"Урлаг өвчтөнүүдэд өөрийгөө илэрхийлэх боломжийг олгодог"

Хуучирсан мэдээ: 2018.07.16-нд нийтлэгдсэн

"Урлаг өвчтөнүүдэд өөрийгөө илэрхийлэх боломжийг олгодог"

"Урлаг өвчтөнүүдэд өөрийгөө илэрхийлэх боломжийг олгодог"

Хавдар судлалын үндэсний төвийн /ХСҮТ/ эмнэлгийн хурлын танхимд өнөөдөр /2018.07.16/ ‘Өнгөт өдөр’ нэртэй өдөрлөг зохион байгуулагдлаа.  ‘Өнгөт өдөр’ гэж нэрлэсэн шалтгаан нь эмийн бус, уран зургийн аргаар эмчлүүлэгчид өвчнөө ялан дийлэх боломжтой гэдгийг харуулахыг зорьсон ажээ. Ийнхүү тус эмнэлэгт эмчлүүлж буй 40 өвчтөнд өнөөдөр зургийн хичээл оржээ. Хэдийгээр бие нь чилээрхсэн хэдий ч өвчтнүүд зургийн хичээлийг хичээнгүйлэн гүйцэтгэж байлаа. Тэд бол ‘Өнгөт өдөр’ урлагаар анагаах өдөрлөгийн гол дүрүүд юм. Мөн  тэдний зурсан зургаар эмнэлэгийн ханыг чимэх аж. 

Энэхүү “Өнгөт өдөр”-ийг АНУ-ын “Хоспитал арт” сан, Монголын Урлагийн зөвлөл /МУЗ/ хамтран санаачилжээ.

ХСҮТ-ийн хурлын танхимын хаалгаар ормогц Б.Энхбаяр гуайн хичээн зурж буй уран бүтээл нүдэнд тусав. “Би зураг зурж чаддаггүй. Гэхдээ анхаарал төвлөрөөд цаг хугацааг анзаарсангүй. Зурж эхлээд нэг цаг 30 минут болж байна” хэмээн Б.Энхбаяр гуай ярилаа. Тэрбээр түрүү булчирхайн хорт хавдраар өвчилсөн гэдгээ хожуу үедээ мэдсэн тул хагас жил гаруй хугацаанд эмнэлэгт бие эмчлүүлж байгаа гэлээ. Өдгөө Б.Энхбаяр гуай ХСҮТ-ийн сэргээн засах тусламж үйлчилгээний тасагт эмчлүүлж байна. Тэрбээр 65 настай ч сайн зураач байсан юм.

“Хоспитал арт” сангийн захирал Скот Фейт “Эмнэлгийн хоосон хананууд бидний ажлын үр дүнд өнгөлөг болно” гэв. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүс ихэнхдээ өвчнөө л боддог. Харин урлаг тэднийг болон эмч ажилтнуудыг сэргээж, урам зориг өгдөг. Бидний зорилго дэлхийн эмнэлэг бүрийн хананд эвлүүлсэн зургаа байрлуулах” гэж тэрбээр ярьсан юм. “Хоспитал арт сан дэлхийн 150 гаруй оронд өөрийн 47 мянган бүтээлийг түгээжээ.

эмнэлэгт Уран зураг байрлуулснаар эмчлүүлэгчдийн өвчин эдгэрэх явц нь хурдасдаг

МУЗ-ийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл ‘“Өнгөт өдөр” төслийн үйл ажиллагааг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Анх 2014 онд энэхүү урлагаар анагаах сургалтыг Хоспитал Арт сантай хамтран Гуравдугаар төв эмнэлэг дээр явуулсан. Тэдний зурсан таван ширхэг уран зураг одоог хүртэл хадгалагдаж байгаа. ‘Арт терапи’ гэдэг бол гаднын улс оронд ихээхэн дэлгэрсэн эмчилгээний чанарыг дээшлүүлдэг арга юм. Зөвхөн эм уулгахаас илүү тэр хүмүүсийн сэтгэл зүйг тогтвортой байлгах, тэвчээрт нь дэм болох үүднээс зураг зуруулж, будуулж байна. Мөн эмнэлгийн орчинд уран зураг байрлуулснаар өвчний эдгэрэх явцыг хурдасгадаг гэдэг судалгаа хүртэл байдаг” хэмээв.

Урлаг нь  өвчтөнүүдэд өөрийгөө илэрхийлэх боломжийг олгодог

Тэгвэл ‘Арт  терапи’ буюу эмгүй эмчилгээний талаар талаар Зураач, урлагийн сэтгэл засалч Б.Нарантулгаас лавлалаа. Тэрбээр ‘Сүүлийн жилүүдэд гаднын улс орны эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд эмчилгээний чанарыг нэмэгдүүлж, өвчтөний сэтгэлзүйн байдлыг тогтворжуулахад урлагийн төрлүүдийг ашиглах нь улам нэмэгдэж байна. Урлаг нь  өвчтөнүүдэд бусдад үгээр илэрхийлэн ярьж чадахгүй байгаа өөрийн дотоод ертөнцийг ойлгох, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгодог гэдгээрээ ихээхэн давуу талтай. Олон улсад төрөл бүрийн урлагийн илэрхийлэл урлан бүтээх үйл ажиллагааг сэтгэлзүйн эмчилгээ дэмжлэг хэлбэрээр ашиглахыг арт  терапи буюу эмгүй эмчилгээ хэмээн нэрлэдэг” гэв.

Хавдар өвчин бүрэн эдгэрэх боломжтой

Сэргээн засах тусламж үйлчилгээний тасгийн эрхлэгч, сэтгэл зүйч Ч.Аззаяа Хавдар өвчин тухайн хүний амьдралын хэв маягтай шууд холбоотой. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад үндсэн байрлалын хавдрууд зонхилж байна. Үүнийг зонхилон тохиолдох таван байрлалын хавдар гэж нэрлэдэг. Үүнд элэг, ходоод, улаан хоолой, уушги, умайн хүзүүний хавдар ордог. Хавдрын эрт үед илрүүлэг шинжилгээнд хамрагдаад явбал эдгэрэх бүрэн боломжтой. Хамгийн гол нь тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Сүүлийн үеийн судалгаанаас харахад сэтгэл түгшилт өндөртэй хүн зурган засалд хамрагдсаны дараа сэтгэл түгшилт нь 20  гаруй хувиар буурсан үзүүлэлт байдаг.  Олон улсад хэрэглэдэг сэтгэл заслын маш том төлөөлөл. “Арт терапи’ гэдэг бол гаднын улс оронд ихээхэн дэлгэрсэн эмчилгээний чанарыг дээшлүүлдэг арга юм. Зөвхөн эм уулгахаас илүү тэр хүмүүсийн сэтгэл зүйг тогтвортой байлгах, тэвчээрт нь дэм болох үүднээс зураг зуруулж, будуулж байна’ гэв.

Өвчтөнүүд уран бүтээлээ дуусгаад, өөр өөрийн хэсгээ эвлүүлэхэд эрээн мяраан дүрсүүд амьтны дүрс, мод, цэцэг болон амиллаа. “Зураг зурах дургүй хүн байж болно. Гэсэн ч тэд хүүхэд насандаа очсон мэт мэдрэмж авна. Сэтгэл өөдрөг болдог. Хүн нэг дор хоёр юм бодож чадахгүй. Зурангаа өвчнөө мартдаг” гэж зураач, урлагийн сэтгэл засалч Б.Нарантулга хэлсэн юм. Хожим тэд хийсэн уран бүтээлээ харж баясах болно. Эмнэлгийн ханан дахь зургууд эмч, ажилтнуудад ч таатай мэдрэмж төрүүлнэ. Эмнэлэг дэх өнгөт өдөр ийн хананд үлдэнэ.

Э.Бурам 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж