Японд үйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд болох “Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг”, “Халуун Сэтгэл in Japan”, “Япон дахь Монгол Оюутны Холбоо”, “Япон дахь ээжүүдийн групп”, Өвөр Монголын “Нутгийн бараа”, Японы “Рюүгакүсэй фүрэндошипү” зэрэг зургаан байгууллага нэгдэн гамшигт нэрвэгдсэн Японы иргэдэд туслах хандивын аяныг эхлүүлээд байгаа юм. Тиймээс “Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг”-ийн тэргүүн Л.Энхсүхтэй Япон улс руу холбогдож, тус хандивын аяны талаарх зарим зүйлийг тодрууллаа.
-Сайн байна уу. Юуны өмнө манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Л.Энхсүх гэдэг. Хоккайдо аралд амьдардаг. Японд ирээд долоон жил болж байна. Япон улсын Хоккайдо Их Сургуульд докторантаар суралцдаг. Миний амьдардаг Хоккайдо арал Японы хамгийн хойд хэсэг гэж ойлгож болно. Үер болсон Хирошима, Окаяама, Эхиме муж руу онгоцоор хоёр цаг гаруй нисэж очих зайтай.
–Японд үйл ажиллагаагаа явуулж буй ТББ-ууд нэгдэн японы иргэдэд туслах хандивын аян зохион байгуулж буй талаар сонслоо. Тус хандивын аяныг яагаад зохион байгуулах болов?
Японы баруун нутгаар орсон аадар бороо 10 гаруй хоног үргэлжлэн орсны улмаас үер бууж нийтдээ 100 гаруй хүн амь насаа алдаж, 60 гаруй хүн ор сураггүй алга болсон. Мөн 255 мянга гаруй барилга байшин устаж, зам харгуй үгүй болж, таван мянга орчим хүн орон гэргүй болсон нь учраас Японд ажиллаж амьдарч буй Монголын ТББ-ууд нэгдсэн гамшигт нэрвэгдсэн Японы ард түмэнд туслах хандивын аяныг эхлүүлээд байна.
– Миний бие Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэгийн тэргүүнээр ажилладаг. Манай нийгэмлэгийн гишүүн Э.Ариунцэцэг нийгэмлэгтээ хүсэлт гаргасны дагуу Нийгэмлэгийн зүгээс Япон дахь бусад ТББ-уудтай холбогдоод тус аяныг эхлүүлсэн. Японы ард түмний хөдөлмөрч зан байдлаас бид үргэлж суралцаж, цаг ямагт манай улсад тусламжийн гараа сунгаж ирсэн тэдний тусыг энэ хүнд цаг үед бид мартах учиргүй. Сүүлийн жилүүдэд Японд ажиллаж, амьдрах Монголчуудын тоо ч нэмэгдэх болсон. Тиймээс бидний тусламж их, бага нь хамаарахгүйгээр хамгийн гол нь сэтгэл зүрхээ зориулах нь чухал гэж үзсэн. Бидний цуглуулсан хандив үерт нэрвэгдсэн иргэдэд бага ч болов уу тус нэмэр болох байх. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэдэг ухаант ардынхаа үгийг санан бидний санаачилсан хандивын аянд нийт монголчуудаа нэгдэхийг уриалж байна.
-Цугларсан хандивыг үерт нэрвэгдсэн иргэдэд хэрхэн хүргүүлэх вэ?
-Долдугаар сарын 20 хүртэл цугларсан хандивыг үерт нэрвэгдсэн бүс нутгийн хотын захиргаа, холбогдох байгууллагуудаар дамжуулан тусламж хэрэгтэй байгаа иргэдэд хүргэх болно. Хандивыг хоёр хэлбэрээр хүлээн авч байна. Мөнгөн хэлбэрээр илгээх бол –Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэгийн дансаар, бараа бүтээгдэхүүн илгээх бол Халуун Сэтгэл in Japan ТББ-ын хаягаар тус тус хүлээн авч байна. Бид хандивын тайланг ил тод, нэр устай нь олон нийтэд мэдээлэх болно.
-Хүмүүс аянд хэр нэгдэж байна вэ?
Японд өнгөрсөн хоёр өдөр амралтын өдөр таарлаа. Мөн өнөөдөр далайн өдөр гээд амралтын өдөр тохиож байна. Хэдий амралтын өдөр таарч байгаа ч гэсэн Японд амьдарч байгаа Монгол иргэд бидэнтэй холбогдож мөнгөн тусламж үзүүлж байна. Монголчууд маань бие биедээ туслах сайхан сэтгэлээр дүүрэн байдаг нь мэдрэгдэж байгаа. Монголоос ч гэсэн мөнгө шилжүүлсэн. Маргаашнаас илүүтэй идэвхжих байх гэж бодож байна.
-Японд манай улсын хэчнээн иргэн ажиллаж, амьдарч байна вэ?
-Ойролцоогоор 10 мянга гаруй монгол иргэн амьдардаг.
-Танай нийгэмлэгийн зүгээс хоёр улсын элчин сайдын яамтай холбогдсон уу?
-Холбогдоогүй.
-Японд яг одоо нөхцөл байдал ямар байна вэ?
-Үер нэрвэгдсэн ард түмэнд японы томоохон үйлдвэр, компаниуд мөн хувь хүмүүс ихээр тусалж байна. Гэлээ гээд бид өөрсдийнхөө тусламжийг бага гэж бодолгүй туслаасай гэж хүсч байна. Дан ганц Япон гэлтгүй дэлхий даяар Монголчуудын сайхан сэтгэлийг харна. Бид Японы ард түмэнд туслах ёстой улсын нэг гэж боддог.
-Цаг агаар хэр байна?
– Үер зогссон ч гэсэн бороо орсоор л байна. Өмнөх жилүүдээс илүүтэй бороо хур элбэгтэй байна.
✔️Хандивын Япон дахь данс:
Хоккайдо Монголын Харилцааны Нийгэмлэг,
ゆうちょ銀行
Хүлээн авагчийн нэр: トクヒ) ホッカイドウモンゴルコウリュキョウカイ
Дансны дугаар: 記号19700, 番号10224571 (шуудан банкнаас шилжүүлэх тохиолдолд)
✔️Бусад банкнаас шилжүүлэх тохиолдолд:
Банк: ゆうちょ銀行
Салбар: 998, 普通預金
Дансны дугаар: 1022457
Холбогдох утас: 080-5832-1667
Хандивын Монгол дахь данс:
Дамдинсүрэн Цэрэндулам (ХМХН-ийн гишүүн), Худалдаа Хөгжлийн банк 406094269, Утас: 99322936
Бараа бүтээгдэхүүн хүлээн авах хаяг:
〒270-0141
千葉県流山市松ヶ丘5丁目695番地の3ボナール松ヶ丘103
Нэр: ムンフバト マンドール
Холбогдох утас: 080-4123-0525