АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Финляндын Хелсинки хот руу явахаас өмнө CBS сувгийн сэтгүүлч Жефф Глортой ярилцжээ.
“Миний бодлоор Европын холбоо бол дайсан. Тэдний худалдаа наймаа дээр гаргаж байгаа үйлдлүүд дайсан мэт санагдуулж байгаа. Орос ч бас дайсан. Харин эдийн засгаар бол Хятад. Тэд бүгдээрээ дайснууд. Гэхдээ энэ нь тэднийг муу гэж байгаа биш тэд ердөө л өрсөлдөөнтэй юм. Би эдгээр улс орнуудын удирдагчдыг хүндэлдэг. Гэхдээ худалдаа наймаа нь дээр тэд хожсоор байна мөн НАТО-гийн гишүүн орнууд хариуцсан үүргээ хүлээж татвараа төлөх ёстой” гэж Ерөнхийлөгч Дональд Трамп ярилцжээ.
Мөн Финландын Хелсинки хотноо болох Путинтай болох уулзалтад Ерөнхийлөгч Дональд Трамп бага хүлээлт тавьсан ажээ. “Би маш бага хүлээлттэйгээр уулзалт руу явж байгаа гэхдээ ингэж уулзах нь сайн хэрэг гэж бодож байна. Өмнө нь Кимтэй уулзсан нь сайн үр дагавар авчирсан. Хятадын Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт ч сайн болсон. Тэгэхээр Оросын Ерөнхийлөгчтэй хийх уулзалт муу үр дагавар авчрахгүй нь лавтай” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ярьжээ.
Трамп-Путин чуулга уулзалтаар хоёр улсын удирдагчид харилцах харилцаа холбоогоо сайжруулахыг хүсэмжилж байгаа бөгөөд урьд өмнө нь үл ойлголцлоос болсон олон зүйлд тодорхой шийдвэрт хүрэхийг зорьж байгаа аж.
Г. Батмандах
Эх сурвалж : CBS NEWS