Чөлөөт бөхийн Мадридын Гранпри тэмцээн долдугаар сарын 14-15-нд Испанийн нийслэл Мадрид хотод боллоо. 18 дахь удаагийн тэмцээнд манай улсаас хоёр тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос 70 кг-ын жинд ОУХМ Санжаагийн Ганбаяр алт, 65 кг-д ОУХМ Төмөр-Очирын Тулга хүрэл медаль хүртэв. С.Ганбаяр Мадридын дэвжээнд Германы Вильям Стиер, Канадын Диллон Уильямс, Казахстаны Аслан Куанышбеков нарыг ялж тус тэмцээний аварга болсон юм. Мөн ‘Арслан’ клубийн тамирчин Т.Тулга аварга болох ерөөлтэй ОХУ-ын Артур Бадтиевт ялагдсан ч Тайваний Чан Ю-Суан, Унгарын Норберт Лукас, эзэн орны Хавьер Андижар нарыг ялснаар хүрэл медалийн эзэн болжээ.
Мадридад аварга болсон С.Ганбаяр АНУ-ын Мэриландын их сургуульд багшилж, ‘Нью-Йорк Атлетик’ клубт данстай бөх. Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны календарт багтдаг чөлөөт бөхийн “Канадын цом” олон улсын тэмцээн долдугаар сарын 7-нд Канадын Онтарио мужийн Гуэльф хотод болсон бөгөөд тус тэмцээнд чөлөөт бөхийн ОУХМ Санжаагийн Ганбаяр 70 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн юм.
Тэрбээр Канад, АНУ-ын бөхийг ялж, алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Брэндон Соренсенд ялагджээ. С.Ганбаяр өнгөрсөн тавдугаар сардын сүүлээр Италид болсон Сассаригийн ОУТ-д ганцаараа оролцож түрүүлсэн билээ.
Эх сурвалж: БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР