2018 оны хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/, 2014 оны ДАШТ-ээс даруй 40 хувийн илүү хөрөнгө оруулалттайгаар зохион байгуулагджээ. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ 564 сая ам.доллараар зохион байгуулагдаж байсан бол 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ 791 сая ам.доллараар зохион байгуулагдсан байна. Үүнээс 400 сая ам.долларыг шагналын сан болгон тооцож, оролцсон улсын шигшээ багуудад зарцуулжээ. Үлдсэн 209 сая ам.долларыг хөлбөмбөгийн клубүүдэд тоглогчоо дэлхийн аваргад суллаж байгаа хэргээр нөхөж олгодог бол 134 сая ам.долларыг гэмтэл ослын даатгал хэмээн төлөвлөжээ.
Нийт 32 улс орны баг 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцсон бөгөөд хэрхэн хожиж, ялагдсанаар шагналыг гардуулдаг аж.
Тэмцээнд оролцсон баг болгонд 1.5 сая ам.доллар, группийн хэсэгт шалгарсан бол 8 сая ам доллар, 16-д шалгарсан бол 12 сая ам.доллар, хагас финалд шалгарч үлдсэн тохиолдолд 16 сая ам.доллараар тус тус шагнах бол дөрөвдүгээрт байрт 22 сая ам.доллар, гуравдугаар байрт 24 сая ам.доллар, хоёрдугаар байр эзэлсэнд 28 сая ам.доллар бол ялагчаар тодорсон шигшээ багт 38 сая ам.долларын шагналын хамтаар Дэлхийн аваргын цомыг хүртэх юм.
Өнгөрсөн таван удаа зохиогдож байсан хөлбөмбөгийн ДАШТ-үүдэд зохион байгуулагдах төсөв болон мөнгөн шагнал өссөн судалгаа гарчээ. Япон, Солонгосын хамтарсан 2002 оны хөлбөмбөгийн ДАШТ 154 сая ам.доллараар зохион байгуулагдаж байсан бол Герман улсад болсон 2006 оны ДАШТ-ийг 262 сая ам.доллараар зохион байгуулжээ. Тэгвэл 2010 оны Өмнөд Африкт болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг 420 сая ам.доллараар төлөвлөж байсан бол 2014 онд Бразилд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ийг 564 сая ам.долларт төлөвлөж тус тус зохион байгуулжээ.
Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулж байгаа Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ зохион байгуулагч орноос дэмжлэг авахаас гадна өөрсдөө мөн адил орлогын эх үүсвэрээ болгодог ажээ. 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ээс ФИФА 4.8 тэрбум ам.долларын хөрөнгө цуглуулснаас 2.7 тэрбум ам.долларыг тоглолт зохион байгуулахад зарцуулсан бол үлдсэн 2.1 тэрбум ам.доллар ФИФА-д орлого болдог ажээ.
Г.Батмандах
Эх сурвалж: TOTAL SPORTEK