Шинэ аварга, даян мэргэн төрсөн сайхан наадам боллоо.
Хур бялхсан энэ жилийн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 512 бөх хүч сорьсноос улсын арслан Н.Батсуурь улсын аварга Ч.Санжаадамбаар ес давснаар улсын аварга цолыг хүртлээ. Тэрбээр Монгол Улсаас төрж буй 23 дахь, Увс аймгаас төрж буй дөрөв дэх аварга боллоо.
Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаар Н.Батсуурь улсын харцага Б.Пүрэвсайханаар найм даван шөвгөрч чимэг нэмэхэд “Түрүү авах бөх” гэж наадамчин олон үнэлсэн нь ийнхүү биеллээ олов.
Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба аварга цолоо хамгаалж, найм даван үзүүрлэлээ.
Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяраар наадмын түрүү авч, улсын заан цолноос шууд аварга цолтон болж байсан түүхтэй.
Наадамчин олон түүнийг үзүүр, түрүү булаалдах бөхийн нэг гэж харж байсан нь алдсангүй, шөвгөрөв.
Энэ жилийн наадамд Хангай нарын бөхчүүдийг урамтай сайхан барилдаж, цолоо ахиулна гэж бөх сонирхогчид харж байсан ч санаснаар болсонгүй. Харин аймгийн цолтой бөхчүүд урамтай сайхан барилдаж, улсын цолтой бөхчүүдээс дутуугүй бэлтгэл хангаснаа харуулж, цолонд хүрлээ.
Начин цолтон зургаа төрөв
Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, “Өрмөн уул” ХХК, “Жавхлант” дэвжээний бөх Баярсайханы Батжаргал
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Тавантолгой” ХК, Онцгой байдлын Ерөнхий газрын бөх Шоовдорын Дарханбат
Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, Хилийн цэргийн 0208-р ангийн бөх Цогбадрахын Бямба-Очир
Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Сод монгол” групп, Зэвсэгт хүчний 034-р ангийн бөх Дашзэвэгийн Амаржаргал
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, ТЭЦ-4 ТӨХК, “Импрайлд Гоулд Майнинг” ХХК, “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын 435-р ангийн бөх Батбаярын Даваа-Очир
Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 0339-р анги, Хонгор нутаг дэвжээний бөх Дашдоржийн Цэрэнтогтох.
Харцага цолтон гурав төрөв
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Монгол шуудан” ХК, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 013-р ангийн бөх Шарын Мөнгөнбаатар
Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Хаан даатгал” ХХК, “Даян” дэвжээ, Зэвсэгт хүчний 325-р ангийн бөх Төрмөнхийн Бэгзсүрэн
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо.
Хурдан морь
Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морины тоймыг хүргэж байна.
Азарга
Азарганы уралдаанд 201 азарга бүртгүүлснээс 153 азарга гараанаас гарч уралдсан.
- Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат Б.Баттөрийн халиун азарга энэ жилийн наадмын түрүү магнайд хурдаллаа.
- Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Монгол улсын тодманлай уяач О.Батбилэгийн хүрэн халзан азарга,
- Айргийн гуравт Төв аймгийн Баянцагаан сумын уяач Д.Баянбатын хонгор азарга,
- Айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул,Нэргүйн Атарбаярын зээрд азарга,
- Айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын алдарт уяач Д.Ганхуягийн хар азарга тус тус орлоо.
Их нас
Их насны морьдын уралдаанд 384 хүлэг бүртгүүлсэн ч 339 их насны морьд шандас шалгасан.
- Түрүү магнайд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат Шаравын Мөнгөншагайгийн залуу зээрд,
- Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн харьяат Батсайханы Саянсанаагийн хээр зоос морь,
- Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан морь,
- Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн дөрвөлжин морь,
- Айргийн тавд Говь-Алтай аймгийн уугуул, МАКС группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын хүрэн саран дэвсгэртэй хос арвай морь давхиж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.
Соёолон
Соёолон насны морьдын уралдаанд 280 морьд бүртгүүлснээс 240 соёолон уралдлаа.
- Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач Цэрэндоржийн Амарсанаагийн хүү Билгүүдэйн хонгор халзан үрээ,
- Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар үрээ,
- Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Доржпүрэвийн Ганхуягийн хээр үрээ,
- Айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын Загджавын Мэндсайханы хонгор үрээ,
- Айргийн тавд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын Гончигийн Хадхүүгийн хар үрээ давхиж, унасан хүүхэд, уясан эзнээ баясгалаа.
Даага
Дааганы уралдаанд газар газрын 261 даага бүртгүүлж 112 даага гарааны зурхайгаас эргэсэн.
- Түрүү магнайд Сүхбаатар аймгийн Халзан сумын Нэргүйн Баярхүүгийн зээрд даага,
- Аман хүзүүнд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Төмөрхүрээгийн Төрмөнхийн зээрд даага,
- Айргийн гуравт Ховд аймгийн Мянгад сумын Батсуурийн Энхбаярын хээр даага,
- Айргийн дөрөвт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Батбаярын хээр даага,
- Айргийн тавд Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Норовсамбуугийн хурдан буян шандас сорьж, наадамчин олноо баясгалаа.
Хязаалан
- Хязаалан насанд 345 үрээ бүртгүүлснээс 236 нь тоосоо өргөв.
Түрүү магнайд УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хүрэн үрээ
Аман хүзүүнд Монгол Улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын зээрд
Айргийн гуравт Увс аймгийн Тэс сумын уяач Ц.Дамдин-Ядамын цоохор
Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач З.Шижирбатын бор халзан
Айргийн тавд Төв аймгийн Баян сумын харьяат Б.Нямжавын халтар хязаалан хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа
Шүдлэн
- Шүдлэн насны морьдын уралдаанд 308 ажнай бүртгүүлснээс 201 нь хурдлав
- Түрүү магнайд Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайн бор шүдлэн
- Аман хүзүүнд Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун
- Айргийн гуравт Сүхбаатар аймгийн уяач С.Гантөмөрийн хул
- Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн уяач Д.Очирсүрэнгийн хул
- Айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач О.Батболдын хээр хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа
Сур харваа
Ардын хувьсгалын 97 жилийн үндэсний их баяр наадмын сурын харваанд газар газраас хуран цугларсан 580 эрхий мэргэн харваачид цэц мэргэнээ сорин шилдэг харваачид тодорлоо. Энэ жилийн сурын харваанд улсын цол зэрэгтэй 240 харваач оролцсоноос гадна шинэ залуу харваачид оролцлоо.
Эрэгтэйчүүдийн төрөл:
- Нэгдүгээр байр, Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Засагт хан клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Б.Дашзэвэгт Монгол Улсын “Мэргэн” цол /37 оноогоор/
- Хоёрдугаар байр, Баян-Өлгий аймгийн Алтай сумыг уугуул, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн харваач, Монгол Улсын спортын дэд мастер Х.Цогбаяр Монгол Улсын ‘Гарамгай’ харваач цолыг биелүүллээ. /35 оноогоор/
- Гуравдугаар байр, Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын спортын дэд мастер Н.Алтансүх Монгол Улсын ‘Гоц’ харваач цолны болзлыг хангалаа./ 35 оноогоор/
- Дөрөвдүгээр байр, Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, ‘Алдар ЖЕМ’ багийн харваач, Монгол Улсын спортын мастер Н. Алтантулга шалгарлаа. /35 оноогоор/
- Тавдугаар байр, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, Мондэ багийн харваач, Монгол Улсын мэргэн Х.Болдбаатар шалгарлаа. /35 оноогоор/
Эмэгтэйчүүдийн төрөл:
- Нэгдүгээр байр, Увс аймгийн тэс сумын уугуул, ‘Алдар ЖЕМ’ багийн харваач, Монгол Улсын мэргэн Д.Норжмаа 11 жилийн дараа төрийнхөө их баяр наадамд дахин түрүүлж Монгол Улсын “Даян мэргэн” цолны болзлыг хангалаа. /37 оноогоор/
- Хоёрдугаар байр, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Мэргэн зэв багийн харваач, Монгол Улсын мэргэн Г.Батзаяа шалгарлаа./36 оноогоор/
- Гуравдугаар байр, Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, Мондэ багийн харваач, Монгол Улсын гарамгай харваач Ч. Гандаваа шалгарлаа. /33 оноогоор/
- Дөрөвдүгээр байр, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын уугуул Хилчин спорт хорооны харваач Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Г.Энхмандах 33 оноогоор шалгарлаа. Тавдугаар байр, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын уугуул Дорноговь аймгийн харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Э.Сайханчимэг шалгарав. /32 оноогоор/