Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотноо мэргэжлийн талбайн теннисний энэ оны гуравдахь Их Дуулга болох Уимблидон хоёр долоо хоногийн турш болж өндөрлөлөө. Эмэгтэй ганцаарчилсан төрөлд Германы А.Кербер түрүүлээд байсан бол эрэгтэй ганцаарчилсан төрөлд Сербийн алдарт теннисчин Н.Жокович түрүүллээ.
Н.Жокович шувтрагын шатанд Өмнөд Африкийн К.Андерсонтой шалгарч үлдсэн. К.Андерсоны хувьд дунд шөвөгт Р.Федерер, хагас шигшээд Ж.Иснер нартай хүнд тоглолт хийн ялалт байгуулснаар шигшээ шатанд шалгараад байсан. Харин Н.Жокович дунд шөвөгт Японы К.Нишикориг буулган авч хагас шигшээд Р.Надалтай тоглосон. Тэрбээр Р.Надалтай маш хүнд тоглолт хийсэн бөгөөд хоёр тоглогч 4 дэх сетдээ завсарлага авч маргааш нь тоглолтоо үргэлжлүүлж Н.Жоковичийн ялалтаар өндөрлөсөн.
Шувтрагын шатанд К.Андерсон Серби залуу Н.Жоковичид төдийлөн хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадсангүй. Эхний хоёр сетэд ердөө нийлээд 4 гэйм авсан. Харин 3 дахь сетэд багагүй эсэргүүцэл үзүүлж байсан ч Н.Жокович туршлага, ур чадвар илүү гэдгээ харуулж 3 дахь сетэд тай-брейкээр 7-3 харьцаатай ялалт байгуулсан. Ингэснээр Н.Жокович Африк өрсөлдөгчөө 6-2, 6-2, 7-6 харьцаатай хожиж 2 жилийн дараа Их Дуулга тэмцээний цомоо хүртлээ. Энэ цом нь Н.Жоковичийн Уимблидоны 4 дэх, Их Дуулга тэмцээний нийт 13 дахь цом болж байна. Ямартаа ч бэртэл болон дасгалжуулагчийн асуудалтай байсан Н.Жокович амжилтгүй он жилүүдээ дуусгавар болгож чадлаа.
Б.БЯМБАБАЯР