Бүтэн нэг сарын турш манай хойд хөрш ОХУ-д хөлбөмбөгийн 21 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, Франц улсын ялалтаар өндөрлөлөө. Франц улс 1998 онд З.Зидан, өдгөөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Дешам нарын үед анхны алтан дагина цомыг хүртэж байсан бол 20 жилийн дараа залуу бүрэлдэхүүнтэй Францын шигшээ баг хоёр дахь удаагаа алтан дагиныг өргөж байна. Францын шигшээ баг энэ удаагийн дэлхийн аваргад түрүүлснээр багийн дасгалжуулагч Д.Дешам тоглогч, дасгалжуулагчаар дэлхийн аваргад түрүүлсэн гурав дахь хүн болсон. Түүнээс өмнө Бразилын М.Загалло, Германы Ф.Беккенбауэр нар тоглогч дасгалжуулагчаар дэлхийн аваргын цомыг хүртэж байжээ.
Мөнгөн медаль хүртсэн Хорватын шигшээ баг 20 жилийн өмнөх амжилтаа ахиулан дэлхийн аваргын шувтрагын шатанд анх удаагаа шалгарч, анхны мөнгөн медалиа хүртлээ. Үүнээс гадна дэлхийн аваргын шилдэг тоглогчоор шигшээ багийн ахлагч Л.Модрич шалгарсан нь Хорватуудад бас нэгэн баяр хөөрийг авчирсан.
21 дэх удаагийн ДАШТ-нд таван тивийг төлөөлж 32 шилдэг баг өрсөлдсөн бөгөөд Атлантын далайн хойд хэсэгт орших Исланд арлын Исланд улс, Хойд болон Өмнөд Америкийн эх газрыг холбогч Панамын суваг орших Панам улсууд анх удаагаа дэлхийн аваргын “дарийн утаа” үнэрлэлээ.
Энэ удаагийн дэлхийн аваргын нэг том шинэчлэл бол VAR буюу видео шүүлт байлаа. Тоглолтын дунд бичлэг ухрааж үзэх технологи нь тоглолтыг цэвэр, шударга явагдах нөхцлийг хангаж байсныг дурьдах хэрэгтэй. Дэлхийн аваргын турш 64 тоглолтонд 169 гоол орсон бөгөөд нэг тоглолтонд дунджаар 2.64 гоол орсон нь урьд өмнөх дэлхийн аваргуудаас харьцангуй их байлаа.
Тэмцээний шилдгүүд:
Шилдэг тоглогч: Хорватын шигшээ багийн ахлагч Л.Модрич
Шилдэг довтлогч: Английн шигшээ багийн довтлогч Х.Кейн /6 гоолтой/
Шилдэг хаалгач: Бельгийн шигшээ багийн хаалгач Т.Куртуо
Шилдэг залуу тоглогч: Францын шигшээ багийн тоглогч К.Мбаппе
Цэвэр, шударга тоглолттой баг: Испаний шигшээ баг
ТООН ҮЗҮҮЛЭЛТЭЭР:
- 64 тоглолт
- 32 баг
- 169 гоол
- 2 хет-трик
- 29 пенальт
- 12 авто гоол
- 4 улаан карт
Б.БЯМБАБАЯР