УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзсэнээр 42-р тойрогт нөхөн сонгууль болно. Тус тойрогт хэн нэр дэвших вэ, намууд хэнийг дэвшүүлэх нь тодорхойгүй байгаа ч албан бус нэрс гарч эхлээд байна.
Энэ удаагийн нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаяр, С.Ганбаатар нарын нэрс яригдаж байгаа. Тэгвэл энэ талаар МАХН-ын гишүүн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө ч, С.Ганбаатарыг ч дэвшүүлэх юм шиг зүйл яриад байгаа. Дур эзнээ голохгүй, дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг шиг л юм болж байна. Гэхдээ Бага хурлын 104 гишүүн эсрэг байр суурьтай байгаа. Тэдэнтэйгээ эхлээд учраа олж, уучлалт гуйх ёстой. Мөн албан тушаал, намын даргын тамгаа өг. Арав гаруй жил төрийн өндөр дээд албан тушаалд ажиллаж, дараа нь нам удирдаж яваа хүн. Одоо болно гэж Н.Энхбаяр даргад хэлье. Ямар ч байсан дүрмийн дагуу Бага хурлын гишүүд намын даргаас илүү эрх мэдэлтэй. Би намын гишүүдтэйгээ ярилцаж, санал солилцсон. Судалгаа ч хийж үзсэн. “Хасу мегавайт” компанийн хүн өндөр рейтингтэй гарч ирсэн. Бид тэр хүнд МАХН-аас нэр дэвших санал тавина. Харин Н.Энхбаяр, С.Ганбаатар нар бие дааж нэр дэвшинэ биз. Тэдэнд МАХН-аас нэр дэвших ямар ч боломжгүй” гэжээ.
Ш.ЧИМЭГ