Ээлжит бус чуулганы жинхэнэ бай нь Засгийн газар уу?

Хуучирсан мэдээ: 2018.07.15-нд нийтлэгдсэн

Ээлжит бус чуулганы жинхэнэ бай нь Засгийн газар уу?

Ээлжит бус чуулганы жинхэнэ бай нь Засгийн газар уу?

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 25 гишүүн гарын үсэг зурж, ээлжит бус чуулган зарлуулах хүсэлтээ долдугаар сарын 10-ны өдөр УИХ-ын даргад хүргүүлсэн. Хуулийн дагуу УИХ-ын гишүүдийн 3/1 буюу 25 гишүүн ээлжит бус чуулган зарлах санал гаргавал, УИХ-ын дарга 14 хоногийн дотор хариу өгөх учиртай. Тодруулбал, Үндсэн хуулийн 27-р зүйлийн 3-т “УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар эсхүл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно” гэсэн заалт  бий.  Энэ тохиолдолд УИХ-ын гишүүдийн 3/1 буюу 25 гишүүн гарын үсэг зурсан учраас ээлжит бус чуулганыг товлон хуралдуулахаар болж байгаа юм. Мөн Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг УИХ-ын дарга товлох бөгөөд захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг хэлэлцэх ёстой.

Ээлжит бус чуулган хуралдуулах хүсэлт тавьж буй гишүүдийн зүгээс АТГ-ын даргын мэдээллийг сонсох, 60 тэрбумтай холбоотой асуудалд цэг тавих гэсэн зорилго агуулж байгаагаа хүсэлт өгөхдөө хэлж байсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбумын хэрэг, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан зэрэг өнгөрсөн хугацаанд замхарсан бүхий л хэргийг УИХ -аар хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн 25 гишүүний гарын үсэгтэй албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлж байна” гэж тодотгосон. Гэхдээ ээлжит бус чуулганы цаад учиг, жинхэнэ зорилго нь У.Хүрэлсүхийн танхимыг ганхуулах байх вий таамаг улс төрийн хүрээнд яригдаж эхэллээ.

65 суудалтай, үнэмлэхүй олон болсон МАН-ыг Засгийн газраа хамгийн тогтвортой байлгах болов уу гэсэн хүлээлт сонгогчдын дунд байсан. Гэвч шинэ Засгийн газар байгуулагдаад нэг жил хоёр сарын дараа буюу одоогоос нэг жилийн өмнө  Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахаар 31 гишүүн гарын үсэг цуглуулж байлаа. Үндэсний их баяр наадамтай зэрэгцэн Засгийн газрыг огцруулах асуудал хөндөгдөж, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан толгойлж байсан. Ингэхдээ, “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат томилогдсоноос хойш явуулж байгаа үйл ажиллагаа, гаргасан шийдвэрүүд нь эрх ашгийн зөрчилтэй байна. Хүүхдийн мөнгийг хүүхэд болгонд ижил тэгш олгохгүй байх шийдвэр гаргасан. Сонгуулийн үеэр Монголын төрд шударга ёсыг тогтооно гэсэн. Гэтэл нэг жилийн дотор хэнд ч хариуцлага тооцсонгүй. Тухайлбал, Монголбанк, Хөгжлийн банкны асуудалд мөн л хайнга хандлаа. Офшорын тухай хууль анх өргөн баригдахдаа офшорчдыг хамгаалсан хууль болсон. Энэ хуулийг Засгийн газраас өргөн барьсан. Концессын асуудал гэх мэт Засгийн газраас олон хууль тогтоомжийг ард түмний биш цөөн хэдэн бүлэглэлийн эрх ашигт нийцүүлэн баталж шийдвэр гаргалаа” гэж байв.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ч гарын үсэг зурж байв. Харин энэ удаад 60 тэрбумын хэрэг дээр дөрөөлж, Засгийн газрыг ганхуулах вий гэсэн таамаг олны дунд бий. Ялангуяа, Засгийн газрын зарим нэг сайд нарт хариуцлага тооцох, ажлаа хийж чадахгүй байгаа сайдыг явуулах ёстой гэдгийг хаврын чуулганы үер МАН-ын бүлгийн гишүүд хэлж байсан удаатай. Хэрэв ээлжит бус чуулганы цаад зорилго нь Засгийн газар, У.Хүрэлсүхийн танхим бол дараагийн Засгийн газрыг хэн толгойлох вэ, танхим нь ямар бүрэлдэхүүнтэй байх вэ гэх мэт олон таамаг хөвөрнө. 

Гэхдээ Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь бус тодорхой хэдэн сайд нарт хариуцлага тооцож магадгүй гэсэн бор шувуу хаврын чуулган хаахтай зэрэгцэн Төрийн ордноор эргэлдэх болсон.

Ямартай ч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн санаачилсан ээлжит бус чуулган 60 тэрбумын хэрэг, “Оюутолгой”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалсан зэрэг ажлын хэсгийн дүгнэлт, өнгөрсөн хугацаанд замхарсан бүхий л хэргүүдэд цэг тавих зорилгоо биелүүлж чадвал МАН эвтэй байна гэж дүгнэж болно. Харин ээлжит бус чуулган сэдвээсээ хазайвал МАН эвлэж чадахгүй байсаар гурав дахь Засгийн газрын нүүрээ үзэх эсвэл У.Хүрэлсүхийн танхимд сэлгээ хийгдэх болох нь. УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлах эсэх шийдвэрээ гаргаагүй, товлоогүй хүлээгдэж байна. Баяр наадам, амралт зугаалгын цагтай зэрэгцэн УИХ-ын даргын шийдвэр ирэх өдрүүдэд өрнөх улс төрийн халуун сэдэв байх болов уу.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж