан, Хөрөнгө оруулалтын гэрээний эсрэг санал өгсөнгүй гэж буруутган улмаар нийгмийн сүлжээгээр бичлэг хийн тарааж мөн л бохир суртлаар бүтээн байгуулалтын ажилд саад болсоор байв. Ийм цаг үед УИХ-аас ажлын хэсэг очиж ажилласан.

Үүнтэй зэрэгцэн Засгийн газраас Зээлийн хүү, санхүүжилтийн хүүг бууруулах асуудлаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 11 дэх заалтын дагуу 7 жил тутам хүүг дахин хэлэлцэх ёстой гэж заасан. Тиймээс хувь нийлүүлэгч тал буюу Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард сууж, хүүг бууруулах чиглэлд ажиллаж байгаа аж. Засгийн газраас байгуулсан хоёр дахь Ажлын хэсэг эрчим хүчний чиглэлээр ажиллаж байна. “Оюутолгой” компани эрчим хүчний эх үүсвэрээ яаралтай шийдэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын дотоодын эрчим хүчний эх үүсвэрээс, гуравдахь эх үүсвэрээс, нэг бол өөрсдөө байгуулна гэж заасан. Далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад ороод ирэхээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх учраас эх үүсвэрийг шийдэх ёстой. Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас авч байгаа цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэрт шилжүүлж, цахилгаан станц барих асуудлыг ярьж байгаа. Хэрэв цахилгаан станц баривал Монгол Улсын эрчим хүчний сүлжээнд хэрхэн холбох, цахилгаан станц барихдаа ямар технологи ашиглах, ямар өртөгтэй байх, өртгийг зээлээр босговол Монгол Улс хариуцах уу, татвар ямар байх вэ гээд олон асуудлыг ярих ёстой.

Засгийн газрын гурав дахь Ажлын хэсэг Өмнийн говийн хөгжилтэй холбоотой байгаа. Ханбогд, Цогтцэций, Даланзадгад бүс нутагт ажлын байр бий болж, бизнесийн орчин бүрдэж байгаа тохиолдолд Улаанбаатарын хэт төвлөрөл бүс нутгийн хөгжил рүү хэрхэн шилжих, тэр дундаа “Оюутолгой” компанитай холбоотой Ханбогд сумыг хэрхэн хөгжүүлэх, уурхай дагасан хот эсвэл аялал жуулчлалаар төлөвлөх ёстой юу зэрэг бодлогын асуудлыг Монголын тал боловсруулж гаргаж ирэх ёстой учраас тэр.

Ийнхүү УИХ-аас томилогдсон ажлын хэсэг, мөн улс төрийн намууд, ТББ зэрэг байгууллагуудын оролцоотой таван дэд ажлын хэсгээс гадна Засгийн газраас гурван хэсэг “Оюутолгой”-д ажиллаж байна. Дарамттай биш гэж үү. Хэдийгээр “Оюутолгой” компани ажлын хэсэг, дэд ажлын хэсэг болгонд шаардсан мэдээлэл, тооцоо судалгаа бүхнээ дэлгэж буй ч гэнэт гаргаж ирсэн 150 сая ам.долларын татварын актаас ч илүү хяналт шалгалтын буулга үүрч байна. Дээр татварын актын тухайд тодорхой хэсгийг “Оюутолгой” компани хүлээн зөвшөөрч, нийт 25 татварын шийтгэлээс 21 дээр нь маргаан үүсч байгаа аж. Тухайлбал, менежментийн төлбөр дээр нь татвар авах, Монголын талын 34 хувийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүд давхар татвар авах зэрэг асуудлын талаар Рио Тинтогийн төлөөлөл ирж танилцаад “Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн суурь хэд хэдэн асуудлыг зөрчсөн гэсэн байдлаар маргаан үүсгэж Арбитрт хандаж мэдэхээр нөхцөл байдал үүсгэжээ. Гэтэл Үндэсний аудитын газраас л гэхэд дахин шалгалт оруулж  татварын ямар хөнгөлөлт эдлэв, санхүүжилт нь ямар загвар төлөвлөгөөтэй орж ирж байгаа зэргийг шалгаж судалж байгаа юм байна. Уг нь маш зөв. Гэхдээ ихэдвэл “аюултай” бус уу.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бизнес эрхлэгчдийг хууль бусаар дарамтлагчид, хүнд суртал гаргагчидтай хатуу тэмцэнэ” гээд Засгийн газар-Хувийн хэвшлийнхэнтэйгээ, Засгийн газар-Ард олонтойгоо, Засгийн газар-Гадаад түншүүдтэйгээ нэг зүгт харж, хүсэл зорилгоо нэгтгэж чадвал бид цаашид тулгарч болох ямар ч хүндрэл бэрхшээл, эрсдэлийг амжилттай даван туулж, хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэн, ард иргэдийнхээ амьдралын төвшинг дээшлүүлэх бүрэн боломжтой” гэж мэдэгдсэн. Ерөнхий сайдын байр суурь, хэлсэн үг иргэдэд, аж ахуйн нэгжүүдэд бодлогын мессеж болж очдог учраас чиг баримжаа, төлөвлөлтдөө update хийдэг.

Үндэстэн дамнасан компанийнх нь тухайд хардлага сэрдлэг дагуулах нь бий боловч “арайхийн” олж авсан зээлжих зэрэглэлийг өсгөсөн, үүгээрээ хөрөнгө оруулалт татах горьдлогоо тавиад туучих вий гэсэн эмзэглэл өөрийн эрхгүй төрж байна.

Дэлхийн банк эдийн засгийн амжилтыг онцлохдоо өсөлтийн эмзэг чанарыг хэлж өгсөөр байтал тэр эмзэг байдлаараа тоглолт хийж хөрөнгө оруулалтыг үргээх, уул уурхайн салбартаа хэт дулдуйдах нь тун аюултай. Магадгүй хавар ирсэн бүхэн намар буцдагийн жамтай зүйрлэсэн нь энэ удаад бодитоор биелж төсөөлсөн өсөлтийг маань ханшийн уналт залгиж, хөрөнгө оруулагчид Оюутолгойд учруулах дарамтаас үргэж, дахин нэхсэн татвар маань Арбитраас өр төлбөр болон буцвал яана. Энэ бол ёр биш бодит байдал. Тиймээс хөрөнгө оруулагчидтай эв найртай байж хөгжил рүү тэмүүлж, тэр дүр зурагаа дэлхийн нүднээ ил байгаа Оюутолгойгоор дамжуулан харуулах ёстой шүү гэдгийг У.Хүрэлсүхийн Засгийн газарт сануулахад илүүдэхгүй болов уу. “Гурван тулгуурт” бодлого гэдэг маань гуравхан тулгууртай бодлого юм шүү дээ. Энэ тулгуур нь маш эмзэг. Яг л эдийн засагт хавар ирсэн шиг, намар бас ирдэг гэдгийг гашуунаар сануулах мэт тийм эмзэг тул эрсдлээс холуур байгаасай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж