ОХУ-д бүтэн сарын турш үргэлжлэн явагдсан хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /2018.07.15/ өндөрлөлөө.
21 дэх удаагийн ДАШТ-ийг оросууд өндөр түвшинд зохион байгуулсныг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос үнэлсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ удаа нээлт болон хаалтын тоглолтыг үзэж сонирхлоо.
Москва хотын “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд зургадугаар сарын 14-д ОХУ, Саудын Арабын тоглолтоор ДАШТ эхэлж байсан юм. Энэхүү тоглолтыг Путин хүндэтгэлийн суудалд Саудын Арабын ханхүү Мухамед бен Салман болон Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ж.Инфантинигийн хамтаар үзсэн билээ.
Тэгвэл өчигдөр /2018.07.15 / Владимир Путин хаалтын тоглолт болох Франц, Хорватын тоглолтыг хүндэтгэлийн суудалд тухлан сууж үзлээ. Энэ удаа Франц, Хорватын Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирж баг тамирчдаа дэмжсэн юм. Путиний хувьд нээлтийн тоглолтыг бодвол илүү олон сонирхолтой зочдын дунд тоглолтыг үзэж, шагналыг гардуулсан.
Хорватын Колинда Грабар Китраович энэ удаагийн хүндтэй зочны нэг яах аргагүй байсан юм. Учир нь ОХУ, Хорватын шигшээ баг шөвгийн наймд учраа таарахад хорватчууд ялалт байгуулсан. Энэхүү тоглолтыг Хорватын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Колинда үзэж, баг тамирчдадаа томоохон урмыг өгсөн. Энэ эрчээрээ хорватчууд финалд үлдэж, түүхэн амжилт үзүүлсэн юм.