УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа
-Сайхан наадсан уу та. Долоодугаар сард танай яамныхан нэлээд завгүй ажиллах шиг боллоо. Гурван улсын алал жуучлчлалын сайд нарын III хуралдааныг Улаанбаатарт зохион байгуулахаас эхлээд “Цэвэрхэн наадацгаая”аяныг зохион байгуулсан байх аа?
-Сайхан наадлаа. Манай яамныхан жилийн 4 улирал харгалзахгүй завгүй, ачаалалтай ажилладаг. Энэ сарын 8-12-нд Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын III хуралдааныг Улаанбаатар хотод амжилттай зохион байгууллаа. Наадмыг угтаж, “Цэвэрхэн наадацгаая” аяныг санаачилж, баяр наадам зохион байгуулах хороо, 21 аймгийн Засаг дарга, БОАЖЯ-ны харьяа сав газруудын захиргаа болон тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад хувийн хэвшлийн томоохон аж ахуй нэгжүүдэд “Цэвэрхэн наадацгаая” аяныг дэмжиж ажиллахыг уриалсан маань үр дүнгээ өгч, монголчууд энэ жил цэвэрхэн наадлаа. Энэхүү аяныг дэмжин дээрх байгууллагууд маань баяр наадмын тасалбар, зөвшөөрөл, өөрсдийн мэдлийн томоохон самбарууддаа “Цэвэрхэн наадацгаая” аян, “Хандлагаа өөрчилье” санаачилгын логог байршуулж, дэмжиж ажилласанд талархлаа илэрхийлье. Мөн манай аяныг дэмжин ажилласан Монголын оюутны холбоо, “Ирмүүн хатад” ТББ, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын хамт олонд ч талархаж байна. Эдгээр байгууллагуудын дэмжлэгтэйгээр 200 залуу Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагт наадмын өдрүүдээр, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 14.15-нд иргэдэд хог тарихгүй байхыг уриалж, хог цэвэрлэн ажиллалаа.
–Монгол, Орос, Хятад гурван улсын аялал жуулчлалын сайд нарын хуралдаанаас ямар үр дүн гарав. Энэ хуралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
–БНХАУ-ын санаачилгаар 2016 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа уг хуралдаан 2016 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот, 2017 онд ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотод тус тус зохиогдсон. Энэ жилийн хуралдааныг Монгол Улс Улаанбаатар хотноо зохион байгуулсан. Хуралдаанд БНХАУ-аас Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ду Жиан, ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын хөгжлийн хорооны дарга Жинь И Пинь нараар ахлуулсан 60 гаруй төлөөлөгчид, ОХУ-аас Холбооны Аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга Королёв Николай Вадимович, Бүгд найрамдах Буриад Улсын Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Шутенков Игорь Юрьевич нараар ахлуулсан 20 гаруй төлөөлөгчид, НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Тогтвортой аялал жуулчлалын тандан судалгааны төв, “Их түмэн голын санаачилга” төсөл, манай талаас ГХЯ, ЗТХЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар, МИАТ ХК, хил орчмын аймгуудын Засаг дарга нар болон тур оператор компаниудын төлөөлөл оролцсон томоохон хуралдаан болсон. Хуралдаанаар хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг хэлэлцэж, зөвхөн Улаанбаатараар бус Ховд, Увс, Өмнөговь, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгаас хөрш орнууд руу нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, томоохон хотуудад гурван улсын аялал жуулчлалын мэдээллийн төвийг туршилтаар байгуулах, аялал жуулчлалын шинэ брэнд бүтээгдэхүүнүүд бий болгох тал дээр санал нэгдэж, протокол үйлдлээ.
-Саяхан та Засгийн газраар аялал жуулчлалын чиглэлийг батлуулсан байх аа. Жилд 1 сая жуулчин хүлээж авах бэлтгэл хангадаж эхэлж байна гэж харж болох уу?
-Тийм, Засгийн газрын зургаадугаар сарын 13-ны хуралдаанаар Монгол Улсын аялал жуулчлалын чиглэлийг батлуулсан. Аялал жуулчлалын гол чиглэл болон хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын чиглэлийг батлуулснаар манай улсад ирэх жуулчдын тоо давтамжтайгаар өсөх нөхцөл бүрдэх юм. Засгийн газар 2020 он гэхэд манай улсад жилд ирэх жуулчны тоог нэг саяд хүргэж, нэг тэрбум хүртэл ам.долларын орлого олох зорилт тавьсан. Үүний тулд гурван жилийн хугацаанд жуулчдын тоог тогтмол 30 хувиар өсгөх шаардлагатай юм.Холбогдох яам, агентлаг, холбогдох газар гадагшаа чиглэсэн сурталчилгаа, маркетингийг эрчимтэй явуулах, нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдын аюулгүй, ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлснээр энэхүү зорилгодоо хүрч чадна. Өнгөрсөн онд манай улс 470 гаруй мянган жуулчин хүлээж авсан нь 2016 онтой харьцуулахад 14 хувь, аялал жуулчлалаас 400 гаруй сая ам.доллар олсон нь өмнөх оныхоос 20 хувиар өссөн тооцоо байна.
-Наадмын өмнөхөн Аялал жуулчлалын холбооноос наадмын нээлтийн тасалбарын хүрэлцээ жуулчдад хангалтгүй байгаа талаар мэдээлэл хийсэн шүү дээ?
-Үндэсний баяр наадам, олон нийтийн болон тив, дэлхий, олон улсын чанартай арга хэмжээнүүдийг зохион байгуулах томоохон цогцолбортой болох зорилгоор “Монгол наадам цогцолбор” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсан. Тус цогцолбор маань Хүй 7 худагт 30 мянган хүний суудал бүхий цэнгэлдэх хүрээлэнг барих төлөвлөгөөтэй ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Удахгүй монголчууд бид 10 мянган хүний суудалтай морь бариа, сур харвааны задгай асар, шагайн харвааны битүү асар, морин тойруулга, жороо морины цэнгэлдэхтэй болно.
-Та ярилцлагын эхэнд “Хандлагаа өөрчилье” санаачилгын тухай цухас дурдсан. Энэ талаар тодруулна уу?
-Сайд болсныхоо дараа хийх ажлуудаа нэгтгэж хараад байгаль орчин, аялал жуулчлалын салбарын ажлыг хийхийн тулд нэн тэргүүнд оролцогч талуудын асуудалд хандах хандлагыг өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодсон. Ингээд байгаль орчинд хандах “Хандлагаа өөрчилье” санаачилгыг дэвшүүлээд хэд хэдэн ажил хийж эхлээд байна. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн Эко клубын сурагчдын дунд “Ногоон паспорт” аяныг амжилттай зохион байгууллаа. Ирэх 9 дүгээр сараас энэхүү аян маань улс орон даяар хэрэгжиж эхлэх юм. Аяны зорилго нь өрх бүрт өсвөрийн байгаль хамгаалагч бий болгох. Эко клубын сурагчдын анхдугаар чуулган, эко клубын багш нарын анхдугаар чуулганыг амжилттай зохион байгуулж, идэвхитэй оролцсон багш, сурагчдыг урамшуулсан. Хүүхдүүд маань идэвхитэй байгаа. Монголын ирээдүй болсон хойч үе маань байгаль эх дэлхийгээ хайрладаг болж өсөх, тэднээр дамжиж гэр бүл нь зөв дадалтай болж төлөвших нь энэхүү аяны үр дүн юм.
Манай салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд ч хандлагаа өөрчлөхийг санал болгож байгаа. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдтай хамтран уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх компанийн мэдээллийн санг бий болгож, цахимжуулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд тухайн компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг цаашид сунгах эсэхийг нийгмийн даатгал, татвар төлөлт, иргэдийн гомдол зэрэг дээр тулгуурлан ил тод шийддэг болох юм. Мөн байгаль хамгаалагчдыг энгэрийн камер, дроне зэрэг дэвшилтэт технологиор хангахаар ажиллаж байна. Ан агнуурын зөвшөөрлийг ч нээлттэй дуудлага худалдаагаар оруулахаас эхлээд монголд буусан жуулчин утаснаасаа аялалын чиглэлээс эхлээд бүхий л мэдээллийг авдаг болгох үүднээс тусгай аппликейшнтэй болгохоор ажиллаж байна.
Эх сурвалж: БОАЖЯ