Наадам болдгоороо болж, шинэ аварга, шинэ хурдууд, шинэ мэргэд төрөн гарлаа. Наадамчин олон өнгөлөг гоёхон хувцсаараа гангаран гэр бүлээрээ Төв цэнгэлдэхээ гороолон хуушуураа идэж санаа нь амарлаа. Одоо ингээд есдүгээр сар хүртэл Монгол даяараа ажин түжин амарцгаана.
Өвөл болохоор хүйтэрдэг учраас нүүрсээ түлээд эхлэнгүүт утаагаа санаж, хавар болоод цаг уярангуут улаанбаатарчууд утаагаа мартдаг. Үүнтэй ижил наадам дөхөнгүүт санаад наадам өндөрлөнгүүт мартдаг хоёр гурван сэдэв бий. Энэ нь наадмын тасалбар, наадмын нээлт, бөхийн найраа. Энэ жил ч мөн адил наадмын өмнөх хэд хоногт дээрх сэдвүүдээр шуугиж аваад одоо бүгд мартан амралтаа аван хөдөө нутгийг зорьцгоолоо. Дараа жилийн наадмын өмнө дахиад л энэ сэдвүүд сөхөгдөх болно.
Наадам гэдэг бол Монголын үндэсний том брэнд. Наадмыг брэнд болгох тал дээр хувь нь ч, хувьсгал нь ч өнөөг хүртэл ажиллаж ирсэн нь үнэн. Бас өнөөг хүртэл хувь нь хувьдаа, хувьсгал нь хувьсгалдаа л ажиллаж ирсэн нь үнэн. Наадмыг ёс төртэй зохион байгуулах нь төрийн үүрэг мөн боловч наадмаар дамжуулан улсаа сурталчилж, бизнесээ өргөжүүлж байгаа хувийн хэвшлийн аль аль нь сэтгэл хангалуун байх хувилбарыг ярилцах цаг хэдийн болжээ. Аялал жуулчлалын компаниудын сүүлийн жилүүдэд тавьж байгаа гомдол төрийн төмөр нүүр мөргөөд удаж байна. Угаасаа улирлын чанартай жуулчны сезоны оргил үе нь наадам. Наадмаар Монголыг зорьж байгаа жуулчдын 90 хувь нь наадмын нээлт үзэх сонирхолтой. Наадмаар Монголд ирж байгаа 10 жуулчны найм нь наадмын нээлт үзэх хүсэлтэй ирдэг гэдгийг Монголын Аялал жуулчлалын холбооныхон мэдэгдсэн.
Гэтэл Төв цэнгэлдэх нь ганцхан. Наадмын нээлт нь ч ганцхан удаагийнх. Нэгэнт төсөв мөнгө, хүн хүч зараад бэлтгэсэн наадмын нээлтийг зөвхөн жуулчдад зориулан наадмын дараах өдрүүдэд хийж болохгүй гэх газаргүй. Мэдээж Ерөнхийлөгчийн нээлтийг үг хэлэх ёслолыг хасаад, болохгүй бол бичлэгийг нь том дэлгэцээр үзүүлсэн ч болно шүү дээ. Наадмын тасалбарын албан тушаал, эрх ямбаараа үнэгүй олж авдаг хүмүүс нь 11, 12-ндоо Төв цэнгэлдэхдээ наадмаа үзнэ л биз. 11-ний тасалбар олж чадаагүй монголчууд ч гэсэн наадмын нээлтийн ёслолыг дараа нь үзэх нь тасалбарыг шагийн үнээр авч байснаас л дээр.
Төв цэнгэлдэхийн суудлын тоог нэмэх, эсвэл шинэ цэнгэлдэх барих саналыг тавьдаг ч энэ тийм ч оновчтой шийдэл болохгүй. Учир нь, одоо байгаа ганц Төв цэнгэлдэх хүрээлэн жилдээ ердөө ганц удаа наадмын хоёр өдөрт л бүрэн хүчин чадлаараа ажилладаг. Гэхдээ 11-ний өдрийн нээлт, 12-ны өдөр үдээс хойшдоо буюу бөхийн барилдааны тавын даваанаас хойш л дүүрдэг. Ийм байхад шинэ цэнгэлдэх бариад ашигтай ажиллуулахгүй л юм бол хоосон сав бариад хэрэггүй. Яармаг дахь Спортын шинэ ордныг хэрэгтэй, хэрэгтэй гэж хятадуудаар бариулсан ч одоо бараг ашиглахгүй байгааг бүгд мэднэ. Төв цэнгэлдэхийн суудлын тоог нэмэх хувилбар байж болох ч нэгэнт суудлын тоог нэмэхээр шийдэж хөрөнгө мөнгө гаргахаар бол нэгмөсөн дээвэртэй болгосон зөв. Гэвч Төв цэнгэлдэхийн 51 хувийг иргэн Т.Нямдаваа, үлдсэн 49 хувийг хот эзэмшдэг. Тиймээс энэ хоёр тал хэрхэн яаж тохиролцохоос одоогийн Төв цэнгэлдэхийн өргөтгөх эсэх шалтгаална. Тэгээд ч 1959 онд баригдсан Төв цэнгэлдэх хүрээлэнг додомдох биш нураагаад шинийг барьсан нь бараг дээр биз.
Уг нь одоогоос гурван жилийн өмнө Хүй долоон худагт “Монгол наадам цогцолбор” барьж, наадмыг тэнд явуулдаг болно гэсэн төрийн шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэр аль шатандаа явааг мэдэхгүй, ямар ч байсан наадам уламжлалт газраа зохиогдсоор буй.
Монголын аялал жуулчлалын холбооны мэдээлснээр Монголд зуны улиралд ирэх жуулчдын тоо жилд дунджаар 15-20 хувиар нэмэгдэж байгаа ажээ. Ирсэн жуулчдад хүссэн зүйлийг нь үзүүлээд буцаах нь Монголд ирэх жуулчдын урсгалыг нэмэх ач холбогдолтой. Мэдээж дотооддоо үлдэх эдийн засгийн үр өгөөжийг мартаж болохгүй.
Холбоотой мэдээ